сонин mn
Сүүлийн таван жилийн туршид хааяа хааяа бодол, сэтгэлийг минь “Эх Дэлхийн гарал, түүхийн асуудал” эзэмдэх болов. Эргээд, эргээд, дахиад л бодогдоно. Бүр салдаггүй шүү. Санал, бодлоо бичиж илэрхийлэхгүй л бол салах янз алга. Гэтэл надад нотлогдсон, шалгагдсан мэдээ, баримт чамлахаар бага байдаг. гэхдээ ухамсартайгаар өнгөрөөсөн амьдрал, он жилүүдийн минь туршид бүрэлдэж буй болсон тойм, төсөөлөл, хар зураг, ноорог гэж байлгүй яахав. Сэтгэж таньдаг, философидож тодруулдаг нэгэн хүчирхэг арга, аргачлал гэж бас байнаа! Ямар ч болов би залуучуудад зориулж Эх дэлхийн маань намтрыг дараах байдлаар товчхон бичихээр шийдлээ. Энэ хэмжээнд, ийм байдлаар өгүүлэх нь залуу хүний сониуч, сэргэлэн толгойд аль нэгэн санааг минь цааш цааш нь лавлуулан таних, тодруулах хүсэл төрөхөд хүргэж ч болох юм. Зохих түвшний мэдлэг, боловсролтой залуу судлаачид шинэ, сонихоныг, эргэлзээтэй, ээдрээтэйг ямагт л эрэлхийлж байдаг даа...
 
х               х               х
 
Манай галактикийг төрүүлсэн супер хар нүхнээс анх тасран шидэгдэж гарахдаа дэлхий маань томоохон халуун хайлмаг байжээ. Энэ биет нарны дагуул болон тогтворжиж, гадаргуй нь хөрч царцаад тодорхой хэлбэрийг (уул, нуруу, гүнзгий хавцал, гуу жалга, тэгш тал бүхий) олжээ. Нарыг тойрон хөдлөх зам болон хурд, бас өөрөө тэнхлэгээ тойрон эргэлдэх хурд мэт нь ч тогтоогджээ. Нэг их удалгүй “Сар” хэмээгдэх дагуултай болж эргэлдэх, хэлбэлзэх хөдөлгөөн нь ч сарны ачаар төлөвшжээ. Сар бол манай дэлхийн хувьд мөнхийн шахам бат бэх таяг, босоо, хэвтээ тэнхлэгээ нэгэн янзаар хадгалж байхад туслах түшиг, тулгуур гэсэн үг. Харин хүмүүс бидний хувьд бол (бас амьтан бүхний хувьд) шөнийн дэнлүү, луужин, ганц бие аянчинд бол хань, “галзуу” найрагчид бол Саран Авхай билээ. Харамсалтай нь 400 мянган километрийн цаана байгаа энэ чухал эрдэнээ хүмүүс бид одоо хүртэл сайтар таньж, судалж чадаагүй байгаа юм. Энэ том, чухал ажил эзнээ хүлээж ядаж л байна даа! Цор ганц дагуул болох сараа бид яг л эх дэлхий шигээ хайрлаж, хамгаалж байх ёстой билээ. Саран дээр хүн амьдарч болох зохиомол орчинг бүрдүүлж, сарыг сансар хорвоон уудамд аялахад ашигладаг дамжлага бааз болгон хувиргаж ч болох юм...
 
Эх дэлхий маань нарны дагуул гариг гэх статустайгаар наад зах нь таван тэрбум жил амьдарч, царай зүс нь танихын аргагүй болж хувьсчээ. Ингэж хувьсахад нь гадаад, дотоод тун олон хүчин зүйл нөлөөлсөн нь тодорхой юм. Дэлхий маань энэ урт хугацааны туршид ёстой л “үхэхээс бусдыг нь үзжээ”. Халж ч үзэж, хөрж ч үзэж, солирын бөмбөгдөлтөнд өртөж, бас сансрын тоосонд ч дарагдаж, сүүлт одны сүүлэнд нь ч шарвуулжээ.
 
Сансрын уудам дахь золбин тэнүүлчидтэй ч цөөнгүй удаа “нударга зөрүүлжээ”. Гайхалтай нь бидний үеийг хүртэл тэсэн, бүр тэнхрэн үлджээ.
Ус бол дэлхий дээр нэлээд хожуу үүссэн бодис. Түүний хэзээ, хэрхэн үүссэн нь яг таг нотлогдоогүй байна. Олон хувилбар яригддаг ч бүгд эргэлзээтэй. 
Ус үүсээд аажимдаа дэлхийн гадаргуйн бүх хонхор, хотгорыг дүүргэжээ. Эхэн үедээ дэлхий дээр далай, тэнгэс, нуурууд л байсан бололтой. Булаг, шанд, гол мөрөн, мөнх цас, мөсөн гол мэт нь усны ууршилт, үүл, бороо, цастай холбоотойгоор хожуу буй болжээ. Дэлхийн гадаргуй дахь хайлмаг чулуулаг элэгдэж эвдэрсээр элс, шороон давхраа үүсэж, гүнд нь ус хуримтлагдах болсноор булаг, шанд буй болсон бол ууршсан ус өндөр уулнуудад цас, мөс болон хуримтлагдах, их хүйтрэл, мөстлөгийн үед хэдэн арав, бүр хэдэн зуун метр зузаан цас, мөсөн бүрхүүл тогтсоноор тэндээс эх авсан гол мөрөн урсах болжээ. 
Дэлхийн гадаргуй усаар бүрхэгдэж, хуурай газар нь хөрс шороотой болсон хойно л усанд үүсэж, үржиж байсан амьтан, ургамал уснаас гарч хоёр нутагтан, бүр давраад газраар ч шилжиж явдаг, бас агаараар ч нисэж чаддаг болжээ. Ургамлын үр агаараар тархах, амьтнаар дамжин тархах хүртлээ чадваржжээ. Амьтны хувьсал, хөгжил авсаар таних, ойлгоход ч тун бэрх түвшинд хүрч төгөлдөржжээ. 
Далайн түвшнээс доошхи бараг бүх зүйл усан доор оржээ. Гэхдээ ёроолгүй далай гэж үгүй. Далай доор уул, нурууд ч бий, гуу жалга, гүнзгий хавцал, тэгш тал, элдэв агуй ч бий. Онцлог нь бүгд усанд автагдсан, усаар дүүрсэн байх нь тодорхой билээ. 
 
Дэлхий дээрх хамгийн өндөр уул далайн түвшнээс дээш хэмжвэл 10 мянган метр хүрдэггүй бол Номхон далайн хамгийн гүн ёроолоос хэмжвэл 20 мянга гаруй метр өндөр болох жишээтэй юм. 
 
Дэлхий дээрх хуурай газрын ихэнх нь анхандаа бүгд л хамт, нэгэн том хавтгай байснаа аажмаар хуваагдаж, тасарч, бие биенээсээ холдсоор тивүүд, бас арлууд болон салцгаажээ. Тэдний зарим нь бусдаасаа холдон нүүж, зарим нь том, жижиг арлыг мөргөн нийлж, мөн аралд мөргүүлэн хунирч өндөр уул, нуруудтай ч болж байжээ. Жишээ нь Энэтхэгийн хойг арал байснаа хойшоо нүүсээр Ази тивийг мөргөж Гималайн уулсыг үүсгэжээ. 
Далайн ёроолд орсон галт уулууд дэлбэрч олон шинэ арлыг мөн буй болгосон байна. 
Дэлхийн гадаргуйн хуурай хэсэг нь нар, ус, салхины нөлөөнд автаж элс, хөрс шороог буй болгожээ. Хөрс шороо бол үндсэндээ элэгдэж, үйрч бутарсан чулуулаг юм. Харин чулуу бол анхандаа супер хар нүхэн дэх хэт өндөр халуунд хайлж, түүнээс шидэгдэн гараад царцаж биежсэн минералууд болно. Хожуу нь хөрс шороо газрын гүнд, далайн ёроолд хуримтлагдан дарагдсаар тунамал чулуулгуудыг мөн шинээр үүсгэжээ. Галт уулын дэлбэрэлтээр хайлмаг чулуулгууд ч хожуу буй болжээ. 
 
Дэлхий маань нэг л цул биет бус, элдвээр байрласан олон том хавтангаас бүтдэг ажээ. Хавтангууд нь байнгын шахам хөдөлгөөнд оршдогоос газар хөдлөх чичиргээг буй болгодог. Ер нь хожуу үүссэн уул, нурууд, хавцал, жалга, тэрчлэн жижиг, том нуурууд бол дэлхийг бүрдүүлэгч том хавтангуудын хүчтэй хөдөлгөөний бүтээл юм. Жишээ нь Төв Ази нэгэн үе нам доор газар, битүү ой мод, жижиг, том нуурууд бүхий, дулаан чийглэг орон байжээ. Хожуу нь ийм орчин, нөхцөл эрс өөрчлөгдөж, уул, нурууд үүсэж, ой мод, ургамал, нуурын амьтад бүгд газар доор орж дарагджээ. Цаг уур сэрүүсэж, хуурайшиж, бүр хахиршжээ. Гадаад далайгаас ирдэг байсан үүл манан, ус чийг өндөр уул нуруудыг давж чадахгүй болжээ. Төв Ази ерөнхийдөө ихээхэн өндөрт өргөгдөж өнөөгийн хэлбэр, галбираа олжээ. Уур амьсгал нь эх газрын эрс тэс шинжтэй болж хахиршжээ. Ийм их өөрчлөлтийн улмаас сүүлийн нэг сая жилийн дотор амьтад, ургамал нь ч элдэв шинжийг олж ихэд чадваржжээ. Зарим хөхтөн амьтан (баавгай, тарвага, дорго мэт) цаг агаарын хүйтэн саруудыг ичиж унтаж өнгөрөөдөг, шувууд нь дулаан орон луу нүүдэллэдэг, ихэнх амьтад нь дулаан үс, ноос,  ноолууртай болжээ. Харин хүн дүрстэй мичүүдийн зарим нь бичин хүний хэмжээнд хүртлээ хөгжиж, чадваржиж, тэдний зарим нь сүүлийн 800-200 мянган жилийн хугацаанд оюун ухаант хүн болж хувирчээ. 
 
Дээр дурдсан хувьсал, хөгжлийн (амьтан, ургамлын) хамгийн гол хүчин зүйл, нөхцөл бол дэлхий маань устай болсон, амьдралыг тэтгэгч шингэнтэй болсон, бүхнийг өөртөө уусгаж дамжуулж байх чадвартай “чандмань эрдэнэтэй” болсон явдал юм. 
 
Чухамхүү ус буй болсонтой зэрэгцэн дэлхий дээр амьдралын эх үүсвэр, эгэл хэлбэрүүд төрөн гарсан буюу сансрын уудмаас ирж өсөж үржжээ. Эгэл биетүүдийн анхдагчид нь хадны хаг, усны замаг, бактери, вирусууд бололтой. Амьтай бүхний өвөг дээдэс рүү эргэж лавлах, аваас бүгд л нэг эст эгэл биет, бактери, вирус, хаг, замаг мэт рүү л хөтөлдөг нь үнэн юм. 
Олон тонн жинтэй аварга том халим, аварга том үлэг гүрвэл, заан мэт нь бараг л байхгүйгээс шахам (нүдэнд үл үзэгдэх микро биетээс) анх үүссэн, хэдэн тэрбум жилийн хувьслаар буй болсон гэдгийг орчин үед олон шинжлэх ухаан аль нэгэн хэмжээнд хүлээн зөвшөөрсөөр байгаа билээ. 
 
Асар том халуун хайлмаг байдлаар анх хар нүхнээс шидэгдэн гарсан биет (дэлхий) халуун хайлмаг байдлаа одоо хүртэл дотооддоо хадгалсаар байна. Том савны ёроолд их зүйл үлддэг шиг том биетийн гүнд буй дулаан олон тэрбум жилийн туршид ч хэвээрээ шахам хадгалагддаг ажээ. Ингэхлээр дэлхий маань дотроосоо ч халдаг, бас гаднаасаа ч нарны элчээр халдаг биет юм. 
Дэлхий маань нар болон бусад эрхсийн татах хүч, мөн соронзон орны татах, түлхэх хүчнүүдийн нөлөө, аргамжаанд баригдан энэ байрлалаа олжээ. Дэлхий шиг минь тух тохитой “тээврийн хэрэгсэл” манай галактикт өөр хэд хэд ч байж болох юм. Тэднийг олох, нээх аваас хүн төрөлхтөн “мөнхөд” оршин байх ирээдүйгээ баталгаажуулчихлаа л гэсэн үг.
 
 
Судлаач, профессор Д.Чулуунжав