сонин mn
 
Facebook дэх элдэв постуудаас шууд эшлээд авчихмаар мэргэн цэцэн үгс тоймгүй олон. Сургаалиуд л урсаад байх нь тэр. Монголчууд минь ухаардаг бол хэрэгтэй үгс их л байх юм. Энд оруулсан пост хэн бичсэн, хэн хэлсэн нь тодорхойгүй. Бичигч нь эрхбиш миний энд бичсэнийг уншаасай билээ.
 
 
 
Бүгдийг нь задалж тайлбарлах албагүй. Харин тэр хөгжил дэвшил гэхлээр Чингис хааны үе рүү хадуураад алга болдог гэдгийг бага зэрэг мөлжинө. Мөлжихөөр ч сэдэв байна.
Уран сайханлаг, байгальлаг, хийсвэр сэтгэлгээтэй ард түмэн хэмээн манийгаа (биднийг) цоллосон нь нэн түгээмэл. Сэтгэгч, бичигч, ухаантан болгон л тэгж хэлдэг. XXI зууны орчин цагийн монгол залуус (ихэнхи нь хотын), цахим ертөнцөөр аялагч нийт монголчууд хөгжил дэвшлийн хоцрогдол, нийгмийн болж бүтэхгүй бүхнийг нүүдэлчний уран сайхны хийсвэр сэтгэлгээтэй нь холбодог болжээ. Эсвэл мөд тэгнэ. Тэр гарцаагүй. 
 
Яруу найрагч, уран үгсийн чуулган, Болорцом, бөөгийн ба шашны ид шидтэн, нийтийн ба зохиолын дууны алдартан гавьяатан тэр чигтээ гэр хороолол руу, хөдөө, аймаг сумдын төв рүү шилжиж байгааг худлаа гэх үү? Хотын төвийн уушийн газар, залуусын цугладаг, бужигнадаг газар очоод “Болорцом”-оо хийгээсэй, хотын залуусыг хүчээр ховсдох (яруу найрагт дурлуулах) гээд нэг үзээсэй гэж би хувьдаа хүсдэг юм. Даан ч бүтэхгүй, залуус хүлээн авахгүй.
 
Яг энэчлэн Эзэн Богд Чингис хааны дуулиан монголчуудад арай ч улиг болоогүй, гэхдээ 1990-ээд оны эхэнд сэхэж сэргэж дэвэрч байснаасаа хүч нөлөөллийн хувьд эрс суларсныг би бичих гэж байна. Энэ мэдээж муу, бүр муу. Өөрсдөө бид залхтал нь уран сайхандаад, дээрээс нь бизнес (элдэв шошго хэтэрсэн!) болгоод хүчийг нь сулруулчихсан. “Чингис хаан”-аараа хоол олж иддэг хүмүүс дэндүү олон болчихоод нийгмээ залхаачихсан. Цаад том утгаараа XXI зууны мэдээлэл технологийн эрин яах аргагүй мартагнуулаад байгааг бүр яалтай ч билээ. Мэдээллийн эринд ховсдуулсан орчин үеийн соёлтой залуусыг Чингис хааны түүх уяруулж, эзэмдэхгүй байна, хаашаа харж үхэлтэй билээ? 
Нүүдэлчний ердийн примитив болхи сэтгэлгээ Монголд амь бөхтэй оршиж байгааг бол хүлээн зөвшөөрнөө. Гэр хороолол, хөдөө, аймаг сумдын төвийн эгэл боргил, ядуу, ядуувтар монголчууд нь хүн ам дотроо олонхи байгаа тохиолдолд тэгэхээс ч аргагүй. Тэдний хүрээлэлд (сэтгэхүйд) юу гэж заадаг вэ гэхлээр социализмын үед Цэдэнбал монголчуудыг бултаар нь жаргуулж байсныг ардчилал гарч ирээд устгаад үгүй хийгээд замыг нь алдуулчихсан, одоо байж байгааёр нь энэ, энэ их ядуурал, ажилгүйдэл, авилга, сахилга дэг журамгүй, шударга бус явдал гэхчлэн. Монголыг аврах Чингис нь байг гэхэд шинэ цагийн Цэдэнбал хэрэгтэй байна хэмээн тэдний зарим нь улиглах ба популизм яг үүн дээр нь тоглож, популистууд 30 жил Монголд үнэд орлоо. Популистуудаас хэн нь ч Чингисээ байг гэхэд 2-p Цэдэнбалаар тодорсонгүй ээ.
 
Тэрхүү примитив болхи сэтгэлгээнд бас нэг эмгэг явж байна. Чингисийн морьтон баатруудыг морьноос нь буулгаад модыг нь бариулаад гуйлгачлуулчихсан энэ ардчилалынхан гэж. Ардчилал ялахаас өмнө Чингисийн морьтон баатрууд таваргаж явж гэнэ дээ. Энэ юун тухай, хэн хэзээ ярьсан нь нэн хөгийн. Докторын зэрэгтэй, профессорын цолтой, бас өөр өөр юутай ч билээ, гавьяат нэг нөхөр маань (надаас ах л даа) эрдэм шинжилгээний хурал дээр сөргүүлж, намайг шүүмжлэн ярихдаа тэгж хадуурсан гээч. Энд тэнд хурал хуй дээр тэгж яригддаг сураг бас байна лээ. 
 
Хөөрхий малчид, ажилчид, барлаг хүмүүс тэгж хадуурахгүй. Хадуурах учраа ч олохгүй. Эрдэмтэд, урлаг соёлынхон, уран зохиолчдоос л тэгж хадуурагчид төрдөг. Жишээ нь:
 
- Монгол хүний ёс жудаг, хүн чанар, хүмүүжил ярихтай зэрэг л Чингис хааны үед ингэдэггүй байсан, тэгдэггүй байсан болоод явчихна. Чингис хааны үед монголчууд бүгдээрээ хүний хайлангууд байж гэнээ.
- Монголчууд хулхи, худалч, хуурамч болчихлоо гэхтэй зэрэг л монголчууд хэзээ ч худалч байгаагүй гээд л гаслаад эхэлнэ. Чингис хаан худалчдыг тэгж ингэж гэсгээж байсан болоод явчихна. Бүр баримтаар ярина.
- Өнөө цагт монголчууд ихээхэн сагсуу хөөрүү, баярхуу, цамаан байна гэж шүүмжлэн хэлмэгц л Чингисийн цэрэг дайчид, хүн ард даруу төлөв нь дэндчихсэн улс байсан болчихно. Бас баримтаар ярина.
- Ажил хийх дургүй, ажил хийж чадахгүй, залхуугаасаа болоод монголчуудын бараг тал нь ядуурчихсан, төрийн мөнгө горьдоод сууж байна гэж шүүмжилмэгц Чингисийн монголчууд залхуу байсан бол дэлхийн талыг эзэлж чадахгүй байсан гэнэ. 
 
Явж явж хаадын хааны гүн ухааны тайлал гэдгээр XXI зууны Монголыг хөтлөх гэж зүтгэнэ. Элдэв жишээ эшлэхгүй ингэсгээд зогсоё.
 
Ажилсаг, цайлган, даруу нь нь дэндчихсэн энэ ард түмнийг ардчиллын 30 жил л баллаад, улс төрчид нь дарлаад ажилгүй суулгаад байна гэх шүүмжлэлийг монгол байтугай, гадаадын зарим нэг монголч эрдэмтнээс ч сонсож явлаа. 
 
Чингис хааны үед хэзээ ч тэгдэггүй, тийм байгаагүй, байхгүй байсан хэмээн гаслах гонгиноон дунд Чингис хааны дүрд тоглох, угсаа гарвалтан болж тодрох, орчин цагийн Чингис хааныг нэрлэх, тэнгэрээс буулгах, тэнгэрт гаргах үзэгдэл хүүхэд нохойн доог болон Монголд өрнөсөөр буй. Ёстой Монголд л байдаг уран сайхны үзэгдэл. Манайхан ямар ертөнцийн элэг доог болж ханах биш. Уран сайхны сэтгэлгээгээрээ цайруулчихна. 
 
Эрдэм ба найргийн хүрээнд Чингис хаан тэгж ч гэрээслэсэн, ингэж чсургасан хэмээсэн ном бүтээл туурвих явдал хэр хэмжээ доозоо хэтрүүлжээ. Чингис хааны зохиолын түүвэр 100 ботиор гараад ирэхэд гайхах явдалгүй. Явж явж Чингис хаан маань эгэлгүй яруу найрагч, яруу найргаар сургаалиа айлддаг, суут гүн ухаантан, тэр сургааль үгс ба гэрээслэлийг нь хаа нэгтэй архивлаад хадгалчихсаныг нь XXI зуунд хэсэг эрдэмтэн гэгээнтэн нээж олоод ил гаргаад ирж гэнэ дээ.
 
“Уран үгсийн увьдастан Чингис”-ийн сэдвээр олон боть ном, яруу найргийн түүвэр зохиомжлон хэвлэх, эрдмийн зэрэг цол хамгаалах явдал тасрахгүй. Харин түүнд итгэгчид үлэмж тоогоор нийгэмд байгаа нь нэг ёсны эмгэнэл ч юм шиг. Эсвэл инээдэм. 
 
2020 оны 8 дугаар сард юмсан. АН-аас УИХ-д өвдөг шороодсоноо нягтлан дүгнэх хурал хийж, би нэг илтгэлийг нь тавьж байлаа. Илтгэлүүдийн дараа санал шүүмжлэл өрнөхөд Чингисийн сургааль тэвэрсэн нэг хүүхэн босч ирээд бидэнтэй баахан маргаан дэгдээв. Чингис хаан тэгж тэгж сургасныг АН хэрэгсээгүй, бүгдийг нь их хаан маань бичээд өгчихжээ, Та нар уншиж судлаагүй, хэрэгжүүлээгүй гэж ирээд л авч өгөв. Тэрээр маш их шүлэг уншиж, шүлгийн шад болгон дээр АН-аас нэхэл шаардав. Чингис хааны шүлэглэсэнсургаалиар захидал занаа бичиж дээш нь өргөж байснаа баримт огноотой нь дурдав. Элбэгдорж, Сайханбилэг, өөр ганц нэг нөхрийг нэр заан шүүмжлэв. Бид мад суув. Илтгэгч эрхэм Х.Тэмүүжин амаа цангатал хариулаад нэмэргүй. “Наадхи чинь хожим зохиочихсон, хэн нэгэн хүн Чингис хаан тэгсэн гээд биччихсэн уран зохиол оо” гээд л Тэмүүжин хоолойгоо сөөтөл ухуулаад нэмэргүй. Нөгөө бүсгүйг Чингис хааны яруу найраг ховсдсоныг ойлгож байвч яг тэр хурал дээр мэтгэлцээд суух нь даан ч утгагүй хэрэг байлаа. Ганц жишээ. 
 
 
 
Ухарч мөрөөдөгсөд явж явж ганц дүгнэлт дээр л буудаг. Чингисийн удмын энэ аугаа үндэстэнг ингэж ядууруулж доройтуулсан буруутан нь хэн бэ гэх эрэлд мордуулна.Чингисийн морьтон баатруудыг золбируулсан гэмтний эрэлд монголчууд 31 дэх жилдээ явж байна.Эрж сурсаар хараал урсгасаар эцэст нь ардчиллын 30 жилд тодорсон баахан улс төрчдийг нэрлэх ба тасар татан хаях, цээрлүүлэх аянд мордоно. Мордчихоод ч байна. Нэмж дэвслэх, амьдаар нь авслаx энүүхэнд болсон. Шоронд суугаа улс төрчид олшроосой гэх ерөөл, тэр тэр нар хэмээн сошиалаар нэрлэх нь нэгийг хэлээд байх мэт.  
 
Гэмтэн илэрч тодроод эзэнт гүрний морьтон баатрууд эргэж амилах нь нэн эргэлзээтэй. Улс төрч нэртэй хэдэн нөхрийг яллачихад амархан. Тэглээ гээд Монголын XIII зууны алдар суу найман зууны дараа эргэж сэргэдэг, амилдаг, хүссэнээр болдог бол мөн ч сайхан аа?
 
Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү