сонин mn
 
 
“2014.03.16-ны референдум” юуны өмнө ОХУ дахь орос үндэстнүүдийн омогшлын баярын өдөр болсныг нийтээрээ мэднэ. Залгаад Зүүн өмнөд Украины хэрэг явдал оросуудын цөсийг хөөргөж чухам сэрлийг бадраажээ. Гэхдээ аянгын хар үүл айсуй! Ийм нөхцөлд Оростой шууд хиллэдэг, найрсаг харилцаатай Монгол яах вэ? Хэрхэн хандах вэ? 
 
Оросын “Роснефть” компанийн дарга ноён Игорь Сечинийг Монголд айлчлах үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээн авч уулзсан. Тэр үеэр Украин, Крымын асуудлаархи Монголын байр суурийг тодруулж ноён Сечиний асуултад Монгол Улсын Ерөнхийлөгч товч бөгөөд тодорхой ганцхан хариулт өгсөн. Тэр нь “Бид энэ асуудлыг хэлэлцэхгүй ээ” гэсэн ганцхан өгүүлбэрээр илэрхийлэгдэнэ. Их гүрнүүдийн маргаан дунд манай мэтийн жижиг улс төвийг сахина гэдэг байр сууриа илэрхийлсэн хэрэг болов уу. Нөгөө талаас Крымын асуудал хүсүүштэй асуудал биш тул хэлэлцэх шаардлагагүй ээ гэсэн байр суурь нь биз ээ. АНУ, НАТО хэрхэн хөөрцөглөж байгааг Оросын дотоод байдалтай харьцуулбал, тэгэх тусмаа хөрш зэргэлдээ Монголын өнцгөөс харвал айж балмагдах зүйл огтхон ч харагдахгүй байна. 
 
Харин Орос орон Өрнөдийн энэ үйлдлийг өдөөлт хэмээн хүлээн аваад хариуд нь сорилтыг давах бүх боломжит тооцоог зөрүүлээд гаргаж иржээ. Энэ тухай ОХУ-ын Засгийн газрын дарга Дмитрий Медведев Төрийн Думд сонсгол тавихдаа тов тодорхой ярилаа. Энэ талаар уншигчид тодруулъя гэвэл оросын зарим сайт, мөн “Парламентская газета” сонины 2014 оны 4 дүгээр сарын 24-ний дугаараас бүрэн эхээр нь үзэж болно. 
 
Оросын Ерөнхий сайд бүр Петр Аркадьевич Столыпинээс эшлэж байгаад ярьсан гээч. Өөрийгөө шинэчлэхийн төлөө үйлсэд асар их эрч хүч гаргаж, сэтгэлээсээ тэмцсэн тэр улс орон л долоон голтой үлдэж чаддагийг хүнд цохилт амссан улс орнууд харууллаа хэмээн Хаант Оросын Ерөнхий сайд аль зууны тэртээ хэлж байжээ. Орос орон гайхамшигт түүх бүтээж байна. Холбооны шинэ субъектээр Бүгд Найрамдах Крым Улс, Севастополийг элсүүлэх маш ховор боломж түүх бидэнд гаргаж өглөө хэмээн Д.Медведев бахдан ярьж байна. Урьд хожид үзэгдэж байгаагүй их сорилт нөмрөөд ороод ирлээ, шал өмнөө эгэл бус нөхцөлд ажиллах боллоо, түүний өмнө тайван амгалан байх хэрэгтэй, сонгон авсан эдийн засгийн стратегиа туйлшралгүйгээр үргэлжлүүлнэ хэмээн Д.Медведев хүн амдаа анхааруулжээ. Крым Оросын бүрэлдэхүүнд орсны дараа өрнийнхөн хориг тавилаа, түүний хор уршгийг аль болох доод хэмжээнд байлгахын төлөө Засгийн газар ажиллана, найрсаг бус энэ алхмын өмнө эдийн засаг ба хүн амаа хамгаалах болно, харин ч эдийн засгийн шинэ үндсийг буй болгох аятайхан боломж гаргаад ирлээ гэсэн цогтой үгсийг Д.Медведев хэлж байна. 
 
2013 онд Оросын эдийн засаг 1.3 хувийн өсөлттэй байжээ. Энэ нь төлөвлөснөөс бага үзүүлэлт боловч бүхэлдээ Оросын макро эдийн засаг тогтвортой, ДНБ-ий өсөлт нь Европын Холбооны орнуудынхаас давсан байв. Оросын эдийн засгийн гол бахархал болдог цэргийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 2013 онд дээд рекорд тогтоож, 15.7 тэрбум долларын зэвсэг техник борлуулжээ. Өмнөх оныхоосоо 13.5 хувиар өсжээ. Дараагийн нэрлэх дээд амжилт нь байгалийн хийн олборлолтын өсөлт аж. Тэр нь 2 хувиар өсөж, нефть нэг хувиар өсжээ. Тэгэхлээр зэвсгийн аж үйлдвэр, байгалийн хий, газрын тосны олборлолтын ололт дээрээ тулгуурлан гадаад, дотоодын их сорилтыг Орос орон даван туулна хэмээн Д.Медведев үзэж байна. Крымыг Орост авлаа, Орос Крымыг хөгжүүллээ гээд Оросын бусад муж бүс нутгууд хохирохгүй гэдгийг тэрээр анхааруулаад, Крым ба Севастополийг хөгжүүлэх нэмэлт санхүүжилт гаргана, үүнд өөр ямар ч муж алдах юм байхгүй хэмээн хэлжээ. Ажиллах хүчний алдагдалд орно гэх болгоомжлолоо Оросын Ерөнхий сайд нуусангүй, иймд улс оронд маш олон янзын гадаад ажилчид хэрэгтэй болно, цагаачдыг оросын нийгэмд нутагшуулах хэрэгтэй гэжээ. Орос орон энэ оны хоёр дахь улирлаас эхлэн эдийн засгийн рецесст орж байгаа гэсэн шуугианыг намжаах үүднээс Д.Медведев Төрийн Думд үг хэлэхээр гэнэт шийдсэн байх магадлалтай.
 
Гаднаас тавьж буй бүх хоригийг 1) зэвсгийн аж үйлдвэр, 2) байгалийн хий, 3) газрын тосны экспортоор нөхнө гэдэг нь алдсанаа эргүүлж нөхөх үнэмлэхүй зөв хэлбэр биш л болов уу, орчин үеийн эдийн засагчдын үзэж байгаагаар. АНУ, Европын Холбоо, G-7, ОУВС, Дэлхийн Банк нийлээд хориг тавьж буй, хөгжиж буй орнуудыг тэд шахна, эсвэл тэдгээр орнууд нь Оросоос маш хямд, доод үнээр худалдан авахыг оролдоно гэж тооцоолбол рецесс Орост гарцаагүй. ОХУ-ын Сангийн яамны стратегийн төлөвлөлтийн газрын захирал Максим Орешкин гэдэг хүний тооцоо Д.Медведевийнхээс шал өөр дүр зургийг бидний өмнө харуулж байна. Тэрээр Орос орон эдийн засгийн рецесст орлоо хэмээн шууд дүгнэжээ. 
 
ДНБ хоёр улирал дамжин өсөхгүй байхад л эдийн засаг хямарна, инфляц энэ оны 5 ба 6 дугаар сард оргил үедээ тулж 7.5 хувьд хүрэх ба жилийн эцэс гэхэд 5-6 хувьд дээр буусан байхад их аз гэнэ. Даяаршлын асуудал судлах хүрээлэнгийн захирал Михаил Делягин ч мөн ийм байр суурьтай байна. Тэрээр эдийн засгийн рецесстэй хэрхэн тэмцэх аргачлал зааж өгчээ. Хулгай хийх, монополын дур зоргоороо авирлахын эсрэг хүчтэй тэмцэхгүйгээр энэ эмзэг асуудлыг мөддөө шийдэхгүй хэмээн үзэж байна. 
 
Орос орон эдийн засгийн рецессээсээ гарах өөр олон гарц олж харж байгаа талаар ноён Д.Медведевийн Төрийн Думд хэлснээс Монголд хамаарч мэдэх хэсгийг нь бид шүүрэн авах ёстой юм. Орос нь Өрнөтэй ч, Дорнотой ч хамтран ажиллах асар их боломж бүхий газар зүйн байршилтай гэдгээ Д.Медведев зэвсэг болгон тавьж байна. Европын Холбоо нь Оросын үлэмж чухал түнш мөн бөгөөд түүнтэй эдийн засгийн харилцаагаа сааруулахыг ОХУ санаачлахгүй. Энэ бол оросын сонирхол биш гэнэ. Үнэндээ ч Европын Холбоотой Орос нь 400 тэрбум долларын худалдаа хийдэг бол тэгээд өрнө дэх хөршүүд нь энэ их худалдаагаа таслах алдаа гаргаж байгаа бол алдагдал хүлээхгүйн төлөө өөр зах зээлийг Орос эрчтэй эрж хайх юм байна. Тийм зах зээл нь Алс Дорнодоор дамжин Ази-Номхон далайн бүс нутаг руу гарснаар бэлэн байж байгаа юм байна. Хятад, Энэтхэг, БРИКС, Ази-Номхон далайн бүс нутгийн бусад орнуудтай худалдаа-эдийн засгийн эрчтэй хамтын ажиллагаа хөгжүүлэхэд л Орос алдагдал хүлээхгүйгээр үл барам хожно хэмээн ярьжээ. Цаашлаад Латин Америк, Африк гээд холбоо тогтоох гарц олон байна хэмээн ОХУ үзэж байна. 
 
Үүнд Алс Дорноддоо онцгой анхаарал тавьж тэргүүлэх ач холбогдол өгч ажиллана гэснийг нь бид шүүрээд авах ёстой бус уу? Тэгэхлээр энд Монголыг нэр заагаагүй ч шууд бусаар нэрлэчихсэн гэж бид ойлгох хэрэгтэй юм. Белорусс, Казахстантай интеграцаа шинэ түвшинд гаргах ба Евразийн эдийн засгийн холбооны гэрээ байгуулах бэлтгэл дуусч байгаа аж. Евразийн эдийн засгийн холбоо нь Армен, Киргиз хоёроор мөд тэлнэ гэв. Мөд 5 улсаас бүрдсэн эдийн засгийн том эвсэл манай хойд хил дээр буй болно гэдэг нь бидэнд олон гарц, боломж гаргаад ирэхийг үгүйсгэмгүй. Элсэх тухай асуудал байхгүй ч, түүн рүүгээ эелдэг хэлбэрээр тэд шахахыг бас мартаж болохгүй. Европтой хамтын ажиллагаа явуулж ирсэн маш олон үйлдвэр, аж ахуй, шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэд мэргэд мэргэжилтэн сулраад гараад ирнэ, энэ их хүчийг Орос нь Ази руу чиглүүлнэ. Түүнээс нь аль болох хүртэх буюу Монголд ашигтай хэлбэрээр хамтын ажиллагаанд татан оруулахыг ч бид бодож цэгнэх учиртай. Ерөөсөө Орос-Украины мөргөлдөөн, ОХУ-ын эсрэг олон улсын хориг тавьж буй энэ цаг үед энэ мөргөлдөөний ул мөр Монголд нөлөөлөхгүй байгаасай л бид хүснэ. ОХУ дотроо тогтвортой байхыг л бид хүснэ. Монгол-Оросын олон арван жилийн худалдаа-эдийн засгийн харилцаа бүү зогсоосой гэдгийг монголчууд бүр ч хүснэ. 
 
Гэвч олон улсын эрх зүй хэм хэмжээг зөрчин, тусгаар тогтносон хөрш Украины бүрэн эрхт байдалд халдаж байгааг нь ил биш гэхэд албан бусаар шүүн хэлэлцэх, шүүмжлэн буруушаах эрх нь нээлттэй дэлхийн хамтын нийгэмлэг дэх Монголд бас бий юм аа. Албан бусаар гэдгийг дахин тодотгоё!
 
Д.Баярхүү