сонин mn
Том хүчирхэг улс, гүрэн бүр ёс юм шиг түрэмгий, дарангуй шинж байдалтай байж хол, ойрын жижиг улс орныг эсвээс өөрийн “ивээлд” багтааж, эсвээс өөрийн хатуу хараа, нөлөөнд хүчээр оруулж ирсэн нь ердийн зүйл, түүхийн үнэн билээ. Хавь орчиндоо өөртэй нь эн тэнцэхээр өөр хүчирхэг улсгүй тохиолдолд дээрх шинж байдал нь бүр хууль юм шигээр илэрч, хэрэгжиж байжээ. Харин айл хөрш шахам улс орнууд нэгэн зэрэг хүчирхэгжсэн тохиолдолд байдал ихэд эгзэгтэй болдог байв. Сэргэж дэгжсэн, ихэд хүчирхэгжсэн улс орнуудын харилцаа, холбоо, нэг нь нөгөөдөө хандах байдал зэрэг нь олон олон хүчин зүйлээс хамаарч элдэв шинж, байдлыг олдог байжээ. Хүчирхэг болсон зарим улс үндэстэн гадаад харилцаандаа ихэд алдаж эндэх нь ч элбэг, бас зүй зохисыг тааруулж сахиж чадаад хөршүүдтэйгээ тайвнаар зэрэгцэн оршиж, харилцан ашигтайгаар худалдаа солилцоо хийж хэвийн оршин тогтнох нь ч бас цөөнгүй байлаа.
 
 
Нэгдэж, хүчирхэгжсэн Их Монгол улсын хувьд түүхэн хувь заяа нь өөрөөс нь бүрэн шалтгаалахаар тийм түүхэн тохироо, нөхцөлд байж ер чадаагүй гэж хэлж болно.
 
 
 
Ойрхны хүрээлэл, түүхэн хөршүүд нь Монголчуудын нэгдэл, хүчирхэгжилтийг тун таагүйгээр, зарим нь бүр дайсагнаж хүлээн авчээ. Нүүдлийн шинэ, хүчирхэг төр улс нь суурин улс орнуудад уламжлалт айдас хүйдэс ч бас төрүүлжээ. Ихэнх хөрш улсууд шинэ залуу Их Монгол улсыг үл ойшоосон, басамжилсан, бүр доромжилсон байр, сууринаас харьцаж Монголчуудыг ганцаардуулах, хаах, боох, аливаа хүсэлтийг нь үл хүлээж авах, элчин харилцааг нь тасалдуулах нь зүйтэй мэтээр үзэх хандлагад бүгд автжээ. Энэ байдал нь эхэндээ Монголчуудыг ихэд цочирдуулсан байна...
XII зууны дунд хэрээс хүчирхэгжиж хавь орчиндоо дээрэнгүй, дарангуй хандсаар амтшиж, бүр ташуурах болсон Тангуд, Алтан улс хоёр Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүйгээр барахгүй Алтан улсын зүгээс элч ирж алба нэхэж сүрдүүлж бэлэг хүргэхээр очсон Монголын элч нарыг нийслэл хотынхоо гаднаас буцааж дээрэлхжээ. Энэ бүхэн нь Алтан улсын зүгээс урьд өмнө гаргаж ирсэн олон олон гэмт үйлдлүүд дээр нэмэгдэж хоёр орныг шууд дайны байдалд оруулсан байна. 1211 оны дундуур ХарХидан ба Сартуул улс эвсэж Монголын эсрэг холбоотон болцгоожээ....
 
Хилийн чанад дахь дайсагнасан хүчнүүдээс аль болохоор түргэн салах, тэдгээрийг эвсэх, нэгдэхээс нь урьтаж цохих, зайлшгүй учрах дайн тулааны үйл ажиллагааг болж өгвөл харийн нутаг дээр хийж голомтуудыг нь нэг мөсөн устгах, чингэснээр газар нутгаа тэлж хүн хүчээ зузаатгах, дайны олзоор цэрэг, армиа тэтгэх бодлогыг мөрдлөг болгохоос өөр аргагүй байдалд Монгол улс оржээ.
 
Чингэхдээ бүгдтэй нь зэрэг дайтахаас зайлсхийх, түр ч болов эвлэрлийн арга, замыг идэвхтэй эрэлхийлж, дотносох, хамтрах боломжийг ер алдахгүй байх, дипломат яриа, хэлэлцээг аль болохоор өргөн, шуурхай хийхийн чухлыг Чингис хаан сайтар ойлгосон байв. Монгол улс өөрийн элч, төлөөлөгчдийг ойр зэргэлдээ орших бараг бүх оронд илгээж эхэлжээ. Худалдаа солилцоо хийх боломжийг судлах худалдааны зам, сүлжээг тогтоох, гадаадын худалдаачдыг Монгол руу оруулахын чухлыг элч төлөөлөгчиддээ онцлон захиж байв. Гэвч Монголын хааны санаа, санаачилга бараг зуун хувь шахам хөсөрдөж, нааштай үг, үйлдэл хэнээс ч шахам дуулдсангүй өнгөрчээ. Түүгээр ч үл барам Монгол Улсын элчээр томилогдон илгээгдсэн олон шилдэг хүмүүс хөрш улсуудын хаадын тушаалаар амь нас алдсан байна. Энэ нь шинэ шинэ өс хонзонг мөн үүджээ.
 
Зарим нь хурцдан дамжирсаар дайн үүсэх шалтгаан болж гэм буруутай хаад, ноёдын өмнөөс гэм буруугүй хүмүүсийн цус урсаж, хот суурингууд эвдэрч сүйджээ. XIII зууны үеийн төр-цэргийн зүтгэлтнүүдийн сэтгэл зүй, ухамсрын үүднээс бол Монголчууд өс хонзонгоо зүй ёсоор тайлсан, гэм буруутай улс үндэстнүүд ч “Тэнгэрийн гэсгээл хүртсэн" болж үнэлэгдэн хоцорчээ. Монголын сайн санааны элч төлөөлөгчдийн амь хохирсон талаарх баримт, мэдээний урт жагсаалт сурвалжуудад түүх болон үлдсэн юм. Тэр түүхэн цаг үед төр улсын элч төлөөлөгчдийн амь нас халдашгүй дархан байх ёстой гэсэн хэв ёс бичигдээгүй хууль болон сахигдсаар байсан ба Монголын төр энэ хэв ёсыг өөрийн зүгээс зөрчиж байгаагүй билээ. Их Монгол Улсын элч төлөөлөгчдийг хөнөөсөн байдлыг 1214-1292 оны хоорондох баримтаар товчлон дурдъя (бүрэн бус баримт):
 
-1214 онд Алтан улсад илгээгдсэн Монголын элчүүдийг Алтан улсын хааны тушаалаар алжээ. (МНТ.УБ. 1976. 251 дэх тал)
-1218 онд Их Монголын элч, худалдаачид 450 хүнийг Хорезм улсын Отрар хотод Мухаммед шахын заавраар хөнөөжээ.
-Хорезмын шах Мухаммед Монголын хоёр элчийг цаазалжээ (Х.Шагдар. Монголчуудын аян дайн, цэргийн, урлагийн түүх. УБ. 1999. 344 дэх тал).
-1222 онд Оросууд Монголын элчийг цаазалжээ. (Балжинням. Монголын бүрэн түүхийн товчоон. УБ. 2005. I боть. 414 дэх тал).
-1223 онд Киевт Оросууд Монголын 10 элчийг хөнөөжээ. (Ж.Яотин. Чингэс хааны түүх шастир. УБ. 2002. 344 дэх тал)
-1225 онд Солонгост Монголын элч алагджээ. (Б.Балжинням. Монголын бүрэн түүхийн товчоон. УБ. 2005. I боть. 418 дахь тал).
-1231 онд Өмнөд Сүн улсад Монголын элчийг алжээ. (Н.Алтаншаа. Монголын гурван хаан Өгөөдэй, Гүюүг, Мөнх. Ө.М. 79 дэх тал).
-1233 онд Алтан улсын хаан Монголын 30 элчийг алжээ. (Монгол улсын түүх. II боть. УБ. 2003 158 дахь тал)
-1235 онд Сүн улс Монголын элчийг алжээ. (мөн тэнд 160 дахь тал)
 
-1237 онд Рязаны ван Монголын элчийг хөнөөжээ. (Б.Балжинням Монголын бүрэн түүхийн товчоон. УБ. 2005. I боть. 440 дэх тал)
-1240 онд Мажарын төр Монголын 30 элчийг алжээ. (Д.Цахилгаан. Батхаан. УБ. 2003. 80 дахь тал)
1241 онд Монголын элч олон хүнийг Сүн улс барьж хорьжээ. Тэд шоронд үхжээ. (Х.Шагдар. Монголчуудын аян дайн цэргийн урлагийн түүх. УБ. 1999. 697 дахь тал)
1257 онд Вьетнамд илгээсэн Монголын хоёр элчийг нүхэнд хорьж тамлажээ. (мөн тэнд. 700 дахь тал)
1259 онд Сүн улс Монголоос илгээсэн 2 удаагийн элчийг тус тус хөнөөжээ. (мөн тэнд. 712 дахь тал)
1260 онд Сүн улс Монголын хоёр элчийг хөнөөжээ. (Б.Балжинням. Монголын бүрэн түүхийн товчоон. УБ. 2005. I боть. 499 дэх тал)
Египетэд Монголын элчийг цаазлан толгойг нь хотын хаалган дээр дүүжилжээ. (мөн тэнд. 499 дэх тал)
Бирм улс Монголын элчийг алжээ. (Х.Шагдар. Монголчуудын аян дайн, цэргийн урлагийн түүх. УБ. 1999. 703 дахь тал) (бүрэн түүхийн товчоон. УБ. 2005. 516 дахь тал)
1274 онд Сүн улс Монголын элчийг хөнөөжээ. (Б.Балжиням. МБТТ. УБ. 2005. 516-р тал)
 
1275 онд Японд Монголын элч таван хүнийг цаазалжээ. (Ж.Бор. Монгол хийгээд Евро Азийн дипломат шастир. УБ. 2004. II боть. 353 дахь тал
1277 онд Монголын элч Японд алагджээ. (Х.Шагдар. Монголчуудын аян дайн, цэргийн урлагийн түүх. УБ. 1999. 704 дэх тал)
Сүн улс Монголын элчийг цаазалжээ. (мөн тэнд.712 дахь тал)
Японд Монголын элч алагдав. (мөн тэнд. I боть. 264 дэх тал)
1279 онд Монголын элч Японд алагджээ. (Т.Мөнхцэцэг XIII-XI/ зууны үеийн Монгол, Японы харилцаа. УБ.2004. 92 дахь тал)
1280 онд Монголын элчийг Японд алжээ. (Дай Юань улсын бичиг. ӨМ.1987.11 дэхь тал)
1281 онд Монголын элч Японд алагджээ. (Ч.Далай Монголын түүх. Их Монгол улс. УБ. 1994. 198 дахь тал)
1283 онд Чампад Монголын зуу гаруй элчийг алжээ.
(Х.Шагдар.Монголчуудын аян дайн, цэргийн урлагийн түүх. УБ.1999. II боть. 712 дахь тал)
1292 онд Ява арлын ван Монголын элчийн хацар дээр үсэг сийлж тамалжээ. (Ч.Далай. Монголын түүх. Юань улс. УБ. 1992. III боть. 198 дахь тал)...
 
Монгол угсааны аймаг, ванлиг, ханлигуудын хувьд энхтайвнаар зэрэгцэн оршиж дайн самуунгүй аж төрөх ганц бололцоо бол тэдгээрийг нэгэн хааны удирдлагад оруулж хураан нэгтгэх, нэгэн ерөнхий хууль, ёсыг сахиж аж төрдөг болгоход оршиж байв. Монголчуудын хувьд эл зорилт биелэгдэж дотоодын дажингаас ангижирч чадсан боловч гадаад байдал нь хүндэрч бараг л бүх хил дагууд нь аюул хаяанд байсаар, аюулын хэмжээ ба түвшин улам л өссөөр байлаа.
 
Хөрш орнуудын зүгээс санаатайгаар буй болгоод улмаар улам бүр бодитой, улам бүр ойрхны, улам бүр хөнөөлт үр дагавар ихтэй болсоор байсан аюулыг гагцхүү цаг алдалгүй эхэлсэн, эхлэл чигээ зөв тогтоосон, дипломатын ухаалаг бодлогоор дэмжүүлж чадсан сөрөг дайн, цэргийн сөрөг түрэмгийллээр үгүйсгэж, багасгаж болох байв.
 
Энэ бол Монголчууд, Монгол улсын цаашид оршин тогтнох ор ганц арга болж хоцорчээ. Ийм ганцхан хувилбарт, сонголтгүй замыг тэр цагийн гадаад ертөнц арайхийн нэгдэж нийлсэн Монголчуудад хүчлэн, тулган олгосон байна. Ийнхүү XIII зуун дахь Монголчуудын аян дайн бол яг хэрэг дээрээ Их Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, аюулгүй байдлын төлөөх дайн байлаа. Ялалт байгуулж чадваас цаана нь Монгол эх орон, Монгол төрийн тусгаар тогтнол, бүрэн эрх, Монгол угсаатны аюулгүй байдал шагнал болон ирэх, дайтаж авсан гол олз болон ирэх байсан гүнийн учир холбогдол байсны улмаас л тэр цагийн Монгол эрс толгой дараалан цэрэг болж, цэрэг нэг бүр баатарлагаар тулалдаж, бүр “үүр, зулзагаа өмөөрөн хамгаалсан эм барс лугаа” эрэлхэгээр тулалдаж байжээ.Эсрэг этгээдүүд нэн их хүчирхэг байсны учир дайн нэг бүр олон жилээр улиран үргэлжилж нэн их зардал, сүйтгэл учруулж байсан учир цэрэг-армийнхаа ар тал болж байсан жирийн Монголчууд (хөгшид,эмэгтэйчүүд, хүүхдүүд) бүхнээ дайнд зориулж ганц биеэр биш, олон үеэрээ хохирч, хэлмэгдсээр байв. Монгол эрсийн амьдрал, амь нас гэрээс гадуур оршин өнгөрч, тэдний бие цогцос ч эх орныхоо хөрсөнд оршуулагдаагүй өнгөрчээ. Их хаадууд тэдний удам судар болсон хүмүүсийн дийлэих олонх нь уугуул эх орондоо ясаа тавьж ч чадаагүй билээ.Өөрсөддөө болон өрөөл бусдад тайван амьдрал, дайн самуунгүй амьдрал, хүнлэг, хэвийн харилцаа, хандлагыг буй болгохоор зорьж, зэвсэг барин тулалдсан өвөг дээдэс маань зорьсондоо хүрлээ гэж хэн нь ч итгэлтэйгээр хэлж чадалгүйгээр бүгд л ээлж дараалан зуурдаар, дайны талбарт амь үрэгдэцгээжээ.
 
Тэд бүгд бүх нийтийн энхтайвны төлөө амь, насаа зориулжээ...
 
Дэлхийн хоёр том шашны (Христос, лал) ертөнцөд хагаслагдан хуваагдаад байсан Ази, Европын олон том хүчирхэг улсууд дэлхийг дахин хуваах, өөр өөрийн шашныг бусдад тулган хүлээлгэж шүтүүлэх, өөр шашинтныг буруу номтон хэмээн үзэж аймаглан устгахад бэлэн болчихоод байсан үед улс үндэстэн нэг бүрийн шүтэх, бишрэх эрх чөлөөг дээдлэн үзэж “Монгол морины туурай хүрсэн газар бүхэнд хүн бүр дуртай шашинаа шүтэх халдашгүй эрхтэй” хэмээн тунхаглан гарч ирсэн Монголчууд яваа яваандаа дээрх их туйлшрал, шашин шүтлэгээр ялгаварлан үзэх хөнөөл ихтэй аюулын галаас Ази ба Европыг хамгаалж чадсан байна. Загалмайтны дэлхийн ариун дайн ба Мусульманчуудын дэлхийн ариун дайны сүртэй уриа. лоозонгууд Монголчуудын ачаар намжиж, дарагдаж чимээгүй болжээ.
 
Дэлхийн хоёр том шашинтнууд нэг нь нөгөөгөө хядаж дуусгасангүй, бас өрөөл бусдыг түрэмгийлэн эзэлж шашин шүтлэгээ бусдад тулган хүлээлгэж хэлмэгдүүлсэнгүй өнгөрчээ. Энэ бол нийт хүн төрөлхтний хувьд том аз заяа байлаа. Улайрч улангассан загалмайтнууд, Мусулманьчууд хэрхэн хэрцгий, дарангуй байж чаддагийг хүн төрөлхтөн XIII зуунаас өмнө ч мэдсэн, мэдэрсэн ба түүнээс хойшид ч мэдсээр мэдэрсээр байгаа болохоор шашин шүтлэгийн хувьд бүрэн либераль байж чадсан эртний Монголчууд гайхамшигийг өнөөдөр Гиннесийн номд оруулах нь шударга ёсонд нийцэхээр билээ...
 
Өөр өөрсдийн шашин, шүтээнийг бусдаас дээгүүг тавьж туйлширсан улс орнууд хоорондоо хэвийн харилцаж тайвнаар зэрэгцэн оршиж ер чаддаггүйг хүн төрөлхтний өнгөрсөн түүх ноттой гэрчилж байна. Ийм болохоор хүн бүрийн шүтэх, бишрэх эрх чөлөөг тунхаглан тэмцсэн Чингис хааны байр суурийг буруутгах аргагүй юм. Харин зөв зорилгын төлөөх тэмцэл эртэдсэн буюу оройтсон аль нь болох тухай, уг зорилгыг хэрэгжүүлсэн үйл ажиллагаа аргагүйн эрхээр хэрхэн, яаж хэрэгжсэн арга барилын зүй зохисын тухай яриа, үнэлгээ бол “өөрөө түүх, өөрөөр байх боломжгүйгээр өнгөрсөн түүх”-ийн талаарх олон хувилбартай субъектив зүйл болохынхоо хувьд ямраар ч өрнөж болох мөнхийн сэдэв мөн болно. Цаг цагийн терроризм олон янзын нүүр царайтай байж болох, мөн олон янзын үндэс, шалтгаантай байж болох билээ.
 
 
Монгол улсын элчин харилцааг тасалдуулах, Их Монгол улсыг ганцаардуулах, хавчих, хяхах зорилгоор түүний албан ёсны элч, төлөөлөгчдийг алж, хөнөөж байсан Ази, Европын олон орны үйлдэл, алхмыг XIII зуунд ч, одоо ч зөвтгөх аргагүй юм. Учир нь энэ нь санаатайгаар үйлдэгдэж байсан ажиллагаа, тухайн цаг үеийн террор байлаа. Олон олон хөрш улс орон Их Монгол улсад терроризмын хэлбэрээр дайн зарлажээ.
 
 
 
Дээр дурдсан түүхэн үнэн өнгөрсөн 800-гаад жилийн туршид гуйвуулагдаж “Монголчууд цаг ямагт булаан эзлэх дээрмийн дайн хийж, бусдыг цус, нулимсанд нь живүүлж ирсэн” мэт болгож үзүүлсээр байсан нь хэрэг дээрээ бол дэлхий дахины түүхийг бодит үнэнээс холдуулах нэгэн зам, жимийг л үүдсэнээс өөр ашиг, тусыг гаргасангүй болно. Дайн, самууныг яалт ч үгүй өөр өөрсдийн зохисгүй үйлдэл, сэдлээр эхлүүлж даамжруулсан мөртлөө гэм бурууг нь зөвхөн л Монголчуудад тохон тайлбарлах аргаар олон олон орны зуйрган түүхчид хаадынхаа гаргасан алдаа, илт дээрэнгүй түрэмгий үйлдэл, алхмыг цайруулах гэж оролдсоор л байв.
 
Дайнд ялагдсан талуудын хохирол, зовлон нэн их байсан нь үнэн билээ. Энэ бол хэн хүнгүй л харамсахаар гунигт баримт мөнөөс мөн. Хожуу үеийнхэн бидэнд харамсах, сургамж авах, ийм түүх дахин бүү давтагдах болтугай гэж хүсэх, уриалахаас өөр хийх юу үлддэг билээ дээ. Гэхдээ тухайн тэр түүхэн цаг үед бүх нийтийн энх тайвныг тогтоохын төлөө тэмцэлд Монголчууд өөрсдөө ч мөн ихээр үрэгдэж, хохирчээ. Энэ тэмцэл өмнөө тавьсан зорилгоо биелүүлж Ази, Европод энхтайван тогтсон нь түүхэн үнэн билээ. Ази, Европ нэгэн жолоон дор орж үнэ цэнэтэй ололт, туршлагаа ч Номхон далайн эргээс Атлантын далайн эрэг хооронд өргөнөөр солилцож чаджээ. Урт удаан үргэлжилсэн энхтайван амьдрал ба энэ хугацаанд олон улс оронд гарсан нийгмийн дэвшлийн өр төлөөс болж Их Монгол улс өөрөө туйлдан доройтож, Монгол хүмүүс дэлхийгээр нэг цацагдан сарниж, эцэсдээ Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо ч алдаж хохирчээ. Харин Чингисийн удмын хаадаар удирдуулж байсан харь орнууд бүгдээрээ томорч, хүчирхэгжиж, бэхжиж үлджээ.
 
Ази, Европыг дамнан бүрэлдэж цогцолсон Монголын эзэнт гүрэн бол хэрэг дээрээ (орчин үеийн ойлголтоор) яг Евро-Азийн холбоо байв. Ази, Европ тэр цагийн даяаршилд автагдаж орчин үеийн “Евро”-гийн үүргийг Монголын эзэнт гүрэнд цутгаж хэвлэсэн өмнгө, алт, зэс зооснууд гүйцэтгэж байжээ. Торгоны их зам, түүний салаа, сүлжээгээр олон орны бараа бүтээгдэхүүн, оюуны үнэт зүйлүүд, соёлын ололтууд, шинэ сонин технологи, төр ёс амьтны биеэр тархах цус лугаа тал тал тийшээ урсаж байх болсон юм. Чингэж орчин цагийн дэлхий ертөнцийн анхны нэгэн эх загварыг бидний өвөг дээдэс одоогоос 800 мянга гаруй жилийн өмнө санаачлан бүтээсэн байв.
XIII зууны үеийн дэлхий дахиныг бараг бүхлээр нь хүнд бэрх тулаануудад ялан ялсаар эзлэн авч чадсан хэдий ч Монгол орон, Монголын ард түмэнд авсан, цуглуулсан гэхээр юм эцэстээ юу ч үлдээгүй байна.
 
 
“Түрэмгийлэн эзэлж, алж устгаж, бүх баялгийг нь дээрэмдэн авч одсон” гэдэг нь үнэн аваас ийм үр дүн, ийм төгсгөл байх учиргүй билээ. Их Монгол улсын нэр цуу, их Чингис хааны нэр цуу л өв болон үлдсэн юм.
 
 
 
“Монголчууд дээрээс, тэнгэрээс тэтгээстэй, бусдаас илүү их өндөр заяатай” гэгддэг ч гэлээ (энэ бурангуй психоз, төөрөгдөл одоо цагт мөн л хор, хохирол авч ирж байгаа) ХVI-ХХ зуунд (бүтэн 700 жил!!!) дээд тэнгэрийн ивээлээс таягдан хаягдаж, жижгэрч, хоцрогдож, хэлмэгдэж доройтжээ. Юуны учраас тэр билээ? Алтан ургийн ноёд тус бүр том толгой гаргаж, эв эвдэрч, хэргэм зэрэгт шунаж, мухар сүсэгт автаж, эцэстээ харь улсын төрд даган орж эх орон, тусгаар тогтнолоо алдаад доройтож мөхөж эхэлсэн нь “Тэнгэрийн тэтгэлгээ” огт биш, харин “Эзэн хичээснээс л заяа нь хичээж” байсныг хүмүүн бүхэнд нотлон харуулжээ. Эдүгээ ч гэсэн жирийн иргэд, иргэний нийгэм л хичээвэл Монголчууд бид зөв замдаа орох болно. Намчирхах нь Монголыг мөхөөх ээлжит арга, хэрэгсэл юм. Улстөрийн нам нэг бүр Хунтайж юм шиг аяглахаа болих хэрэгтэй... Эс тэгвээс XV-XX зууны түүх давтагдах болно!
 
 
 
Судлаач, профессор Д.Чулуунжав