сонин mn
Түүх бол соёлын олон хэлбэрээс ихээхэн хожуу үүссэн нэг нь юм. Үүнд олон шалтгаан байв. Гарвал үүслээ чоно, хун, буга, баавгай мэтийн амьтантай холбож домоглодог, эсвээс дээд тэнгэрээс бууж ирсэн, бурхны гараар саяхан бүтээгдсэн хэмээн итгэдэг хүмүүс, ард түмэн яг түүхэн үнэнээс ихээхэн хол байгаа болохоор, шуудхан хэлбэл үнэнийг огт мэдэхгүй байгаа болохоор, үнэн түүх маань энэ гээд итгэлтэй хэлэх, ноттой бичих аргагүй юм. Иймээс соёлын олон төрөл, хэлбэрийг эрт бүтээж, бусдаасаа илүү их өндөрлөгт гарч, иргэншил, инженерийн сэтгэлгээгээр тэргүүлж явсан Египет, Энэтхэг мэтийн орны ард түмнүүд хүртэл түүхээ ихээхэн хожуу бүтээжээ.
 
Бусдаасаа эрт ялгарч ондооссон хэрнээ угсаатны гэхээр асуудалд орооцолдож байгаагүйн улмаас түүх, судраа чухалчлах шаардлагагүй байсан ард түмнүүд ч мөн олон юм. Үхрийн бөөр шиг алаглан холилдсон олон угсаа, гарвалын хүмүүс бүхий улс оронд түүхийн соёл бас тэр болгон чухалчлагдаж байгаагүй бололтой. Шилжин нүүдэллэж, зам зууртаа олон олон угсаатантай цус холилдож, соёлын уусалт, деформацид ихэд автсан тэр ард түмнүүдийн олонхи нь мөн түүхээ үлдээгээгүй байна. Ийм ард түмнүүдийн тоонд Төв Азиас эрт нүүдэллэн одогсод бараг бүгдээрээ орох биз ээ. Ялангуяа сүүлийн 5-6 мянган жилийн туршид Монголын өндөрлөг хавиас их их нүүдэл Зүүн Европ, Бага Ази, Ойрхи Дорнод, Энэтхэгийн чигт удаа дараа явагджээ. Хойшоогоо Сибирь, Тундр, зүүнчээ Номхон далай, урагшаа их говь цөл, Гималайн нуруу хөндөлсөн байснаар нүүдлийн чиг чухамхүү дээр дурдсан бүс нутгууд руу л өөрийн эрхгүй хандаж байжээ. Чингэж нүүдэлчид цаг цагтаа Европ дахь, Өмнөд Ази дахь амьдрал, суурин соёл, суурин иргэншлийг үүдэлцэж бас удаа дараа довтлон эзэлж өөрчилжээ. Өөрсдөө ч мөн царай зүс, хэл, соёлын талаар танигдахааргүй болж ондоосчээ. Иймээс Баруун Ази, Зүүн Европын ард түмнүүдийн гарвал, түүх тун ч бүдэг, ээдрээтэй байдаг болжээ.
 
Дэлхий дээр тивүүд үүсээгүй (ганц том эх газар байх үе) байх үеийн ургамал, амьтны нийтлэг, адил шинжийн голомт Төв Азид их тод ажиглагддагийн нэгэн адилаар нүүдэллэн тархан одсон Ази угсаа, гарвал бүхий ард түмнүүдийн нийтлэг адил шинжийн голомт мөн л Төв Азид их тод ажиглагдах болсоор байна.
 
 
Энэ нь олон олон ард түмний гарвал, түүхийн эхлэл Төв Азид оршин буйн нотолгоо юм. Ингэхлээр олон олон ард түмний гарвал түүхийн учиг Ази руу хөтлөн гүнзгийрэх нигууртай болно. Түүх бол хүмүүсийн оюун санааны үйл ажиллагааны бүтээгдэхүүн, нийгмийн ухамсрын бүтээл, түүний нэгэн чухал хэлбэр юм. Хүн төрөлхтөн устах аваас түүх мөн алга болно. Хүмүүс түүхийг бичиж, уншиж, хадгалж байдаг болохоор л түүх байдаг ажээ. Хүмүүс алга болбол түүх матери, обьектив бодит байдал шиг үлдэж хоцрохгүй.
 
Тухайн улс, үндэстний өөрийн нь түүх, мөн түүний бусад улс, оронтой харилцаж ирсний түүх хамтдаа бичигддэг болохоор түүх нэг бүрийн хамрах хүрээ өөр өөр байдаг. Ингэхлээр нэгэн улс орны түүх, нэгэн бүс нутгийн түүх, нэгэн тивийн түүх, дэлхийн дахины түүх гэж байж болох юм. Хэрэг дээрээ ч түүхүүд чухамхүү ийм ангилал дарааллаар бичигдэж иржээ. Нийтийн тооллоос өмнө V зуунд грекүүд анх түүх бичиж эхэлсэн бол хятадууд НТӨ II-I зуунд бичиж эхэлжээ. Гэвч анхны түүхүүдийн эхний хэсэг нь үндсэндээ домог, аман түүх, үлгэр байв. Нотлох, батлах боломжгүйн дээр ихэнх нь олон хувилбараар яригддаг домог байжээ. Ард түмэн, улс орон бичиг үсэгтэй болох хэрээр түүхээ тэмдэглэсээр, бичсээр л байлаа. Гадаад холбоо, харилцаа нь тэлэх, өргөжих болсноор түүхүүдийн хамрах хүрээ ч мөн өргөжсөөр байв. Түүхүүд бүс нутгийн хүрээгээр, мөн тивийн хүрээ, цараар бичигдэж эхлэв. Гэвч дэлхийн түүх бичигдэх боломж хожуу тохиожээ. Энэ тухай доор өгүүлье. Дэлхий нийтийн түүх төрөн гарахын тулд дэлхийн бүх улс, орнууд хоорондоо холбогдож, улс төр, эдийн засаг, хууль эрх, соёл, шашин суртлын талаар харилцдаг болсон байх ёстой. Дэлхийн улс орнууд, ард түмэн хоорондоо холбогдож, элдэв шүтэлцээ, хамааралд орж дэлхий дахин хэмээх нэгэн том, супер нийтлэг болж байж л дэлхий нийтийн түүх бичигдэж эхлэх учиртай байв.
 
Ази тивийн улс орнууд Европ тивийнхэнтэй, цаашлаад Африк тивийн улс орнуудтай эхэлж холбогдсон ба дараахан нь Европ тивийн далайн гүрнүүд буй болж тэд Америк тив, Австрали тив, Зүүн өмнөд Азийнхантай холбогдож өргөн дэлгэр харилцах болжээ. Ийм байдал буй болсон цаг үе бол ХIII-ХV зуун юм. Чингэж дэлхийн хүмүүс дэлхий дахин гэх нэгэн том нийтлэгт нэгджээ. Энэ нь дэлхийн түүх бичигдэхийн урьдач нөхцөл байв. Энэ бүхэнд томоохон үүрэг гүйцэтгэсэн ард түмэн, улс орон гэж бий. Энд юуны өмнө Монголын эзэнт гүрэнг нэрлэх ёстой. Дараа нь Баруун Европын далайн гүрнүүд дурьдагдах учиртай. Хүн төрөлхтнийг нийтэд нь холбох, харилцан хамааралтай болгох, заяа тавиланг нь шүтэлцээтэй болгоход тэд голлох рольд тоглоцгоожээ. Дэлхийн хэмжээний гэхээр хамрах хүрээ бүхий түүхүүд анх буй болоход ч Монгол хаадын санаачилга, туслалцаа шийдвэрлэх үүрэгтэй байв.
 
Монголчууд, Монгол хаадын эзэн суусан Ираны өндөрлөг, Төвдийн өндөрлөг, Юань улсад дэлхийн түүхийн анхны хувилбарууд бүтээгджээ.
 
Монголын эзэнт гүрний баруун бүрэлдэхүүн хэсгийн хаан Газаны даалгавар тэтгэлгээр ордны сан хөмрөг дэх бичиг, тэмдэглэл, түүхүүдийг ашиглан тэр цагийн бичгийн мэргэдүүдийг дайчлан оролцуулж “Түүхийн чуулган” хэмээх судрыг перс хэлээр эмхэтгэн гаргажээ. 1303 онд Газан хаан ийм зарлиг буулгасан ба тэрээр 1304 онд нас баржээ. Гэвч хааны тушаал ёсчлон гүйцэтгэгдэж гурван боть түүх бичигдсэн байна. Бидний үе хүртэл бүрэн бүтнээрээ хадгалагдан ирж чадаагүй энэ ном бол Монголын эзэнт гүрэн, Чингис хаан, түүний удмын хаадуудын намтар, үйл ажиллагааг голлон дурьдаж, бусад улс орон, ард түмний байдлыг хамруулан үзсэн дэлхийн түүх юм. Түүх бол сэтгэдэг, оюун ухаант амьтан болох хүмүүсийн нэлээд хожуу үеийн бүтээл, соёлын маш чухал хэлбэр юм. Олон янзын хэл, соёл буй болж, угсаатнууд ялгаран ондоосож, хот улсууд үүсэж, улмаар төр ёс тогтох, дэлгэрэх үед л гарвал, түүхээ мэдэх, энэ талаарх мэдлэгийг хойч үедээ уламжлуулан үлдээх хэрэгцээ, шаардлага үүсчээ. Хэлний ялгаа, зан үйлийн ялгаа, сүсэг бишрэлийн ялгаа, ёс заншлын ялгаа, эрхэлдэг аж ахуй, амьжиргааны хэрэгслийн ялгаа нь хүмүүст өөрсдийгөө таньж мэдэх, мөн өрөөл бусдыг таньж мэдэх, гарвал, түүхээ сонирхох, ялгаа зөрөөгөө ойлгохын чухлыг нөхцөлдүүлжээ. Ялгаа зөрөөгөө ойлгож хэн хэнийхээ ондоо, өвөрмөц шинж, байдлыг хүндэтгэн үзэж, үл хөндөж харилцах нь амьдралын зайлшгүй шаардлага болохыг хүмүүс хаана хаанаа ухаарч, сахиж байх болжээ. Энэ талын мэдлэгийг хуримтуулж үр хүүхдүүддээ зааж өвлүүлдэг ч болжээ.
 
Ингэн ингэсээр угсаатан нэг бүрийн гарвал, түүхийн талаарх мэдлэг, төсөөллийг өөртөө агуулсан аман түүх, домгууд ихсэж, хэлбэржиж зарим нь уран сайхны бүтээл болон хувирч, ам дамжин яригдаж, элдэв янзын хувилбартай болж, өөр угсаатны дунд тархаж, өөр хэлээр яригдаж, олон янз, шинжийн нэмэлт, зүүлт тайлбартай болсоор байжээ. Ахуй амьдралын хэрэгцээ, шаардлага, оюун санааны хэрэгцээ, шаардлагаар бичиг, үсэг буй болж хүмүүс санаа бодол, мэдээлэл, мэдлэгээ тэмдэглэн бичиж ойр хоорондоо солилцох, үр хойчисдоо үлдээх, бас хаадын намтар, гавъяаг бичиж мөнхлөх болсон нь түүх хэмээгдэх соёлын төрөн гарах, дэлгэрэх, төлөвшин хөгжих нөхцөлийг бүрдүүлжээ.
 
Олон янз хэлбэрээр түүхүүдийн эхлэл, үндэс тавигдсаар байжээ. Хаад, хатдын намтар, баатар жанждын гавъяа, цэрэг дайны ялалтууд, их ган гачиг, өвчин тахлын талаарх мэдээлэл зэргийг бичиж үлдээх нь аажимдаа он дарааллын бичиг, түүхэн тэмдэглэлүүдийг бий болгожээ.
 
Хаант засаглал дахь угсаа залгамжлах арга, хэлбэр нь хаадуудын намтар, түүх, гавъяа, амжилтыг тэмдэглэх, удам судрынх нь талаарх мэдээллийг нэр ус, төрсөн он, хаан ширээг залгамжилсан болон хаанчилсан он, сартай нь бичиж тэмдэглэж байхыг шаарджээ. Грекүүдийн өвөг дээдэс, угсаа гарвал, Грек ба Персийн хоорондох дайн, тулалдаанууд, мөн Персүүдийн талаарх мэдээллүүдийг агуулсан түүх нийтийн тооллын өмнөх V зуунд Грект бичигджээ. Домгуудыг холбож зохиомжлон бичсэн эхний хэсгийг нь түүх гэхэд хэцүү боловч түүх хэмээгдэх соёл цаашид бүрэлдэх, төлөвшихөд уг бүтээл үнэлж баршгүй ач холбогдолтой байв. Энэ түүхийн жишгээр ном, бүтээл туурвих ажил Европод аажим ч гэлээ өргөжжээ.
 
Геродот уг номоо Судалгаа хэмээн нэрлэсэн байна. Ном үнэхээр судалгаа, сурвалжилгааны шинжтэй юм. Олон газар орноор хэрэн хэсэн явж үзсэнээ, сонссоноо, өөрийн бодол, дүгнэлтээ дугаарлан, дараалуулан бичжээ. Иймээс энэ ном үнэн зүйлээр ч их, бас худал зүйлээр ч дүүрэн юм. Гэхдээ хүмүүс орчин тойрондоо байгаа бүх зүйлсийн талаар мэдэж байх, өнгөрсөн үйл явдлуудтай танилцаж сургамж авах, орон зай хийгээд цаг хугацааны хувьд байрлал, оршлоо тогтоох, хаанаас ирээд хаашаа харан зогсож байгаагаа ойлгоход тусалдаг “Түүх” хэмээх соёлын цаашдын хөгжилд Геродотын энэ “Судалгаа” ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. Гэвч дэлхийн түүх жинхэнээрээ төрөх гарах хүртэл Геродотоос хойш 1800 орчим жил улиран одох учиртай байсан нь одоо тодорхой болов. Геродот зөвхөн Газар Дундын тэнгис хавийн хүн ард, зүүн Европын зах хавь, баруун Азийн өмнөд хил орчмоор л хэсүүчлэн явж, “юм үзэж нүд тайлсан” гэгдэх хүмүүсийн ярьсан бүхнийг тэмдэглэн авсаар (судалгаа, бүртгэл, тэмдэглэл, зарим харьцуулалт хийх байдлаар) номоо бүтээжээ. Номын дотор өгүүлэгдсэн олон зүйлд Геродот өөрөө ч итгэж байсангүй. Итгэхгүй байгаагаа тэрээр олон газар шууд хэлжээ.
 
Геродот номдоо нүүдэлчид, тэр дундаас скифүүдийн тухай нэлээн дэлгэрэнгүй өгүүлжээ. Нүүдэлчид хаана ч гэсэн олон овог аймаг байж, олон янзын хэлээр ярьж, гарал үүслээ ч олон ч янзаар тайлбарладаг байжээ. Төв Ази, Монголын өндөрлөгт ч тийм л байв. Ихэнх овог аймгийн нүүдэлчид бусад ард түмэнд уусаж, суурьшиж тусгаар популяцийн хувьд, угсаатны хувьд мөхжээ. Байгаль, газар зүй, уур амьсгалын өвөрмөц онцлог, алслагдмал байршил, өөрийгөө хадгалах дархлаа, уугуул газар нутагтаа уягдан байх олон талын шалтгаан бүхий цөөн хэдэн угсаатан нүүдэлчид л ХХ-ХХI зууныг хүртэл өөрийгөө хадгалан байж чадсан ажээ. Нийтийн он тооллын өмнөх II-I зуунд Хятадад бичигдсэн “Түүхийн тэмдэглэл” нэртэй бүтээл Ази дахь түүхийн соёлын хөгжилд мөн том нөлөө үзүүлжээ. Гэвч эдгээр нь тус бүр багаахан хүрээг хамарсан, салангид, тус тусынхаа тивийн улс орнуудыг ч хамран тусгаж чадаагүй, жижиг ядуу түүхүүд байв.
 
Аажимдаа түүх хэмээгдэх соёлыг бүтээх, хэрэглэх талаарх чадамж, сонирхол ихсэж, энэ талын ажлыг дагнан эрхэлдэг хүмүүс ч олон болжээ. Хаадуудын ордны дэргэд түүхэн тэмдэглэл хөтөлдөг, түүх намтар бичдэг үүрэг бүхий түшмэдүүд ч буй болов.
 
Хаадын ордон бүрийн архив, материал, тэмдэглэл, бичиг, ном ч ихэд арвижжээ. Тусгаар, салангид, тасархай, бүрэн бус, үнэний хувь нь олон янз түүхүүд бичигдсээр XII зуун хүрчээ. Түүх бичих аргазүй, түүхэнд орох, дурдагдах ёстой бүрэлдэхүүн хэсгүүд, түүх бичигчдэд тавигдах шинжлэх ухааны хийгээд ёсзүйн шаардлага, хамрах хүрээнээс шалтгаалсан онцлог, чанарт нь үнэлгээ өгөх арга хандлага зэргийн хувьд төдийлөн их дэвшил гараагүй л байв. Ази, Европ, Африкийн тивийн хэмжээний бүрэн түүх мөн бичигдсэнгүй. Эртний их соёл бүхий том ард түмнүүдийн ихэнх нь бичмэл түүхгүй хэвээр байлаа. Европчууд Америк ба Австрали тивийг мэддэггүй, өөрсдийнхөө хувьд нээж завдаагүй, гадаад их далайнууд дахь томоохон арал, олтригуудын оршин суугчидтай ч холбоо тогтоож чадаагүй, Африкийн гүн дэх хүн ардтай ч холбоогүй байсан мөнхүү үед дэлхийн түүх бичигдэх боломжгүй байжээ. Манай дэлхий дээр амьдардаг хүмүүс хоорондоо элдвээр холбогдож, хувь заяа нь харилцан шалтгаалах болж чадаагүй, ард түмнүүдийн түүх сүлэлдэж, ил далд, шууд дам холбогдож завдаагүй байсан учир хүн төрөлхтөн маань ч “дэлхий дахин” хэмээгдэх нэгэн том нийтлэг болчихолгүй XIII зуунтай золгожээ.
 
Дэлхийгээр нэг тархан байрлаад хоорондоо ямар ч холбоо, харилцаа, нөлөөлөлгүй байсан хүн, ардуудыг улс төр, эдийн засаг, хууль эрх, соёл, шашин суртлын талаар холбож, харилцаа, солилцоо, дайн, энхийн шүтэлцээ, нөлөөлөлд оруулж “Дэлхий дахин” гэгдэх нэгэн том нийтлэг, нэгдэл ба зөрчил бүхий олонлог болгон хувиргахад усан ба хуурай замууд, тэдгээрийн сүлжээ, мөнхүү сүлжээний цааш цаашдын өтгөрөл, нягтрал ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. Хятадын том хотуудаас Энэтхэгийн хойг, Аравын тэнгис, Персийн булан, Египет, Сири, Газар дундын тэнгис хүртэлх, хуурай ба усан зам мөн Хятадын том хотууд дамжин хуурай газраар үргэлжилсээр Каспийн тэнгис, Хар далай хүрдэг арай хойгуурх зам, бас Хятадын том хотуудаас Евразийн тал нутгуудийн баян бүрдүүдээр дамжин Өмнөд Орос руу цааш нь Европ руу нэвтэрдэг урт зам, тэрчлэн Баруун Европын орнуудаас Хойд ба Өмнөд Америк, Африкийн баруун болон Өмнөд, зүүн өмнөд эрэг, Ази, Ява, Суматрын арлууд, Япон, Солонгос, хүрдэг усан замууд, Баруун Европоос Австрали, Шинэ Зеланд хүрдэг далайн зам, тэдгээрийн элдэв сүлжээ, боомтууд л дэлхийн олон хэл, олон янз соёл, заншил бүхий ард түмнүүдийн харилцан хамааралт хувь заяатай болоход онцгой үүрэг гүйцэтгэсэн байна.
 
Дэлхийн хүн ардуудыг “дэлхий дахин” болгон холбох, нэгтгэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн зам, холбоог судлах ажил XIX зууны дундуураас нэлээд эрчимжжээ, Германы газарзүйч Фон Рихтгофен 1837 онд “Хятад улс” нэртэй ном бичиж “Торгоны зам” хэмээх нэрийн дор Азийг Европтой холбосон худалдааны замыг нэлээд нухацтай үзэж судалжээ. Хятадын Хан улсын үеэс (НТӨ II зуун) эхлэл нь тавигдсан өрнө ба умар руу чиглэсэн замуудын цааш цаашдын хувьсал, хөгжил чухамхүү дэлхий дахины нүүр царайг шинэтгэн өөрчилсөөр байжээ.
 
XIII- XIV зуунд мөнхүү замууд нь Монголын эзэнт гүрний ивээл, хамгаалалтан дор Евразийг шинэчилжээ. Геродотын үед (НТӨ V зуун) бүдэгхэн мөр, улбаа төдий байсан энэ зам Чингис хааны “Мянгатан” хэмээх дотоодын цэргийн ангийн хараа хяналтын дор хамгийн аюулгүй, олон талын хангамж, үйлчилгээ бүхий зам болж хувирсан байна. 
 
Энэ замаар үгийн шууд, бүрэн утгаар “бүх зүйл” зөөвөрлөгдөн тарж, бүх туршлага солилцогдож, бүх таваар арилжаалагдаж байжээ. Эх газрын бүү хэл арлууд дахь хүмүүсийн хувьд заяа, өөрчлөлт, шинэчлэлтийг эрт дээр цагаас зөвхөн нүүдэлчид, нүүдэлчдийн удаа дараагийн их түрэлт, шилжилт, давалгаа адил довтолгоо, нүүдэл л нөхцөлдүүлж тодорхойлж ирсэн гэж хэлж болно. Нүүдэлчид XIII зуунд ч мөн хийдгээ хийж Евразийг “бүхэлдүүлж” Баруун Европыг Атлантын далай, Номхон далай, Энэтхэгийн далайд түлхэн гаргажээ. Тив тивийн баялагт хямд төсөр замаар хүрэх, тээвэрлэн авч ирэх, ашигтай наймаа, солилцоо хийх, шинэ газар нутаг олох, нөлөө хүрээгээ өргөтгөх, гадаад их далайнуудад “эзэн суух” хүслэн ба шаардлагыг нүүдэлчид шууд бусаар европчуудад төрүүлжээ. Энэ нь цааш цаашдаа хүчирхэг улс, гүрнүүд дэлхийг хувьчлан авах аугаа их хөдөлгөөнийг үүдсэн билээ. Эл хөдөлгөөн яван эрчимжсээр эх дэлхий маань 12 эзэнт гүрний өмч болон хуваагдсан юм. Тэр цаг үеийн дэлхийн түүхийн голлох эзэн субьект нь мөнхүү эзэнт гүрэн байв.
 
Хүн төрөлхтөн дахин салах, хөндийрөх тавилангүйгээр хоорондоо холбогдож түүхийн нэгэн том хүрээнд түлхэгдэн орсноор дэлхийн түүхийг бичих санаархал буй болж төдхөн анхны оролдлогууд ч хийгджээ. Хөгшин Евразид Чингисийн удмын хаан Газаны санаачилга, зарлигаар дэлхийн түүхийн анхны нэгэн хувилбар XIV зууны эхээр Монголын эзэнт гүрний хаадын ордны сан хөмрөг, баримт, материал, “Монголын нууц товчоо” ном, “Их Яса” хууль зэрэгт тулгуурлан бүтээгдсэн Энэ бол одоо дэлхий нийтээр мэдэх болсон “Судрын чуулган" юм. XIV зууны дунд хэрд дахин нэг түүх бичигдсэн нь буддын шашны үзэл, баримтлалын үүднээс туурвигдсан “Улаан дэвтэр* хэмээх судар билээ. Энэ нь Энэтхэг, Хятад, Төвд, Монголын хаадын гарвал, намтар, тэднээс буддын шашинд хандаж ирсэн түүх, бурхны шашин Төвдөд дэлгэрч цаашид тархсан байдал түүний элдэв урсгалын талаар дэлгэрэнгүй бичигдсэн дэлхийн түүх юм. Чингэж хаадын ордны түүхчид, лам санваартнууд бусад оюунлаг хүмүүсийн хүчин чармайлтаар дэлхийн түүх бичигдэх чухал хэрнээ нэн их бэрхшээл бүхий ажил үйлс гараагаа эхэлсэн түүхтэй.
 
Дэлхийн хүн ардууд “Дэлхий дахин” хэмээгдэх нэгэн том нийтлэг болж, хоорондоо бүх талаар холбогдож, айх ба баясах нь ч ижилхэн нөхцөл, шалтгаантай болсон тэр үеэс хойш л 800 илүү жил өнгөрчээ. Ингэхлээр дэлхий дахины түүхийн хамрах хүрээ нь манай гариг бүхлээрээ, харин холбогдох хугацаа нь 800 гаруйхан жил байна. Дэлхий дахин маань ийм залуухан болохоороо хаана хаанаа алдсаар, эндсээр, хэн алингүй төөрөлдсөөр, ойр хоорондоо илүү, дутуу зан гаргасаар, өөдтэй хөрвөжиж, хүмүүжиж чадахгүй л яваа ажээ.
 
 
Судлаач, профессор Д.Чулуунжав