сонин mn
  “Ковид” – Төр ба бид
 
За тэр дэлхийн геополитик, байгаль орчны бохирдол, хүн амын хэт ѳсѳлт энэ тэр гэж ярихаа болиод зүгээр л ѳѳрт тусч буй мэдрэмжээрээ хэлэхэд энэ корона вирус хэмээх цар тахал биднийг үнэхээр ѳѳрчилж байнаа.
 
 
 
*КОВИД ба ЭРХ ЧѲЛѲѲ
 
 
 
Хэд хэдэн удаа гэртээ карантилагдав. Цонхоороо хааяа хааяа гадагшаа харна, хүмүүсийн хѳл хѳдѳлгѳѳн үгүй болохоор “үхмэл хот” мэт таагүй. Унтах гэж орондоо хѳрвѳѳнѳ, заримдаа унтах боловч хааяадаа нойр хүрэхгүй. Биеэрээ дѳрвѳн хананы дунд хоригдоход бодол санаа ч хязгаарыг давж чадахгүй мэт сэтгэл давчуу. Босоод хѳргѳгчѳѳ уудалж жаахан идэх юм олж идэвч хэсэг хугацааны дараа дахиад л ѳлсѳх шиг ѳлѳн мэдрэмж. Диван дээр сууж зурагтаа асаан үзэх юм хайж хамаг сувгуудыг эргүүлнэ, тогтож тухалж чадахгүй мэт тогтворгүй. Гар утсан дээрээ хэрэгтэй хэрэггүй олон мэдээлүүдийг анхандаа анхааран сонирхох авч муу мэдээллүүд дунд сэтгэл улам ихээр тавгүйтээд байгаагаа анзаардаг. Олон олон ийм ѳдрүүдийн дараа амарч буй мэт мѳртлѳѳ  ядраад буй мэт таагүй мэдрэмжээ анзаардаг. Би юуг илүү ойлгосон гээч!!!
 
-Хувь хүний эрх чѳлѳѳ гэдэг ямар их үнэ цэнэтэй гэдгийг
 
-Хүмүүс бид бие биенгүйгээр хэн ч биш гэдгийг
 
-Байгаль, ан амьтад болон шувууд, бас ургамал цэцэгсийг яагаад хайрлах ёстой гэдгийг
 
-Аюулт ѳвчин тахлын дэргэд бид дэндүү ѳчүүхэн гэдгийг
 
-Энэ амьдралд тийм их зүйл хэрэгтэй юу? гэдгийг
 
-Ѳѳртѳѳ байгаа болон дэргэдээ байгаа үнэт зүйлүүддээ бид ямар хайхрамжгүй ханддаг гэдгийг
 
анзаарч ойлгов. Ѳчигдѳр бидний дэргэд байсан хүн ѳнѳѳдѳр байхгүй болоход ѳѳртѳѳ үлдсэн эрх чѳлѳѳгѳѳ бас боломжуудаа гэнэт анзаардаг. Ѳвчин зовлон хэцүү үзэгдэл мэт санагдавч, ухаараад анзаарах ахул сайн талтай. Тэгэхээр бүх зүйлийг заавал хоёр талаас нь ажин дүгнэж байх хэрэгтэй мэт…
 
 
 
*КОВИД ба ТѲР
 
 
 
Татвар тѳлѳгч бидний мѳнгѳѳр санхүүжиж байдаг Монголын Тѳр энэ хугацаанд ѳѳрийн үүргээ хэр чадлаараа биелүүлэв. Тѳр гэхээр дандаа буруутган харааж зүхэж байдаг бидний хувьд, зѳвхѳн муу талыг ч биш сайн талыг нь харьцуулан мэдэрч байвал зүгээр.
 
Сайн талууд нь:
 
1.     2020 оны 11 сарын 1 нээс 2021 оны 7 сарын 1 хүртэл бүх айл ѳрхүүд болон аж ахуйн нэгжүүдийн халуун хүйтэн ус, цахилгаан, дулааны үнийг Тѳр хариуцаж байгаа. “Эрдэнэт” үйлдвэр энэ мѳнгийг хариуцаж байгаа нь уул уурхайн баялгийн ашгийг ард олонд ашигтайгаар хүртээж буй сайн үйлдэл
 
2.     Хорио цээрийн дэглэмийн үед түр аргацаах тѳдийгээр бус, алсдаа  сэргэн хѳгжих боломжуудыг тооцоолж “10 их наядын хѳтѳлбѳр” боловсруулан хэрэгжүүлж байгаа нь жижиг эдийн засгаа алдагдал багатай авч үлдэх бодит оролдлого мѳн
 
3.     Ѳнгѳрсѳн намраас хүүхэд бүрт сар болгон 100 000 тѳгрѳг олгож байгаа нь амаргүй энэ үед хүүхэдтэй айл ѳрхүүдийн амжиргаанд бодит дэм болж байгаа
 
4.     Саяхан “Оюутолгой”-н уурхайн татварын орлогын үлдэгдлээс иргэд бүрт тараасан 300 000 тѳгрѳг нь мѳн л уул уурхайн баялгийн ашгаас иргэд бүртээ тэгш хүртээсэн сайн жишээ
 
5.     Хэдийгээр дэлхий нийтийн хэмжээнд амаргүй байгаа, ѳѳрсдѳѳ вакцин үйлдвэрлэдэггүй боловч иргэдээ сонголттойгоор вакцинжуулж амжиж байгаа нь Тѳр үүргээ биелүүлж байгаа сайн үйлдэл
 
 
 
Муу талууд нь:
 
 
 
1.     Хэдийгээр намууд ѳѳр хоорондоо буруутгадаг хэдий ч манай Тѳрийн тогтолцоо давхардал ихтэй, буруу бүтэцтэй байгаа нь анзаарагдаж байв
 
2.     Ямар нэгэн буруу үйлдлийнхээ тѳлѳѳ хүлээдэг хариуцлагын тогтолцоо ойлгомжгүй, зусрын шинжтэй, ялгавартай байгаа нь маш муу үзэгдэл байна
 
3.     Тѳрийн албаны дунд доод шатны ажилтнууд нь ѳѳрийн мэдэлгүй, зѳвхѳн дээрээс ѳгсѳн үүрэг даалгаврыг биелүүлдэг “Амьгүй албат” маягийн шинжтэй байгаа нь анзаарагдаж байна
 
4.     Шийдвэр гаргахдаа иргэддээ ойлгомжтой, тэдэнд амар хялбар байх боломжийг тооцож чадахгүй байгаа нь, сэтгэл дутуу бас амьдрал мэддэггүйн жишээ мэт
 
5.     Шийдвэр гаргахдаа судалгаанд суурилсан шинжлэх ухаанч байж чаддаггүй улмаас ѳѳрсѳддѳѳ итгэлгүй, эргэж буцсан, сошиал шүүмжлэлээс айж зохицуулдаг байдал илэрхий ажиглагдаж байна
 
 
 
Цар тахлын үед бодитоор анзаарагдаж байгаа эдгээр сул талууд нь цаашдаа Тѳрийн албаны стандартаа тодорхой болгох, ажилтан мэргэжилтнүүдээ чадваржуулах, шийдвэр гаргах түвшиний давхардлаа арилгах, хариуцлагын тогтолцоогоо чангатгах боломж мѳн. Аль нам Тѳрийн эрх барьж байгаагаас үл хамааран, яг л цагийн механизм шиг ажилладаг Тѳрийн албаны бүтэц тогтолцоог бий болгох нь бидний айдасгүй, амар амгалан амьдрах баталгаа мѳн юм байна.
 
 
 
*КОВИД ба БИД
 
 
 
Ѳѳ тэгээд энэ ковид монголчууд бидний мѳн чанар хийгээд худал үнэнийг нилээд ялган харуулж байна шүү. Ухамсартай, тэвчээртэй сайн хүмүүс олон байгаа боловч аливаад “мал” шиг ханддаг хүмүүс тэднээс цѳѳнгүй байгаа.
 
 
 
Сайн тал нь:
 
 
 
-Яг цагаа тулахаар монголчууд бид ѳѳрсдийн эрүүл мэндээ анхаарч чаддаг, ухамсартай байж чаддаг ард түмэн юм. Одоо хүн бүхэн маскаа зүүж хэвшилээ
 
-Хүнд хэцүү цагт бие биедээ санаа тавьж, ѳѳрийн боломжоороо тусалж дэмжиж чаддаг ард түмэн юм.
 
-Хэрвээ шийдвэр нь ойлгомжтой, яагаад үүнийг заавал дагаж мѳрдѳх шаардлагатайг зѳвѳѳр тайлбарлаж чадвал Тѳрѳѳ хүндэтгэн дээдлэх уламжлалт сэтгэлгээ нь байсаар байна
 
-Aливаад хурдан дасан зохицдог, хүлээцтэй тэвчээртэй ханддаг нүүдэлчин уламжлалаас бидэнд үлдсэн сайн чанарууд байсаар байгаа нь анзаарагдаж байна
 
 
 
Муу тал нь:
 
 
 
-Хѳл хорих шийдвэр гарсан дор адган тэвдэж, дэлгүүрүүдийг хоослох шахан хүнсээ цуглуулдаг муухай араншин байнаа. Хѳл хорионы үед хүнсний дэлгүүрүүд хэвийн ажиллана гэж мэдээлээд байхад шүү дээ. Бие биенээсээ дутчих вий гэсэн ѳлѳн зан юм уу даа
 
-Дугаарлаж үнэхээр сурахгүй юм аа. PCR шинжилгээ ѳгѳхѳд ч вакцин хийлгэхэд ч, автобусаар зорчиход ч заавал хэн нэгний ѳмнүүр зүтгэж овооролдон шавааралдана. Бидний байнга уралдаж, бие биетэйгээ ѳрсѳлдѳж байдаг адбиш хүслийн шинж юм уу даа
 
-Ямар нэгэн шийдвэрийг дагаж мѳрдѳх гэхээсээ, ѳѳртѳѳ ашигтай байдлаар “аргалах”, дүрэм журмыг зѳрчиж болно гэдэг сэтгэлгээ амь бѳхтэй оршижээ. Бараг тэр үйлдлээрээ бахархах, бусдад гайхуулах тѳлѳвтэй. Дээрээ хариуцлага хүлээдэггүй байдал нь барьцах сэтгэлгээг хѳгжүүлдэг бололтой
 
-Аливаа үйлдлийн бурууг ѳѳрѳѳсѳѳ биш, бусдаас тэр тусмаа Тѳрѳѳс хайж, буруутгадаг араншин байна. Уг нь тэр хүний амь нас ѳѳрийнх нь боловч, хариуцлага болон халамж нь Тѳрийн үүрэг гэж боддог олон хүмүүс байсаар байна. Утга учиргүй олон халамжийн үйлчилгээ нь Тѳрийг буруутгах шалтаг нь болдог аж.
 
-Эргэж буцсан, тууштай биш олон шийдвэрүүдийн улмаас бусдад итгэлгүй хандаж, байнга сэрдэх хардлагатай болж орхиж. Үүнд сошиалд ѳѳрсдийгѳѳ “ОД” гэж бодсон цѳѳн биш хүмүүсийн “сэвэлт” нэмэр болдог аж. “За даа энэ ч худлаа даа, биднийг ингэж тэнэгтүүлж байгаад дээдчүүл залилан хийж л байгаа” гэсэн хардлага дуусахгүй
Юунд итгэх юунд итгэхгүйдээ эргэлзэж байгаа олон нийтэд зѳв мэдээлэл ѳгч, сайн тал руу нь чиглүүлж байх үүрэг хэвлэл мэдээлийнхэнд болон ТВ-үүдэд бий. Энэ үүргээ сайн биелүүлэхгүй байнаа, энэ салбарынхан. Яг үнэндээ “Монгол ТВ”-ийн “Авьяаслаг монголчууд”, “Войс”, “Шарк Танк”, “Апперентис Монгол”, “Ододтой бүжиглэе” зэрэг дэлхийн хэмжээний шоу нэвтрүүлгүүд монголчуудын сэтгэлд урам нэмж тэдэнд сайнаар нѳлѳѳлж байгаа.
 
 
 
*ТѲГСГѲЛД НЬ:
 
 
 
“Эрэлхэг цэрэг Швейк”-ийн хэлдэгчлэн “Аливаа муу зүйлүүд дандаа сайн тал руугаа чиглэж явдаг” гэдэг үнэн. Энэ ковид бидний олон сайн муу талуудыг харуулж, олон сайн муу боломжууд руу хѳтѳлж байгаа. Энэ уршигт тахал биднээс тэгтлээ холдолгүй олон жил ч болж магадгүй. Тэгэхээр монголчууд бид сайн тал руугаа ѳѳрчлѳгдѳх хэрэгтэй болж байна.
 
 
 
1.     Бие биенээ ойлгож урьдынхаас илүү хайрлацгаая. Ѳнѳѳдѳр хамт байгаа хэн нэгэн маргааш байхгүй болж магад шүү дээ
 
2.     Байгаль дэлхийгээ болон орчин тойрноо хайрлаж хамгаалцгаая. Энэ бүх гоо үзэсгэлэн байхгүй болчихвол бид хаагуур аялж, сэтгэлээ сэргээх билээ
 
3.     Тѳрдѳѳ итгэж тэднийг сайнаар ѳѳрчлѳгдѳхѳд нь тусалж дэмжицгээе. Тэдний зѳв бүтэц, сайн ажиллагаа биднийг хамгаалж туслах болно. Энэ цаг үед Тѳр үүрэг хариуцлага хүлээж байгаатай адил иргэд бид ч үүрэг хариуцлага хүлээх ёстойгоо мартаж болохгүй
 
4.     Ѳѳртѳѳ илүү анхаарал тавьж ѳѳрийгѳѳ хайрлацгаая. Яг үнэндээ чамаас ѳѳр хэн ч чамайг итгэлтэй хайрлаж, найдвартай хамгаалхгүй
 
5.     Муу талуудаа аль болохоор багасгаж, сайн талуудаа илүү хѳгжүүлцгээе. Энэ амьдралд бүх зүйл ѳѳрийн хугацаатай болохоор та ѳѳрѳѳ л хичээхэд болно
 
 
 
Та яг одоо гараад хар даа. Гадаа чийг үнэртэж, шувууд жиргэж айсуй сайхан цагийн уринг дуудаж байгааг мэдрэх болно. Үндэстэй бүхэн ургаж, үртэй бүхэн тѳлжиж, хувьтай бүхэн үздэг сайхан цаг айсуй. Амьдрал гэдэг дэндүү сайхан, амьд байна түүнээс ч сайхан. БҮГДЭЭРЭЭ ХИЧЭЭЦГЭЭЕ.
 
 
 
                              Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах