сонин mn
Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү "ТВ-9" телевизийн "Энэ өдөр" хөтөлбөрт оролцож, товч тодруулга өгснийг сийрүүлэн хүргэж байна.
 
Залуучууд үнийн өсөлтийг эсэргүүцэж жагссан, валютын хомсдолд орсон энэ цаг үед Засгийн газраас "Шинэ сэргэлтийн бодлого" хэрэгжүүлэхээ зарлалаа. Үүнийг хэрэгжүүлснээр эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол?
 
 
Сүүлийн 30 жилийн хугацаанд Ерөнхий сайд, Засгийн газраас анх удаа ойрын болон дунд хугацаанд, яаралтай хэрэгжүүлэх гэж боловсруулсан хөтөлбөр бол "Шинэ сэргэлтийн бодлого" юм. Энэ бодлогод олон жилийн турш миний оюун, сэтгэлээ зарцуулсан олон санаа, төсөл, хөтөлбөрүүдээс тодорхой хэсэг нь орчихсон учраас би бүрэн дэмжиж байгаа. Хоорондоо тэрсэлдэж хуваагдахгүй, маргалдахгүйгээр, ард түмэн нь Засгийн газраа дэмжээд "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлэх юм бол нийт Монголчуудад үр дүнгээ өгөх төсөл байгаа юм. 
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон нутагт ажиллах үеэрээ:  "Уул уурхайн А лицензтэй аж ахуйн нэгжүүдийг Алтан гэрэгэтэй  хүнтэй зүйрлэж ярьсан шүү дээ. Энэ үгийн гол утга нь юу гэж та үзэж байна вэ?
 
Монгол Улсад мөнгөний бодлогыг төр засаг нь явуулдаггүй, долларын эзэд буюу валютын сангийн удирдлага дор явуулдаг гэдгийг би олон жил тайлбарлаж, шүүмжилж ирсэн. Харамсалтай нь яг энэ мөнгө, санхүүгийн буруу тогтолцоонд, нийт эдийн засгийн 90 хувь нь уул уурхайгаас хамаардаг болчихсон энэ хүнд үед цаашдаа төгрөгийн ханш уналтыг зогсоох, барааны үнийн өсөлтийг тогтоох үүднээс бидэнд валют гарцаагүй хэрэгтэй болчихоод байна.
 
Өнөөдөр валют олох хамгийн боломжтой зүйлс нь нөгөө алт, төмөр, нүүрс.Нийт эдийн засгийн 90 хувийг хамаарч байгаа зүйлсдээ онцгой анхаарах хэрэгтэй байгаа учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон нутгаар явж, онцгойлон хөдөө орон нутгийнхандаа хандан, А лицензээ авчихсан аж ахуйн нэгжүүдтэйгээ зөв хамтран ажиллаач ээ, үүнээс хамаарч доллар олдох эсэх, доллар олдсоноос хамаарч төгрөгийн ханш унахгүй байх, ингэсэн тохиолдолд барааны үнэ өсөхгүй байх тухай үнэн зовлонгоо яриад, үүнийгээ жишиж хэлсэн үг гэж би ойлгосон.
 
Би өөрөө уул, уурхайн эсрэг бодолтой байдаг. Хэрэв зөв мөнгөний бодлоготой байсан бол оюун санаагаараа, газар тариалангаар, мал аж ахуй, аялал жуулчлалаар гээд олон зүйлээр хөгжих боломжтой. Гэхдээ 1992 оноос хойш 30 жил буруу явчихсан энэ санхүүгийн тогтолцоонд заавал доллараа төгрөг болгож хувиргаад, түүнийг нь банкуудаар дамжуулж иргэдэд зээл өгдөг ийм тогтолцоонд Монгол улс 30 гаруй тэрбум ам.долларын гадаад өртэй, сүүлийн 3 жил нь ковидоос шалтгаалаад хил нь хаалттай болчихсон үед ганц амь тариа нь уул уурхай болчихоод байгаа юм. Засгийн газрын тэргүүн ч ард түмнийхээ ахуй амьдралыг хариуцаж байгаа хүний хувьд үүнийгээ ухамсарлаж, яс махаараа мэдэрч, үүнийг шийдэх гээд зовлонгоо ярьж яваа  байх Тийм учраас үүнийг ард түмэн бүгдээрээ дэмжиж ажиллахгүй бол зөвхөн аль нэг намын гишүүнд долларын ханш, бензиний үнийн өсөлт нөлөөлдөггүй, энэ бол бидний нийтлэг том зовлон.
 
Цаад шалтгаан нь манайд хийгээд өгчихсөн мөнгөний тогтолцоо учраас үүнийг засаагүй цагт өнөөдөртөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярьж байгаагаас өөр ямар ч гарц байхгүй. Тийм учраас А лицензтэй хүмүүсээ "Алтан гэрэгэ"-тэй мэт үзэх нь зөв байх. Энэ хавраас  ОХУ, Украины дайн, ковидтой холбоотой сүүлийн 3 жилийн хилийн хорио, гадаад худалдаа зогссон байдал, Хөгжлийн банк мэт олон жил ужгирсан банкны эздийн луйвар гээд бүх зүйлийн давхацлын золиосонд Монголын ард түмэн явах гээд байна. Судлаач хүний хувьд үүнийг нэвт харж байна. Монголын ард түмэн золиосонд нь яваад, долларын ханш нэмэгдээд, барааны үнэ өсөөд, залуусын жагсаал өргөжөөд, эдийн засгийн хямрал нь нийгмийн хямрал болсон тохиолдолд Монголын ард түмэн илүү их хохирно. Тийм учраас хямрахгүй байж байгаад, эсвэл хямралыг угтаж мэдээд, сайн тосож бэлдэж, аятайхан даваад, түүний дараа системтэйгээр шат дараалласан шинэчлэлээ хийгээд явбал бид бүгдэд гарз хохирол багатай тусах учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг бүрэн дэмжиж байгаа юм.
 
 
 
Сийрүүлсэн: М.Чойжал, Sonin.mn