сонин mn
Өнөөдөр 2033 оны намрын дунд сарын арван таван. Хот, хөдөөгүй л баяр хөөр. Мал сүрэг ч их өсөж, тариа ногоо ч арвин ургажээ. 300 гаруйгаар тоологдох болсон усан сан, цөөрөм, хиймэл нуурууд “хувьсгал” хийсэн нь энэ ажээ. Дэлхийн дулаарлын үүдсэн энэ бүх аюул, сөрөг үзэгдлүүдийг монголчууд “шинэ боломж, давуу тал, байгаль-уур амьсгалын өөрчлөлтийн бэлэг” гэж ойлгож ашигласны үр дагавар энэ юм. “Тэнэг хүн алтыг хог болгодог, ухаалаг хүн хогийг алт болгодог” хэмээх нь буй. Тэгвэл “аюулыг алт болгож болдог юм байна, бас амьдрал, жаргал ч болгож болдог” юм байна. 
 
Төв Азийн (Монголын) өндөрлөг нам доор газар байсан эртний цаг үе буй. Тэр цагт байгаль, амьтан, ургамал, уур амьсгал нь яг өнөөгийн Амазонка мөрний адаг хавь шиг байжээ. Гэвч бүх зүйл аажмаар өөрчлөгдөж бидний үеийнх шиг болж хувирчээ. Уул нурууд ч үүсэж, газар нутаг ч өндөрсөж, уур амьсгал ч хахиршиж, ус голууд ч цөөрч, ургамал амьтан ч ховорджээ. Евроази бүхэлдээ шахам эх газрын эрс тэс уур амьсгалтай болжээ. Хойноос, зүүнээс, өмнөөс урсан орж ирдэг байсан үүл манан шинээр үүссэн уул нуруудыг давж чадахаа больсон байна. Аажимдаа хойд зүгт мөс, цас (хойд мөсөн далай) мөнхөрчээ, цэвдэг ноёрхжээ. 
Номхон далайн зүгээс нөмрөн орж ирдэг байсан үүл, манан, мөн Энэтхэгийн далайн зүгээс орж ирдэг үүл, манан, дулаан чийглэг агаар шинээр үүссэн уул нуруудад хаагджээ. Төв Азийн өндөрлөг өөрөө усыг гадагш нь урсгах хагалбар болж хувирчээ. Сүүлчийн хүйтрэл, мөстлөгөөс үлдсэн, зарим газраа нэг зуу гаруй метрийн зузаантай мөнх цас, мөсөн голууд л цас, бороо багатай жилүүдэд мал, амьтны ундаа болж байжээ. 
 
Хорь орчим удаа давтагдсан хүйтрэл, мөсдөлт ба завсраарх дулаарлууд нь амьтан ба ургамлын ертөнцийг хүнд бэрх сорилтонд удаа дараа оруулжээ. Урт хугацааг дамнасан мөнхүү их сорилгыг давж шалгаран үлдэж чадсан нь өнөөгийн амьтад, ургамал, хүмүүс бид юм.
 
Гэвч дээр дурдсан нөхцөл, байдал нэгмөсөн, мөнхөд нэг янзаар үргэлжилсэнгүй. Энд нэг шинэ, хоруу хүчин зүйл гарч ирсэн нь байгальд үзүүлэх нийгмүүдийн сөрөг нөлөө болно. Таван тивд аж үйлдвэр хөгжиж, дэлхийн хүн ам 8 тэрбумд хүрч, гэрийн тэжээвэр мал, амьтны тоо толгой ихэд өссөн нь агаар мандалд дулаан шингээгч хийн хэмжээг асар ихээр нэмэгдүүлжээ. Энэ нь байгаль-нийгмийн хослон үүдсэн цаг бусын дулаарлыг авч иржээ. Хойд, урд туйл, уул нуруудын мөнх цас, мөсөн голууд хайлж, асар их хэмжээний үүл манан үүсэж, хур тундасны тоо, хэмжээ ихсэж, нам доор газрууд усанд автаж, үер усны аюул огцом нүүрлэжээ. Үнэ өртөггүй нөмрөн ирэх болсон тэр их усыг монголчууд харин “аюул биш ашиг, алт” хэмээн хүлээн авчээ. Их ухаан, багаахан хөрөнгө зараад л 300 гаруй усан сан, нуур, цөөрөмтэй, билчээр ба тариаланг услах суваг, шуудуутай, том, жижиг усан цахилгаан станцуудтай болжээ. Энэ бүхний эерэг нөлөө, үр ашиг Монголыг Азийн нэгэн бар болгож зиндаа ахиулжээ. Энэний түүхийг доор товч өгүүлье. 
 
х               х               х
 
2019, 2020 он гэхэд л дэлхийн дулаарлын асуудал өргөнөөр яригдаж байв. Ихэнх улс орон энэнийг аюул, сүйрэл, хохирлын өнцгөөс хүлээн авчээ. Гэвч зарим улс оронд “аюулыг ашиг, алт болгох” хөдөлгөөн өрнөсний нэг нь Монгол юм. Монголын нутаг дэвсгэрт явагдаж байсан цөлжилтийн нэг гол хүчин зүйл нь усны хомсдол байв. Монгол оронд салхи ихэвчлэн хойд мөсөн далайн зүгээс үлээдэг билээ. Хайлж, ууршиж, урагшаа нүүх болсон их бороо, цас салхины хүчээр Монголын нутагт үнэ, төлбөргүй орж ирэх нь тодорхой юм. Тэр их усыг (амьдралын эх сурвалж, шингэн алтыг) нутагтаа үлдээж, ашиглаж чадваас “дэлхийд хэн баян гэвээс Монгол л баян” гэгдэх болно. Ингээд л Монголд дулаарлын улмаас шилжин ирэх их усыг нөөцлөх, зохистой ашиглах бүх нийтийн хөдөлгөөн өрнөжээ. Аймаг, сум болгон усан сан, хиймэл нуур, цөөрөмтэй болох арга чарга болгоныг эржээ, олжээ. Орхон, Сэлэнгэ, Эг, Сүхээ, Туул, Хэрлэн, Булган зэрэг голын үерлэх үеэр буй болдог олон сая метр куб усыг нутаг, нутагт нь үлдээх, нөөцлөх болжээ. Энэ нь уг голуудын хэвийн урсгал, байдалд ер нөлөөгүй байв. Үерлэж урссаар гадагшаа гардаг тэр их усыг л Монголдоо үлдээж байлаа. Ингэснээр дулаарлаас үүдэлтэй үер усны гамшиг нь алт, ашиг, амьдрал болж хувирчээ.
 
Үйлдвэрлэлийн бүх салбар, аж ахуйн бүх газар, бүх хот сууринд цас, борооны цэнгэг ус ашгаа өгч, амьтан болон ургамлыг тэтгэж, агаар мандлыг чийглэж, говь цөлийг амь оруулж өнгийг нь ногоон болгож, хүн ба мал, амьтнаар дүүргэж байв.
 
Ус бол амьдрал төрүүлэгч шингэн гэх нэрээ Монголын говь, цөлд нотолжээ. 
Монголчууд бараг л хавцал, жалга, хотгор, хонхорхой бүрээ усаар дүүргэжээ. Голууддаа далан барьж усны түвшинг нь олон газар өндөрсгөжээ. Нутгийн хангай тал нь өндөр, говь тал нь намхан болохоор олон сувгаар усыг говь, цөл рүү урсгажээ. Ингэж Хойд мөсөн далайн цас, мөсний ус Монголын өндөрлөгт ирж тухалжээ. “Зам дагаж хөгжил ирдэг, ус дагаж амьдрал цэцэглэдэг” болохоор “үеийн үед өнтэй тарган байдаг” гэх магтаалын үгс ч биеллээ олсон байна.
Монголд салхины хүч буурч, шороон шуурга ч мартагдах шахжээ. Мод, бут, өвс, ногоогоор бүрхэгдсэн нутаг оронд үржил шимтэй хөрс шороо элэгдэлд ордоггүй, хэмжээ, зузаан нь ч нэмэгддэг ажээ. 
 
Ус элбэг болсноор билчээрийн хэмжээ, чанар, хадлан, тариалан, үр жимс, хүнсний ногоо, усны шувууд, загас гээд л баялаг бүхэн бялхам, цалгим болсон байна. Өргөн уудам газар нутагтай болохоор нуур, цөөрөм, суваг шуудуу, услах систем, бага дунд хүчин чадалтай усан цахилгаан станцууд хаана л бол хаана буй болсон нь гайхамшиг байв. Уул уурхайн үлдээдэг хотгор, хонхорын ихэнхийг нь хиймэл нуур, цөөрөм, усан сан болгожээ. Үерийн усаар буй болгосон нуур, цөөрмийн ус элдэв минералаар тун баялаг байдаг нь ч ач тусаа өгчээ. Нар ба усанд түшиглэсэн сэргээгдэх эрчим хүч ч бялхжээ. 
“Усгүй газар бол нутаг биш, усаа нөөцлөх ухаангүй бол хүн биш” гэх шахуу жишиг тогтсон нь ч үнэн юм. Ингэж хойд мөсөн далайн мөс, цас Монголын газар нутгийг диваажин болгох шахсан түүхтэй. 2033 он гэхэд л ийм сайхан болчихно гэж хэн маань ч төсөөлж байгаагүй юм шүү!
 
Олон зуун жил усны хомсдолтой байсан хөрс шороо ханатлаа чийглэгдэж, магадгүй мөн олон арав, бүр олон зуун жил хөрсөнд гүн булагдсан байсан ургамлын үр ургаж соёлжээ, үр нь боловсорч хаа сайгүй тархжээ. 
 
Хөрсөн дээрх ус элбэгшихлээр газрын гүний ус ч сэлбэгдэж, гар худгуудын ундрага нэмэгдэж, өвс ногоо шигүү ургаж, нуур, цөөрмүүдийн захаар хулс зэгс найгаж, ганхаж байх болов. 
Нүүдлийн шувууд олширч хэдэн мянгаараа Монголд зусах болсноор халуун орны ургамлын үр тэднээр дамжин ирж Монголд ургах болжээ. Хунгийн чуулга, галуу, ангирын цугларалт, олон зүйлийн нугаснууд, тогоруунууд намар цагийн чимэг, ая хөг болон алаглаж, ганганаж байх нь сайхан байв. 
Өвөл болж гол, нуур, цөөрөм хөлдөхийн цагт цанаар, тэшүүрээр гулгах охид, залуус саяхны говь, цөлийн чимэг болон “зэрэглээтэж” байх болжээ. Өвөл цагийн говийн шинэ зэрэглээ, жирэлзээн...
Говьших, цөлжихийн эсрэг хандсан бүх нийтийн хөдөлгөөн саарч, унтарч эхэлснээр барахгүй говь, цөлийн унаган байгаль, орчныг энд, тэнд хэвээр нь үлдээх, хадгалахын төлөө дуугарах, уриалах байдал ч буй болов. Ёстой л “цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө хатдаггүй” гэх үгийн биелэл нүд ба чихийг мялаах болжээ. Ийм цаг үеийн амьд гэрч болно гэж би л хувьдаа зүүдлээ ч үгүй юм шүү!
 
 
Судлаач, профессор Д.Чулуунжав