сонин mn
Хүн төрөлхтний түүхийн аль ч зуунд Монгол төрхийн /монголиод/ хүмүүс ямагт л дэлхийн хүн амын олонхи нь байжээ. Анхандаа монгол төрхтөнгүүд бүгд л нүүдэлчид /малчид, анчид/ байв. Тэд дөрвөн зүг, найман зовхисруу тархан нүүдэллэсээр, шинэ шинэ нутаг орныг эзэмшсээр, олон хэлний угсаатнуудтай холилдсоор Ази болон Европ тивийн хүн амын хэл, соёл, аж ахуйн амьдралд том том өөрчлөлтүүдийг удаа дараа авч иржээ. Ази, Европын хоорондох уудам тал нутаг ингэж олон угсаа гарваль, олон хэл, соёл бүхий нүүдэлчдээр дүүрчээ. Тэдний соёл-иргэншлийн шинж байдал, хөгжлийн түвшин тун ч олон янз байжээ. Төв Азийн өндөрлөгөөс Номхон далай, Солонгосын хойг, Хятадын цагаан хэрэм, Ойрхи Дорнод, Зүүн Өмнөд Европ хүртэлх өргөн уудам нутагт нүүдэлчид зонхилж, жанжилж, бүхий л хил дагуух ард түмэнд олон талаар хүчтэй нөлөөлж, өөрсдөө ч мөн ихэд өөрчлөгдөж, дэлхийн түүхийн эртний үндсэн агуулга, үндсэн үе шатуудыг тодорхойлж, нөлөөлөн эхлүүлж, бас дуусгавар болгосоор иржээ.
Олон угсаа гарваль, хэл, соёл бүхий нүүдэлчдийн дотроос онцгой содон сондгой, өвөрмөц түүхтэй хэсэг нь Монгол угсааны хүн ам зонхилсон нүүдэлчид болох хүннүчүүд, хожуу цаг үеийн / XIII зууны/ монголчууд, тэдний холбоотнууд юм. Монгол угсаатан анх үүсэх, бүрэлдэх үед өвөг монголчуудын тоо хэд хичнээн байсан нь тодорхойгүй, бас яг таг тогтоох боломж ч үгүй болно. Гэхдээ төв Ази дахь хамгийн анхны хамгийн хүчирхэг Хүннү гүрний цөм нь, байгуулагч нь монгол аймгууд, тэдний үүсгэж төлөвшүүлсэн Хүннү улс байсныг тооцох аваас өвөг монгол аймгууд олон ч тоотой, хүчирхэг ч бүрэлдэхүүн хэсгүүдтэй байжээ. Хятадын эртний хүчирхэг улсуудтай /Ся, Шан, Чжоу, Цинь/ чацууран, өрсөлдөн түүхээ бүтээсээр дэлхийд хосгүй “Их Цагаан хэрэм”-ийг шахамдуулан бүтээлгэж задрах бутрах үедээ ч Ромыг мөхөхөд хүргэж, Энэтхэг хавийг сөгдүүлсэн Их Могол улсыг байгуулж явсан хүннүчүүдийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, нөлөөг басамжлах, доошлуулах аргагүй билээ.
 
 
 
 
Хүннү гүрнээс үлдсэн, тасарсан монгол угсааны аймгуудын байгуулж чадсан Сүмбэ, Нирун улсууд ч төв Азидаа “Том Бар”-ууд байжээ. Чухамхүү тэдний үед өсөж, хүчирхэгжиж завдсан Монголчууд Түрэг угсааны улсуудад /Түрэг, Уйгар, Киргиз/ уусчихгүйгээр үлдэж чадаад XIII зуунд дэлхий дахиныг эзэгнэсэн түүхтэй.
 
 
 
Их Хүннү гүрний эзэн угсаатан болох Монголчууд ойр хоорондоо элдэв янзын ялгаа бүхий эртний олон овог, аймгуудаас бүрдэж байжээ. Хүннү гүрний бүрэлдэхүүнд төв Азийн олон хэлний нүүдэлчин улс, аймгууд мөн багталцаж өөрсдийгөө хүннүчүүд хэмээн нэрийдэж явжээ. Өвөг монгол аймгуудын ярих аялгуу, соёлын зарим зүйлс, ёс заншил дахь ялгаа нь үлгэрлэвээс өнөөгийн Монгол угсааны ястнуудынхтай төсөөтэй байв.
Суурин амьдралтай иргэд шиг нэг доор бөөнөөрөө аж төрдөггүй. Малын бэлчээр ба ус, цасыг дагаж, ган зудаас зайлсхийж нүүдэллэн аль болохоор таруу сарнин оршиж ирсний улмаас хэдийгээр нэгэн угсаатан хэдий ч өвөг монголчууд өнөөгийн ястнуудынх лугаа ялгаат байдлаа олон мянган жилийн туршид хадгалсаар байлаа. Хил залгаа орших, бүр хольцолдон оршигч бусад угсаатны нөлөө монголчуудад олон мянганы туршид хүчтэй тусаж ирсэн нь бас үнэн болно. Хил залгаа оршигч өөр хэлтэй зарим нүүдэлчдэд монголчуудын нөлөө олон зууны туршид туссаар тэдний зарим хэсэг нь ихэд монголжиж яваандаа монгол гэгдэх болсон тохиолдол ч цөөнгүй. Гэхдээ цаг цагийн монголчуудын зонхилох хэсэг нь удирдагчид нь ямагт л “цэвэр цусны монгол хүн” хэвээрээ үлдсээр ирсэн онцлогтой. Энэнд байгаль-цаг уурын хатуу нөхцөл, төв Азийн нүүдэлчдийн гадагш тархах нэг чигийн хөдөлгөөн, монгол дайчдын нутаг усаа хамгаалах өндөр чадавх зэрэг хүчин зүйлүүд эерэг нөлөө үзүүлсээр иржээ. Бүх түүхийнхээ туршид монголчуудын, монгол жанждын хийсэн, оролцсон аян дайны зонхилох хэсэг нь хамгаалах бус довтлох шинжтэй байсан нь “Монголын өндөрлөг”-рүү чиглэсэн халдлага гарахгүй байхын нэгэн шалтгаан, нөхцөл болж байсан онцлог бас буй...
Түрэг, Уйгар, Киргизийн ноёрхлын үед Монголчууд төв төргүй болсноос биш сөнөтлөө, мөхөтлөө хиар цохиулсан биш билээ. Олон янзын статус бүхий жижиг улс төрийн нэгжүүд байдлаар оршиж, хүчээ сэлбэж, хүн амаа өсгөж, ойр хоорондоо ил далд холбоо тогтоож, Их Нирун улсын үеийн хүчирхэг байдал, төр хасгаа хүсэмжлэн тэмцэлд бэлдсээр байжээ. Таатай цаг үе, өхцөл, тохироо бүрдмэгц улс төрийн уламжлалт сэтгэлгээ, түүхийн ухамсар нь сэргэж нэгдсэн төр засгаа байгуулж чаджээ.
Ер нүүдэлчид, тэр дундаас монголчууд /Халимаг, Буриад, Цахар, Өвөрлөгчид гэх мэт / олон тийшээ сарнин тархсаар байсны цаад шалтгаан нь үндсэндээ л улс төрийн уг сурвалжтай, төв засаглалын хомсдолтой холбоотой байв.
 
Монголын эзэнт гүрний нийслэлийг Хубилай хаан Хятад гуу шилжүүлсэн, уламжлалт бус аргаар өөрийгөө хаанд өргөмжлүүлсэн, алтан ургийнхны хооронд үүссэн зөрчил, үл ойлголцлыг хүчээр, цус асгаруулан шийдсэн, Хар Хорин нийслэлтэй Чингисийн эзэнт гүрний нэр, нөлөөг дэлхий дахины өмнө гутааж балласан, Монголыг давааны цаадах муж төдий болгож жижигрүүлсэн, Ил Хаант улс, Цагаадайн улс, Алтан ордны улсыг хараа, нөлөөнөөсөө алдаж сул шахам орхисон зэрэг нь Чингисийн эзэнт гүрний нэгдмэл, цул байдлыг эвдэлж хэврэгшүүлжээ. Хожуу манж нар Хятадад уусан мөхсөн шиг түүхэн үзэгдэл Монголчуудын хувьд ч тохиож, хэрэгжиж болох байв. Хубилайн улс төрийн үйл ажиллагааны үр дагавар Эзэнт гүрнийг, монгол угсаатныг уруудах замд нь хөтлөн оруулжээ.
Их Юань гүрний хааны сэнтийд олон жил тухлан суусан Хубилай, түүний хөвгүүд, ач нар ихэмсэглэх, тансаглах, биесээ хэд бодох, хятад түшмэдүүдийн алсын хараатай уран нарийн аргад хууртах, алс хойчоо бодох, тооцох ухаан дутах, монгол угсаатан маань хэрхэн орхигдож, яаж жижгэрч байгааг үл тооцох зэрэг олон олон дутагдал, доголдолд автсаар эцэстээ Бээжингээс зугтан гарсан билээ. Хятад хүчирхэгжиж, Манж нар хүчирхэгжиж, хойд талаар Оросын цэрэг зэвсэг түрэн орж ирж буй осолтой нөхцөл, тохирооны үед ч Монголын хаад, ноёд ойр хоорондоо л зөрчилдөж, тэмцэлдсээр байлаа. Элдэв шинж, гарвалтай мөчөөрхөл, өс хонзон, биесээ ихэд бодсон хэнээрхэл, шарын шашны зөв үзэл санаанд нь биш гагцхүү мухар сүсэг, бишрэл төрүүлэгч тарни, шившлэг, ид шид, хойт төрөл, хойд дүр, элдэв бурхдын догшин дүр мэтэд мухар сохроор итгэх тэнэглэл, яс овгоор талцдаг, өрсөлддөг бурангуй сэтгэлзүй, ухамсар, хэргэм зэрэг отго жинсний төлөө үхэн хатан зүтгэдэг, авилга хахууль өгдөг, авдаг дон, согог мэт нь Монголын язгууртнуудад өвчин /эрэмдэг/ болон шүглэсэн гамшиг эцсийн дүндээ Монголын түүхэн газар нутаг, хүн ам, өмч хөрөнгө, байгалийн баялгийн хагасаас илүүг нь хоёр хөршдөө алдахад хүргэжээ.
 
 
 
Яг үнэндээ бол энэний гол буруутан нь хоёр хөрш маань биш Монголчууд бид өөрсдөө, эн тэргүүнд Халх, Ойрд, Өвөрлөгчид, Торгууд, Буриад, Баргын “ихэс” дээдэс” юм шүү дээ...
 
 
 
Өнөөгийн бид өнгөрсөн түүхийг зохиомжлох биш, шүүж яллах биш ганцхүү үнэн мөнөөр нь сэргээн өгүүлж, сайн ч талаас нь, бас муу ч талаас нь эргэцүүлэн үзэж, түүхэн цаг үеийн нь шинж, жишигт тохируулан үнэлж, үлдээх-сургамжийг нь зөвөөр таньж нийтэд мэдээлэх ёстой билээ. Дэмий улс төржүүлж, өрөөсгөлөөр хандаж, эрх мэдэл бүхий хүн ба хүчний захиалгаар ярьж, бичиж эхлэвэл тэр нь түүх биш, шинжлэх ухааны бүтээл биш болдог.
Монголчууд хийгээд тэдэнтэй түүх, гарвал нэгтэй ард түмнүүдээс дэлхий дахины түүхэнд үзүүлсэн их нөлөө, түлхэц, ач холбогдлыг улс төржсөн түүхчид эсвэл бүрэн орхигдуулж, эсвэл мугуйдлан гуйвуулж түүхэн үнэнээс холтгож, санаатайгаар бүүдгэрүүлж байсаар XXI зуунтай золголоо. Энэ нь хэрэг дээрээ дэлхий дахины түүхэн бодит явцыг хянан засварлах, хэн нэгэнд ашигтайгаар гуйвуулж үнэнээс холдуулах, түүхэн үнэнийг нэхэн сэргээж үнэт сургамж авах боломжийг үгүйсгэх гэсэн нэн хортой арга, хандлага мөн юм. Ийм алхам ба үйлдлийн харгайгаар элдвийн муу үр дагавар ч гарч болох билээ.
 
 
 
Түүхэн үнэний зам, гольдрол, зүй тогтолд үл захирагдагч хийсвэр сэтгэлгээний үзүүлж, үлдээж чадах гай, хорлолыг хүн төрөлхтөн арилгах, цэвэрлэх гэж бүхий л түүхийнхээ туршид мэрийж, хичээж ирснийг хэн ч мартах ёсгүй.
 
 
 
Нийтийн он тооллын III-V зуунд нийт хүн төрөлхтний тэргүүний, хөгжилтэй хэсгийг нэлэнхүйд нь сэрээж хөдөлгөөнд оруулсан нэгэн өвөрмөц их хүч бол Их Хүннү гүрнээс гарвал угсаа бүхий нүүдэлчин аймгууд Төв Азийн өндөрлөгөөс өрнө зүг рүү хөдлөн Евро-Азийг бүхэлд нь сандчааж, шинээр элдвээр бүлэглэгдэхэд түлхэн хүргэж, удаан хугацааны хуучинсаг, хэвшмэл байдлыг нь эвдэлсэн явдал юм. Том хүчирхэг гүрэн болох Их Хүннү улс задарч гурав хуваагдахад шинэ газар нутаг, орон зайг эрэлхийлэн өрнө зүг рүү хөдөлсөн Умард Хүннүчүүд Ази ба Европын ард түмнүүдийн Их Нүүдлийг дагалдуулан Европын хийгээд дэлхий дахины түүхийн явцыг ихээхэн өөрчилж, түргэтгэжээ. Хүннү нар одоогийн Унгарын нутаг орчмоор төвлөн Европын олон ханлиг, ванлигийг өөртөө нэгтгэж баруун зүгт Рейн мөрөн, дорно зүгт Ижил мөрөн, хойд зүгт Балтийн тэнгис, өмнө зүгт Ромын эзэнт улстай Дунай мөрөн, Адриатын тэнгисээр хиллэсэн их гүрнийг тэмцэн байгуулж, сүр хүчээрээ тухайн үеийн хамгийн том эзэнт гүрэн Ромыг сүрдүүлж түүний зарим бүрэлдэхүүн хэсгээс нь алба татаж, хараат болгож байжээ. Аттила хааны үед /434-447/ хүннүчүүд хүчирхэгжлийнхээ оргил цэгт тулжээ. Ард түмнүүдийн Их нүүдлээр эхэлсэн хөдөлгөөн эмхрэн тогтворжих процесс нь эртний дэлхий дахины түүхийг төгсгөвөр болгож дундад зууны гэгдэх түүх эхлэх угтвар нөхцөлийг бүрдүүлжээ. Чингэж дэлхий дахины улс түмэн түүхэн хөгжлийнхөө нэгэн их гүн цүнхлээс сугаран гарч урагшлан хөгжлийнхөө дараачийн шатанд шилжин ороход хүргэсэн шалтгаан, нөхцөлийг бүтээлцэхэд Төв Азийн нүүдэлчид, тэр дундаас Монгол гарвал, угсаа бүхий ард түмнүүд нэн их үүрэг гүйцэтгэсэн байна. Америк тив, Австрали тив, Шинэ Зеланди зэрэг хуурай газрууд нээгдээгүй, Африк тивийн хүн зоны дэлхий тахинд гүйцэтгэх үүрэг сул дорой байсан түүхэн тэр цаг үед Евро-Азийг дамнасан их хөдөлгөөн, Их нүүдэл, түүний мөрөөрх шинэ нөхцөл, байдал, шинэ зохион байгуулалт, шинэчлэл, дэвшил нь хэрэг дээрээ бол дэлхий дахины шинжтэй ач холбогдол, үр дагавар мөн юм. Марксист-ленинист нийгэм судлалд феодалын бутралын үе хэмээн нэрлэгсэн Евро-Ази дахь бүх нийтийн самуун цаг, ороо бусгаа байдал, төлвийг суурьшмал улсууд ч нэг тийш нь болгож шийдвэрлэж чадсангүй, мөн нүүдэлчид ч байдлыг түвшитгэн нэг мөр болгож дийлсэнгүй байсаар XIII зуунтай золгосон ажээ.
 
Энэнээс харахад үндсэн хоёр соёл, иргэншлийн гүйцэтгэсэн ба гүйцэтгэж чадах үүрэг, роль дурдсан зуунуудад адил, ойролцоо байжээ. Нийгмийн хөгжил дэвшлийн хийгээд цэрэг-дайны потенциал, орчиндоо нөлөөлөх чадавх нь мөнхүү соёл, иргэншлүүдэд түүхэн тэр цаг үед тун ч адилавтар байсан бололтой. Ингэхлээр Төв Азид оршин, аж төрж байсан суурьшмал улсууд болон нүүдэлчдийн хоорондох хүчний харьцаа, тэнцвэр, сөргөлдөгч талуудын хувьд нэг нь нөгөөгөө давамгайлах чадавх, дипломат ур ухаан, улс төрийн сэтгэлгээний хөгжлийн хэр, түвшин, цэрэг-зэвсгийн хүч, нөөц, ер нь юм юм нь л бүгд ойролцоо, адилавтар байсан бололтой.
Хоёр соёл, иргэншил нэг нь нөгөөгөөсөө тусгаар, хөндий байхдаа хүрч чадаагүй тийм эвлэрэл, ойлголцол, харилцан хүндэтгэлийг хожим нь ирсэн нэгэн том түүхэн хэрэг явдал харин буй болгож, нэлээд урт хугацааны туршид харьцангуй тайван байдлыг үүдэж чадсан билээ. Энэ бол дэлхийн хагасаас илүүг эзлэн авч ноёрхлоо тогтоосон нүүдэлчдийн их аян дайн, түүний үр дагавар мөн болно. Дотоодын хийгээд гадны 1500-гаад жилийн ужиг их самууныг үзэж өнгөрөөсөн, эл хугацаанд эгнэшгүй их хүчирхэгжиж ч үзсэн, бас эцсийн цэгтээ тултлаа туйлдаж, доройтож ч үзсэн, энэ бүхний эцэст улс орнуудын хоорондох харилцаанд шударга ёс, харилцан хүндэтгэл, энх тайвныг л урьтал болгон хүсэмжилдэг иргэншилт соёлын нэгэн субьект болтлоо өсөж, өндийж чадсан төв Азийн нүүдэлчдийн гараар мөнхүү хэрэг явдал гүйцэтгэгджээ. Чингэснээр хоёр соёл, иргэншил холилдож, сүлэлдэж, нэг нь нөгөөгөө зөвөөр ухаарч, харилцан суралцаж, сургамж авч, нэг нь нөгөөгөө зохих ёсоор хүлээн зөвшөөрч, тал талдаа зохих жор ба тунгаар уусацгааж, хэн хэн нь нэгдэх, төвлөрөхийн ач холбогдол, сүр хүчийг мэдэрч, ураг төрхмөө таньцгааж, ёстой л “Газраа тэлэх, хилээ бэхлэх, хүнээ таних, хэлээ ойлголцох”-ын учир холбогдлыг ухаарцгаасан ажээ. 
 
 
 
Чингис хааны эхлүүлсэн их аян дайны анхдагч бүх шалтгаан нь тэр үедээ хүчирхэг гэгдэж асан орнуудын зүгээс гаргасан олон улсын харилцааны ноцтой гэмт хэрэг тэсвэрлэмгүй зэрлэг үйлдлүүд байлаа. 
 
 
 
XIII зууны Монголчууд төр ёсны 1500 шахам жилийн түүхэндээ улс хоорондын харилцааны наад захын ёс горимыг уландаа гишгэсэн харь гүрнүүдийн хаад, ноёдын тушаалаар олон зуун элч, төлөөлөгчөө алуулсан билээ. Мөн хэдэн арван мянган цэрэг-дайны олзлогдогсдоо зүй бусаар яргалуулжээ. Жишээ нь 555 онд эртний түргүүд монголын цэрэг-дайны олзлогдогсод болох гурван мянга шахам хүнийг эр, эм гэж ялгалгүйгээр нийслэл хотынхоо /одоогийн Сиань/ хаалганы гадна зэрлэгээр цавчиж алсан билээ. Чингэж тэр үеийн ёсыг үл хэрэгсэн энгийн олон иргэнийг яргалсан жигшүүрт үйлдлээр эртний түрэгүүд одоогийн Монгол улсын нутагт ноёрхлоо эхэлсэн түүхтэй. Эртний түрэгүүдийн ноёрхол нь /555-745/ тэр цагийн монголчуудын хувьд хүчирхэг улс /Нирун/, төв төрийг нь мөхөөж, олон арван мянган цэрэг дайчид, олон мянган энгийн иргэнийг хядаж, газар нутаг ба мал хөрөнгийг нь дээрэмдэж авсан цуст хүчирхийллийн үе байв. Хожуу үеийн жишээ гэвэл 1218 онд Их Монгол улсын хаанаас Хорезм улсад илгээсэн 450 жирийн худалдаачдыг /500 гаруй тэмээн ачаа бараа, ихээхэн үнэт зүйлс, их хэмжээний алт, мөнгөний хамт/ Хорезмын Шах Мухаммедын тушаалаар Отрар хотод баривчлан авч цаазалсан баримт юм. Хорезмын худалдаачид өмнө нь Монголд ирж худалдаа арилжаагаа хэвийн явуулаад буцаж байсан атал хэрэг явдал ганцхүү монголчуудын хувьд ийм ёсон бусаар эргэсэнд гайхаж түгшсэн Чингис хаан Шах Мухаммедэд дахин элч зарж учрыг асуулгажээ. Гэтэл Мухаммед хаан элч нарын тэргүүнийг алж, үлдэх хоёр хүнийх нь үсийг хусан даапаалж, доромжлоод хөөн явуулсан байна.
 
Элчин төлөөлөгчдийн бие халдашгүй байх нь зөвхөн сайн харилцаат улсын элчин төлөөлөгчдийн хувьд ч төдийгүй мөн дайсагнагч болон дайтаж байгаа улсын элч нарын хувьд ч чанд сахигдах ёстой хэм хэмжээ билээ. Энэнийг ойлгох, сахих соёлоор Хорезм улс дутсан гэж үзэх үндэсгүй юм. Тэр цагийн олон улсын харилцааны ёс зүй, хэм хэмжээний үүднээс, ялангуяа Хорезм ба Монгол мэтийн хоёр хүчирхэг улсын шууд харилцааны хувьд бол энэ нь Хорезмын Шах Мухаммед хамгийн жигшүүрт үйлдэл, бурангуй доромжлолын тусламжтайгаар Их Монгол улсад дайн зарлаж байгаагаа ил, тод илэрхийлсэн нэн их дээрэнгүй ааш авир мөн байв. Ийм их доромжлолыг тэвчиж өнгөрөөх эрх ба ёс суртахуун тэр үеийн их Хаадын хэнд ч байх боломжгүй билээ. Шадар хүмүүс, их жанждынхаа буцалсан их өс хонзон, шахалтанд орж “цаашид тэвчин суух аргагүй болсон” хэдий ч Чингис хаан Шах Мухаммедаас зарласан дайнд ултай, суурьтай хандаж, тэр цагийн үнэлгээгээр бол удаан бэлтгэсэн байна. 20 гаруй сая хүнтэй их Хорезм улсын эсрэг 2 сая хүрэхтэй үгүйтэй монголчууд 140 мянган орчим цэргээр халдаж зүрхлэнэ гэж Шах Мухаммед ер бодоогүй биз ээ. Тийм учраас тэрээр тийнхүү араатан адил омогшин зоргоор авирлаж хөрш шахам орны олон зуун жирийн худалдаачныг яргалах тушаалыг биеэр өгч худалдаачдын авч явсан бүх эд баялгийг хураан авсан буй за. Өөрийг нь залхаах ташуурыг Аллах бурхан хэний ч гарт өгч болохыг мөнхүү их нүгэлт хаан ер тооцсонгүй ажээ..Алс хол орших хүчирхэг их гүрэн рүү зөөврийн дайн хийх зүрх, зоригийг монголчууд гаргаж чадсаны цаад гэтэлшгүй учир, шалтгаан бол чухамхүү тэр үед хэн ч тэвчиж үл болохоор их жигшүүр, Монголын хааны хүлээсэн гэнэтийн их доромжлол байсан нь үнэн юм. Хэрээ мэдэх, хүчээ танихуйд гаргууд сайн хүн болох Чингис хаан Хорезмтэй хийх дайнд түшиц, хамсаатан эрсээр жил гаруй болжээ. Удахгүй эхлэх зөөврийн дайнд шууд түшиц болох газраар Чингис хаан Баруун Ляо /Хар Хятан/-гийн нутгийг сонгон аваад хэрэг дээрээ Шах Мухаммедийн нэгэн хамсаатан болох Хар Хятаны эзэн Хүчлүгийн цэргийг 1219 онд бут цохиж Дорнод Туркестаныг эзэлжээ. Ингэснээр Их Монгол улс нь Хорезмын нутагтай шууд хиллэх болж Монголын их цэргийн аян дайны зам ч чөлөөлөгджээ.
 
Чингис хаан Хорезмыг дайлаар мордохынхоо өмнө Тангудын Бурхан хаанд элч илгээж “...Баруун гар чинь болъё гэж чи хэлсэн биш үү? Сартул улсад алтан аргамжаа таслуулаад би хариу авахаар мордох болов. Баруун гар болж морилогтун!” хэмээн хүсчээ. Гэвч Чингис Тангудын хаанаас бас л нэлээдгүй доромжлол, басамжлал агуулсан хариу авчээ. Зарсан элчийнхээ хариу үгийг сонсоод Чингис хаан “Тэдэнд яаж ингэж хэлэгдэх билээ. Урьдаар тэдэнтэй очиж байлдвал зохилтой. Гэвч өөр хүнд зорьж буй тул энэ удаа болъё. Мөнх тэнгэрт ивээгдэж алтан жолоогоо бат татаж ирвээс тэр цагт магад болтугай” гэж ихэд зэвүүцэн хэлж байжээ. Тангудын талын хариу үг нь Хорезмтэй хийх дайнд Монголчууд ялагдах болно гэж ташаа тооцоолсны илрэл мөн байв. Мөнхүү дайны ирээдүйн ялагч нь Монголчууд байх болно гэж үзсэнсэн бол Тангудын зүгээс тийм хариуцлагагүй үг, хандлага гарах учиргүй билээ. Цэрэг-дайны үйл ажиллагааны шинэ нөхцөл, стратеги, тактикийн хувьд тухайн цаг үеийн биеэ ихэд тоосон хаад, тэдний тойрон хүрээлэгчид цаг үеэсээ их хоцогдсон, шинэ мэдээлэл, мэдлэгээр хэр их сул байсны нэгэн нотолгоо энэ юм.
Хорезмтэй дайтах эцсийн шийдвэрийг Чингис хаан өөрөө дагнан гаргаагүй билээ. 1219 оны хавар Их Хуралдай зарлаж Хорезмын Шахаас Их доромжлолоор дайн зарласны” хариуд хэрхэхийг гол асуудал болгон тавьж хэлэлцүүлжээ. Их Хуралдай дайтах шийдвэр болон уг аян дайныг Чингис хаан өөрөө удирдах ёстой” гэсэн эцсийн хөдөлшгүй шийдийг гаргасан байна. XIII зууны Монголчууд төр ёсны, цэрэг дайны, дипломат харилцаа, тагнуул туршуулын ихээхэн уламжлал, чадавхтай байсан гэж үзэх нь үнэнд нийцнэ.Тэр цагийн монголчууд бол түүхэндээ нэгэнтээ сэргэж, хүчирхэгжээд амжилтандаа толгой нь эргэсэн тохиолдлын гэхээр хүч, улс орон ер биш байв.
 
“Могойг гурав хуваасан ч гүрвэлээс урт” гэдгийн үлгэрээр сүр хүчээ мянганыг дамнуулан хадгалж чадсан Төв Азийн цөөн хэдэн угсаатны нэг нь монголчууд билээ. XIII зууны 20-иод оны үед монголчууд дахин золгосон их сэргэн мандалтын үедээ байж төр ба нийгэм нь шинэлэг их эрч хүч, аагаар бялхаж байсан цаг юм. Хүн ам нь хоёр сая хүрэхтэй үгүйтэй цөөн хэрнээ төр нь цомхон, чадварлаг, хүнд сурталд идэгдээгүй ба цэрэг дайчид нь ижилхэн шилмэл эрсээс, дайтах урлагийн мастеруудаас бүрдэж, дарга, жанжид нь ганцхүү тулалдаж ялж ирсэн практик үйлсээрээ товойж тодорсон маршалууд байлаа. Нэг нь аравтай, тохироо нь бүрдвээс түүнээс ч олон дахин их хүчтэй тулалдаж чадах тактикийн чадавх, потенциал бүхий зуут, мянгатууд нь маневарлах хурдаараа дэлхийд гайхагдахаар байсан ажээ. Их хүчээ дэлгэх, бүлэглэх, дайснаа бүслэх, хаах, гэнэдүүлэх, танигдсан илчлэгдсэн санаархлаа даруй орхиод өөр зохистой хувилбарт шилжиж шаламгайлан гүйцэтгэх, эсрэг этгээдийн гол, тулгуур, хөтлөх тал, хэсгийг урьдаас таньж сарниах, бутлах зэрэгт хэрэглэж дадсан олон дархан мэх, тактикийн сонгомол арга, барилуудаараа Чингисийн өрлөг жанжнууд гоц ялгарч, алдаршсан юм. Шах Мухаммедийн өдөж дуудсан их дайнд сайтар бэлтгэж, Хорезмыг тандан судалж, ялах итгэлтэйгээр Чингисийн цэрэг хүрэлцэн ирэх үед Хорезмын байдал ямар байсан нь сонин билээ.
 
 
 
Нүүдэлчдийг доорд үздэг, үл ойшоодог, дутуу үнэлдэг, басамжилдаг тэрхүү их зан, дээрэнгүй авир аашинд Хорезмын ихэс дээдэс мөн л ихэд идэгдсэн байжээ.
 
 
 
Тэр цагийн Монголын цэрэг, дайны чадавхыг юу гэдгийг нь таньж, ухаараагүй байсан нь Хорезмын хариу үйлдлүүдээс тодорхой байна. Ер нь тухайн үеийн дундад Ази, Европ, баруун Европын улс орнуудаас Их Монгол Улсын хүч, боломжийг тандаж мэдсэн нь тун бага байжээ. Тиймээс ч гадаад харилцаа, гадаад худалдааны хэвийн, жирийн холбоо тогтоож, тайвнаар зэрэгцэн орших гэсэн монголчуудын чин эрмэлзлийг бараг л хандсан улс болгон нь шахам мохоож, үл ойшоож, бүр доромжилж хариу өгчээ. Дундад Ази, Европ, баруун Европын зарим томоохон орон, тэрчлэн Хятадын хаадууд тухайн тэр түүхэн цаг үед чингэж ихэрхүү, ахархуу, аархуу байсны цаана бас ч гэж зохих учир, шалтгаан мөн байжээ.
 
Дэлхийн улс орныг Христос шашинд оруулж Ром төвтэй нэгдсэн их гүрэнг буй болгох гэсэн Ромын папын бодлого ид өрнөж өөрт нь саад хийж болох байсан улс төрийн аливаа хүчийг үзэн ядаж, басамжилж хандах нь христос шашинтай томоохон улсуудын хаад, ноёдын гэм биш зан болсон байв. Нөгөөтэйгүүр “лалын шашинтны ариун дайныг сурталчилж”, Ази Дорно дахин руу түрэмгийлэх ажлаа нэгэнт эхэлчихээд байсан мусульманчуудын их санаархал олон олон хаад ноёдын нүдийг хааж, омогшлыг өгчээ. Түүхэн тэр цаг үед Хятадын ихэс дээдсийн уламжлалт дээрэнгүй бодлого, санаархал ч мөн ихэд идэвхжиж күнз ба бомбын сургаал хаяа, хүрээгээ тэлсээр тэднээс нүүдэлчдзд хандах байдал нь улам бүр түрэмгий шинжтэй болсоор байжээ. Ийм ээдрээ, зангираа бүхий эгзэгтэй цаг үед Монголчуудын бусдаас өрсөж явуулж чадсан цэрэг, дайны сөрөх бодлого, тактик нь стратегийн амжилтад хүргэж дээр дурдсан тоталитар аюул, түрэмгийллүүдээс өөрийгөө болон бусдыг хамгаалж чадсан байна.
Шах Мухаммед Их Монгол улсын хагас мянга шахам жирийн худалдаачдыг худал шалтаг зааж хоморголон барьж цаазлан хороосон нь Нэгдүгээрт, Их Монгол улсыг дундад Ази, Европоос таслан тусгаарлаж түүний эдийн засгийн ашиг сонирхлыг хааж боох, Хоёрдугаарт, Өөрийн нэр төрийг өргөж, сүр хүчийг үзүүлж, дарамтаа чангалах, Гуравдугаарт, Цаашид шатлан өргөжүүлэхээр үхэж байсан түрэмгийлэлдээ шалтаг, нөхцөл олох, Дөрөвдүгээрт, Монголын аюул гээчээр далайлгаж лалын шашинтай жижиг улс, орноор өөрийгөө хүрээлүүлэх, Тавдугаарт, Христосын ертөнц болон бусад буруу номтны эсрэг хийх “лалын шашинтны ариун дайн”-ы психозыг хөөрөгдөх гэсэн давхар давхар зорилго, сонирхлыг агуулж байсан том бодлогын үзүүр, үндэс мөн байжээ. Ази, Европ дахины тэр цагийн улс төрийн бодлогын олон үзүүрт, олон толгойт, олон санаархалт, олон талт макро бүтцийн зөрчилдөөнт, сөргөлдөөнт байдлыг дүрслэн үзүүлэх аваас мөдхөн л 
“Одтой тэнгэр орчиж
 Олон улс байлдаж 
Орондоо унтах завгүй 
Олзлон булаалдах болчихоод” байжээ.
 
Дээр дурдсан, зайлшгүй нүүрлэх байсан их дайн самууныг базан хэлэхэд XIII зууны эхнээс XVII зууны эх хүртэлх 400 аруй жилийн хугацаанд Чингисийн байлдан дагуулал таслан зогсоож, цаашид ч удтал боломжгүй байх болгож чадсан юм. Улс хоорондын улс төрийн хийгээд худалдаа-эдийн засгийн-харилцаа, холбоог хэвийн явуулж, үүссэн аливаа зөрчил, маргааныг соёлжсон, иргэншсэн улс гүрнүүдэд байваас зохих аргаар, тайван замаар шийддэг болж сургах, зуршуулах гэсэн нүүдэлчдийн оролдлого /амь хайргүй оролдлого/, өрсөж авсан арга хэмжээ нь мөнхүү түүхэн их басамжлалуудад хариу барьсан залхаах, цээрлүүлэх зорилго бүхий байлдан дагуулалтаар илрэн хэрэгжсэн гэж хэлж болно. Хэрэг дээрээ яг тийм байлаа. Энэ бол бүх нийтийн энх тайвны төлөө, тайвнаар зэрэгцэн оршихын төлөө тэмцлийн нэгэн түүхэн хувилбар, Монгол хувилбар болж түүхэнд тэмдэглэгдэх ёстой их санаачилга, түүний хэрэгжилт, үлдээсэн үр дагавар болно.
Монголчууд бол цөөхөн ч гэсэн, нүүдэлчид ч гэсэн том үндэстэн, онцгой содон, сондгой өвөрмөц угсаатан, дэлхийн түүхэнд нэрээ, мөрөө мөнхөлсөн ард түмэн мөн билээ.
 
 
Судлаач, профессор Д.Чулуунжав