сонин mn
1989 онд Төлөвлөгөө, Эдийн засгийн улсын хорооны дарга, Сайд нарын Зөвлөлийн I орлогч дарга байхдаа НТХ-ны Улс Төрийн Товчооны орлогч гишүүнээр сонгогдон 1990 оны III сар хүртэл ажилласан. Би П.Жасрай гуайг Ерөнхий сайд байх үеэс нь танина. Сүүлдээ 2000-2004 онд манайх тэднийхтэй зуслангийн хөрш байсан. Парламентын тоймчийн хувьд П.Жасрай гуайтай байн байн уулзаж байсан бөгөөд Ерөнхий сайдаар дөнгөж томилогдонгуут нь түүнтэй хийсэн нэг ярилцлагыг мартдаггүй юм. 
-Та Улс орон эдийн засгийн хувьд элгээрээ хэвтсэн, маш хүнд үед Ерөнхий сайд боллоо. Эхлээд ямар, ямар арга хэмжээ авъя гэж бодож байна вэ? хэмээн асуухад;
-Бор давс, хар гурилын гоймонгоос өөр юмгүй болчихсон дэлгүүрийн лангууг бараагаар дүүргэнэ дээ. Тэгэхийн тулд хувийн хэвшлийнхнээ дэмжсэн шиг дэмжинэ. Тэгж байж барааны үнийн өсөлтийг зогсоож, жолоодлогогүй инфляцийн аюулыг зайлуулна гэсэн юм. 
Үнэхээр их удалгүй дэлгүүрийн лангуу өргөн хэрэгцээний төрөл бүрийн бараагаар дүүрч хүнсний барааг картаар хуваарилдаг журам халагдсан билээ. Улмаар үнэ, валютын ханшийг чөлөөлөх, гадаад худалдааг либералчлах, өмч хувьчлалыг зөв гольдролоор эрчимжүүлэх зэрэг арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсний үр дүнд 1994 оноос эдийн засгийн өсөлт гарч эхлэхэд П.Жасрай гуай “Хонгилын үзүүрт гэрэл харагдлаа” гэсэн өнөөх алдарт үгээ хэлсэн билээ.
 
1995 оны X сарын нэг өдөр Ерөнхий сайд П.Жасрай “Ардын эрх” сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан намайг гэнэт дуудаж “За Энхтүвшин, чамайг маргааш нэг амаргүй ажилд томилно. Чи сонинд тав, зургаан жил гайгүй ажиллах шиг боллоо. Одоо Монголын Радио, Телевизийн Улсын хороо гэсэн том айлтай ноцолдох хэрэгтэй байна. Тэнд баахан хүмүүс дарга, цэргээ хөөж туугаад, янз янзын юм болоод байна. Очиж зохицуул. Бид яаж туслах хэрэгтэйг ажлаа авсны дараа ирж хэлээрэй” гээд гаргав. Маргааш нь Засгийн газрын хурлаар оруулан баталж орой нь Радио, Телевизийн хамт олонтой уулзахаар очив. Намайг танилцуулах үүргийг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газрын дарга С.Банзрагчид өгчээ. Зааланд олон хүн цугларсан байв. Зарим нь нилээн халамцуу байгаа бололтой, С.Банзрагч даргын үгийг байн, байн тасалж “Үгүй, үгүй, Бид гаднаас дарга авахгүй. Одоо болно. Биднийг удирдаад явах чадалтай хүн энэ дотор зөндөө бий” гэцгээв. Тэдэн дотор нилээн голлох үүрэгтэй байсан, радиогийн сурвалжлагч Бумцэндийн Эрдэнэ: “Энхтүвшин, миний дүү сонс. Би ер нь болъё гээд буц. Наадуул чинь чамаар туг тахих гэж байна. Чи бол сонин мэдэх болохоос, радио, телевиз мэдэхгүй” гэв. Сонсоод суугаад байвал сурвалжлагч, редакторууд дараа дараагаар босч нилээн бужигнуулах шинжтэй болов. Тэр үед С.Банзрагч дарга “За Засгийн газрын тогтоолыг та бүхэнд танилцууллаа. Одоо Энхтүвшин дарга ажилдаа ор” гээд хурлыг хаав. Хэлтэс, салбар, албаны дарга нартай уулзаж ярилцаад хамт олныг бухимдуулж байгаа гол гол асуудлуудыг ерөнхийд нь мэдэж авав. Ингээд 3 хоногийн дараа Ерөнхий сайдтай уулзаж “Та ч үнэхээр намайг догшин морины нуруун дээр тохсон хатуу эмээл дээр мордуулжээ. Туслахгүй бол би тэр булгианд удаан тэсэхгүй байх. Гол нь камер, дуу бичлэгийн болон монтажны аппаратууд, хөл дүүжлэх машин гээд гол, гол техникүүд нь их хуучирч, зарим нь таг зогсжээ. Та надад 300 сая төгрөг шийдэж өгөөч гэхэд:
-“За аргагүй байхаа. Би С.Банзрагчаас бүгдийг сонссон. Одоо Э.Бямбажав (Сангийн сайд) руу би яръя. Чи яваад оч” гэж хэлж тун их баярлуулав. Э.Бямбажав сайд ч уриалагхан хүлээн авч, 200 орчим сая төгрөг даруй шилжүүлсэн. Энэ мөнгөөр Бээжингээс нэн шаардлагатай техникүүдийг худалдан авч татаж авчрангуут хамт олон ч тэгсхийгээд тайвширсан.
 
П.Жасрай гуай ямар ч залуу хүнээс илүү ийм л хурдтай, мэдрэмжтэй ажилладаг, за гэсэн бол ёогүй удирдагч байсан.  
 
Удалгүй МРТУХороо, Тагнуул, Цагдаа, Монцамэ гэсэн 4 газрыг Засгийн газрын үндсэн бүтцийн агентлаг болгож дарга нарыг нь Засгийн газрын хуралд байнга суулгадаг болов. П.Жасрайн Засгийн газар үнэхээр өөрөөсөө хамаарах бүхнийг хийж улсын эдийн засгийг богино хугацаанд босгож чадсан. Үүндээ ч Ерөнхий сайд сэтгэл их ханамжтай байгаа нь Засгийн газрын хуралдаанаа удирдаж буй байдлаас нь харагддаг байв. Хуралдаан дээр үе үе: “Та нар ирэх зуны сонгууль л яриад байх юм. Сонгуулийн дараа чилийсэн 4 жил байгаа гэдгийг бодох хэрэгтэй. Сонгуулиар хамаг юмаа гүвчихээд сууж байх юм уу” эсхүл “Энэ Засгийн газар дахиад 4 жил хүндхэн ачаа үүрэх байх шүү” хэмээн хэлэхийг нь хэд хэдэн удаа сонссон билээ. 1996 оны цагаан сараар Ерөнхий сайд өөрийн кабинетын гишүүд, Засгийн газрын үндсэн бүтцийн агентлагийн дарга нарыг гэр бүлтэй нь Их Тэнгэрт хүлээж авав. Хүлээн авалтын төгсгөлд Ерөнхий сайд: “Нөхөд минь бид хийсэн юмтай, хэлэх үгтэйгээр сонгуулийн жилтэй золгож байна. Ажил хийсэн нь сонгогддог юм бол биднээс өөр хэн байхав. Харин манай Засгийн газарт дахиад 4 жил зүтгэх үүрэг ирэх нь бололтой. Намын удирдлагууд ч тийм чигтэй байна. Хамгийн гол нь, сайд, дарга нарынхаа гэргий нарт өнөөдөр би нэг зүйл онцолж хэлэх гэсэн юм. Та нарын нөхрүүд чинь бор хоногтоо л нэг юм очиж хонох байх шүү. Тэгэхлээр ар талын гол фронтын дайчид болсон та нар ачааны хүндийг үүрч таарах нь. Үүнийг л гуйя” хэмээн хундага өргөхөд, гэргий нарын зарим нь бие биеэ нудралцан: Одоо яанаа, яасан хэцүү юм болох нь вэ гэснээ “За, За улсын Ерөнхий сайд хэлж, гуйж байхад үгүй, үгүй гээд хаачихав дээ, тийм ээ” гэлцэн дарстай хундагаа хөгжилтэй тулгацгаах нь цаанаа баярласан шинжтэй. 
Ерөнхий сайд ийнхүү их л итгэлтэй байсан даа. 
 
1996 оны сонгуулиас 10 гаруй хоногийн өмнө намуудын сурталчилгааны цагийн талаар тодруулахаар намайг дуудсан. Яваад ортол Ерөнхий сайд баахан хүний нэрийн жагсаалт бүхий сонингууд дэлгэчхээд янз янзын өнгөөр тэмдэглэгээ хийж суусан. Тэр нь нам, намуудын нэр дэвшигчдийн жагсаалт байв. “Та юу хийж байгаа юм бэ?” гэж асуухад: -“Энхтүвшин минь, энэ сонгууль тун тэнцвэргүй болох нь. Цаад ардчилсан хүчнээс чинь бараг хүн цухуйхгүй нь. Чи энэ нэрсийг нь хараач. Сонгогчдын таних хүн энд бараг алга. Уг нь тэдний төлөөлөл гээд дор хаяж 10-аад нөхөр сууж байвал зүгээрсэн. Ардчилсан улс мөн юм гэж гадныханд харагдах талаасаа ч тэр. Яамаар ч юм бэ дээ” гэхчлэн өрсөлдөгчдийнхөө төлөө санаа зовчихсон байдалтай сууж байж билээ.
Тэр сонгуульд манай нам анх удаа цөм цохиулсан билээ. “Ардчилалынханд өгөөд нэг үзье” гэсэн уур амьсгал орон даяар давалгаалж Ардчилсан нам МАН-аас 2 дахин илүү суудал авсан. Сонгуулийн дараа П.Жасрай гуай хэвлэлд өгсөн нэг ярилцлагадаа “Ардчилсан улсад аль ч нам ялж, ялагддаг юм. Хэн, хэн нь ялж, ялагдаж сурах хэрэгтэй. Манай нам цаашдаа олон олон сонгуульд дахин дахин ялахад энэ удаагийн том ялагдал чухал ач холбогдолтой боллоо. Хүн үзэж байж, яс, махаараа мэдэрч байж юмыг ойлгодог юм. Зүгээр, зүгээр” гэж хэлсэн байдаг юм. Дараахан нь Намын Бага хурал болж сонгуулийн дүнгийн талаар хэлэлцэн халуухан яриа өрнөх үед Бага хурлын бухимдсан нэг гишүүн “Жасрай гуай та одоо юу яриад байна аа? Нам сонгуульд ялагдсан нь сайхан боллоо ч гэх шиг. Сайхан юм хаана байгаа юм бэ? Бүгдээрээ л гудамжинд гарлаа ш дээ...” гэж агсрахад П.Жасрай гуай “Хэ, хэ... буруу ярьсан бол энэ муу хөгшин толгой зөнөглөж байгаа юм байлгүй... хэ, хэ...” гэж марзагнан заалыг хөгжөөж суусан билээ. Энэ нь туршлагатай, өөртөө итгэлтэй, ямар ч үед уснаас хуурай гарч чадах хүнээс л харагдах дүр төрх дөө.
 
Үргэлжлэл бий...
 
Ө.Энхтүвшин