сонин mn
Онгонд ямархан шүтээд байдаг бол..?
 
Онгонд мөргөснөө бичихийн өмнө тэнд яг юу тахиж буйг цэгцтэй бичье гэж бодлоо. Ж.Цэвээн эрдэмтэн бичихдээ: Чингис эзний их гэрийн хойморт том мөнгөн авдар байх бөгөөд түүний зүүн талд мөнгөн нум сум буй. Мөнгөн авдрын өмнөх жижигхэн ширээн дээр олон зул ба хэд хэдэн жижиг аяга (цөгц) байна. Шүтээний өмнөх зайд Чингис хааны гал голомт болох мөнгөн тулга байна.
“Давхар цомцог ордонд Чингис болон түүний их хатны нандин шүтээн бүхий мөнгөн авдар байдаг. Түүнийг гаргаж ар араасаа цувран сөгдсөн олон мөргөлчдийн толгой дээгүүр залан өнгөрлөө. Ийнхүү Чингисийн онгоныг залахад мөргөлчид онгон шүтээний доогуур гарахыг “шургах” гэдэг юм байна. Энэ бол шүтээнд мөргөж соёрхогдох нэгэн заншил ажээ. Авдрын араас мөнгөн нум саадаг, хормосогыг залж гаргалаа. Авдрыг бэлтгэсэн цомцогт байрлуулж нум саадгийг нэг дархад хүн хүлээн авлаа. Цомцог ордноос баруун хойш зургаа орчим сажин зайтай газарт бага гэр барьж дотор нь “Эзэн хор” буюу Чингис хааны нум сумыг байрлуулав... гэжээ. 
 
Хатдын ордон давхар бус, онгон шүтээн нь мөн л мөнгөлсөн авдарт байдаг юм байна. Энэ авдарт хатдын хувцас хунар байдаг гэнэ... Эзэн хороо нь түрүү зууны далаад оны сүүлчээр талагдаж дээрэмдэгдсэн байжээ. Тэгэхэд авдрын дотор хадгалагдаж байсан мөнгөний зүйлс, мөн гурван хэлтэй мөнгөн тулга гэх мэт их хэмжээний зүйлс хулгайлагдсан байв. Дээрэмчид тэднээс их хэмжээний зүйлсийг авсан боловч зарим зүйлсийг шүтээнийг хамгаалж буй дархдуудад буцааж өгсөн байна. (Ингэхдээ хааны голомт мөнгөн тулгыг буцааж өгсөн бололтой) Хамгийн харамсалтай нь гэвэл дээрэмчид авдарт байсан их хэмжээний гар бичмэл судар номыг шатаасан байв. Үүнд өртөгдөөгүй үлдсэн гар бичмэлүүдийн утга нь тодорхойгүй бөгөөд түүнийг гаргаж уншихаас ч айх болжээ... 
Их эзэн, Хулан, Есүй, Есүгэн хатан, Тулуй болон түүний эш хатны дурээс гадна Чингис хааны хэрэглэж байсан нум сум, эмээл хазаар, хэт хутга, савх гэх мэтийн дурсгалт зүйлс байдаг (Жамсраногийн гар бичмэлийн № 62, Жамсраногийн Зүүн монгол, өмнөд монголын Ордос нутагт хийсэн аяллын тэмдэглэлээс, 1909 -1910 ) гэжээ. Хэрэв Тулуйн эш хатны хөрөг байгаа бол тэр нь Сорхугтани хатных байх магадлалтайг Юань улсын судраас харж болно.
Б.Ринчин абугай бичихдээ: ...Тэрхүү эмээлүүд XVII-XVIII зуунд хамаарагдах ба түүний гэрээн дээр шөвгөөр цохиж бичсэн цахарын Лигдэн хааны үеийн бичигт хэлсэн нь "Тэмүүжин сод Богд Чингис хааны ёст ач Лигдэн хутагт бээр Чингис дайчин сэцэн хаан сод эцгийн наян найман цагаан гэрт мөргөж хаан их орондоо суун алтан амиа гуйхад баруун түмний ... жонон өргөсөн эмээл ..." гэжээ. Энэ эмээлийг баруун түмний захирагч жонон бээр Чингис дайчин сэцэн хааны найман цагаан гэрийн өмнө Лигдэн хутагт Чингис хааны албан ёсны үе залгамжлагч болсон үед өргөн барьсан байна. 
 
Ордост алтан ургийн хамгийн сүүлчийн хаан гэгддэг Лигдэн хааны алаг сүлд мөн хадгалагдаж байх ба тэр нь Хангин ноёны шангаас хойт зүгт нэг холгүй газар байдаг гэнэ. “Түүнийг Чингис хааны хар сүлдтэй хольж сольж ойлгож болохгүй” гэж Жамсрано бичжээ.
 
Нум нь мөнгөн хүрээтэй маш эртний эд байж, гадар үзэмж нь европ болон Чехословакийн, Москвагийн музейнүүдэд хадгалагдаж байдаг XIII зууны үеийн монгол нумыг санагдуулахаар адилхан байв.
… Эдгээрээс гадна, Чингис хааны хар сүлд хэмээх чухал сүлд буй. Тэрхүү сүлдийн хамт мөн цэргийн хэнгэрэг нь хадгалагдаж байдаг байна. Хар сүлд нь аугаа их заслал, ялалт, байлдан дагууллын сүр хүчийг бэлгэдсэн байдаг. Хар сүлд нь Эзэн хорооноос зүүн урагш 50 бээрийн газарт байдаг. Өвөр Монголын Өөртөө Засах Орны тэргүүлэгч Улаанхүү надад ярихдаа "Тэрхүү шүтээний бичиг баримтад Чингис хааны адуу тэмээний үр төл, хойч үе гэгдэх шарга морь, цагаан тэмээний тухай дурдсан байдаг. Мөн айраг хийдэг модон сав суулганууд хадгалагдаж байдаг" гэв.
Энэ бүхнийг бичиглэгч би бээр 1957 оны зун Ордосын Эзэн хороонд очиж Дархадуудын дунд гурван өдрийг өнгөрүүлэх боломж олдсоноор бага сага ойлгож билээ... Энэ сүмд Чингис хааны их өргөө, бөх Бэлгүтэйн орд, Тулуй эзэн ба түүний хатны орд шиг Алаг сүлд гэх мэт олон зүйлсийг тавьсан байлаа гэжээ. 
 
Эдгээрээс үзвэл хааны онгонд цөөн бус эртний хаад, хатдын үнэт шүтээний зүйлс байдаг байна. Тэгэхдээ гагц Чингис хааны үеийнх ч биш Монголын хаадын сүлд, эд хэрэгсэл ч байгаа ажээ. 
 
Үүнээс гадна Чингис хааны сүүлчийн амьсгал шингээсэн цагаан тэмээний атга ноос байдаг ба түүнийг дархадууд машид хямгадан нандигнан хадгалдаг гэдэг. Эрт цагт монголчууд хүнийг тэнгэр болоход эцсийн амьсгааг шингээнэ гэж аман дээр нь цагаан ноос тавиад түүнийгээ авч шүтээн болгон хадгалдаг байсан ажээ. Марко Поло нарын бичсэн эсгий Начигай зэрэг шүтээн нь ийм ёсны илрэл байж магадгүй. Түүнийг гагцхүү тахилгын үед гаргаж, хоол идээний дээж өргөдөг байсан тэр уламжлалтай холбоотой мэт...  Тэгэхээр нээж үзэж болдоггүй мөнгөн авдар дотор энэ эрхэм шүтээнийг хадгалдаг байж магадгүй юм. 
Ордос дахь онгоны нууц шүтээнд үүнийг эрхэмлэх нь аргагүй, учир нь Чингис хаан Тангудад морилж мөхөөгөөд энэ орчим тэнгэр болсон тул цагаан тэмээний ноос эрхэм шүтээн байх нь аргагүй... Хамгийн чухал нь тэдгээр мөнгөн авдарт юу, юу байдгийг хэн ч одоогоор үзэж нарийвчлан бичээгүй байна. Түүнийг үзсэн хүний нүд сохордог гэж дархадууд хэлж, хэнд ч үзүүлдэггүй талаар дурдсаныг өмнө бичсэн билээ. Их хааны цамц, гутал, сүүлийн амьсгаа шингээсэн цагаан тэмээний ноос байдаг байх гэж бодогдоно.
 
Хархорумаас Хаанбалгаст
 
“Их Монгол улсын үед Эзэн Чингис хааны тахилын орон найман цагаан ордыг Өгөдэйгээс Мөнхийг хүртэл гуч орчим жил хааны ордны дэргэд мянган урианхайгаар сахиулан тайж иржээ” гэж бичдэг авч түүхэн сурвалж тод бус. Их эзэн Чингис хаан хар багаас зүдэж явж их улсаа байгуулсан тул дээрэм ба дайсагнагчдын дунд хааны эцгийн голомт өмнөх эцэг дээдсийн шүтээнийг авч явахад бэрхтэй байсан нь тодорхой. 
Нөгөө талаас Хамаг Монголын хангуудын үүрэг байсан мэт. Нууц товчоонд хамаг Монголын тайлгыг “Ихсийн газар”-т хийдэг байсан ба хоцорч очсон Өүлэн эхийг хэрхэн гадуурхаж байсан тухай бичсэн байдаг. Харин Их Монгол гүрэн байгуулагдсаны дараа эцэг дээдсээ хүндлэн тахиж ирсэн мэт. Тэгээд эцэстээ Их хааны гэрээслэл ёсоор эртний өст Алтан улсыг мөхөөгөөд улмаар бүх Хятадыг эрхшээснээс эхлээд олон зүйлс холилдож эхэлжээ. Бас Алтан орд, Цагаадайн улс, Хүлэгийн улсад сүлдний тайлга тахилга хийдгээрээ хийж, алсдаа орон нутгийн ёс заншилтай нийлж өөрчлөгдсөн бололтой байдаг. Иранаас, Энэтхэгээс сүлдний тайлга тахилгын олон зураг алдож байна.
 
Ер нь нүүдэлчдийн уламжлалд эцэг дээдсээ тахиж, тайх нь эртнийх байсан. Хүн гүрний нийслэл гэгдээд байгаа Луут хот бол ахил тайлгын газар байх магадлалтай юм билээ. Түрэгийн үед ч ийм тайлгын газар байсан нь өдгөө Хархориноос холгүй музей болсон байна.
 
Сүмийн үүдэнд эвэртэй хонь тэргүүтэн малын дүрс чулуугаар хийж тавьсан нь өдгөө ч эвэртэй малаар тайдаг ёсны үргэлжлэл юм. Уйгурын үед тайлгын хот Орду балигаас холгүй байсан нь өнөөгийн Хархорум байж магадгүй юм билээ. Манай археологчид олон тайлгын сүмийг нээж байна! Хожим Хархорумыг Мингийнхэн сүйтгэсний дараа тэр орчим Тахай балгас буюу тайх балгас байсан нь Монголчуудын өвөг дээдсээ тахиж байсан газар болой. 
“Хий биетэн хиншүү хоолтон” болсон өвөг дээдсээ тахиж буй газар нь зарим хүмүүсийн боддогоор хориг, оршуулгын газар бус өөрөөр шинжиж тогтоосон ариун газар ажээ.  Иран- Тураны тэмцэл бол эртний өрнөд дэхь нүүдэл ба суурин иргэншлийн тэмцэл юм. Персийн Дарий хаан Скифийг довтолсон байдаг юм. Аанай нүүдэлчид займчин зугтаж Дарий хааны их цэрэг мөшгисөөр... Персийн хаан элч илгээн Скифүүдийг "аймхай, хулчгар" хэмээн тавлаж тулаанд дууджээ. Харин Скифийн хаан "Айсандаа зугтсангүй, бид хэнээс ч айдаггүй, гагцхүү бид ингэж л дайтдаг. Бидэнд хамгаалах хот балгад, тариг байхгүй. Хэрэв үнэхээр тулалдмаар бол өвөг дээдсийн хоригт халдаад үз! Тэгвэл тулалдаан гэгч ямар өршөөлгүйг үзүүлэмз" гэжээ. Үнэхээр тэр тулаан өршөөлгүй болж, Персийн цэрэг бараг хядуулж дууссан байдаг. 
Хүн гүрний үеэс хориг ба тайлгын газар тусдаа байсан нь илэрхий байна, учир нь “Ноён уул”, “Гол мод 1,2” зэрэг Хүннүгийн язгууртны томоохон хоригуудын орчим тайлгын ул мөр байна гэж дуулдаагүй. 
Харин “Гол мод-2” Хүн гүрний их хоригийн ойролцоо, Балгасын талд хоёр ч нүсэр байгууламж бий! Тэр хоёрын нэг нь дөрвөлжин, нөгөө нь дугуй хэлбэртэй, том чулуугаар босгосон 50 гаруй метр өндөр овоог тойруулан тус бүрдээ хэдэн мянган адуу, хониор тайлга хийж байсан чулуун тогоод, тайлгын чулуун тавцан зассан талбай бүхий маш нарийн зохион байгуулалттай, нүсэр том байгууламж юм. Би хожим Эрдэнэбүмбэр тахилчтай ярьж байхдаа энэ бол сүлдэр босгосон газар бололтой гэж бодсон. Энэ хоёр байгууламж бол Хүннүгээс бүр эрт, буган хөшөөний соёлын үед хамаарах юм билээ... 
 
Мөнх хааны хойно Их гүрэнд хаан ширээ залгамжлах дайн дэгдэж Хубилай Их Монгол улсын тавдугаар хаан болов.  Тэрээр Их Юан гүрнийг зарлаад Хаанбалгасыг нийслэл болгосон тул тахилын орныг Хаанбалгаст аваачжээ. 1266 оны 3-р сард ёслолын яамыг бий болгож, өвөг дээдэстээ зориулсан тахилын сүм байгуулж, хөргийг зуруулж тахисан ба эдлэж байсан хувцсыг ч тэнд тахижээ. Чухам эртний нангиадад хөрөг тахиж байсан эсэхийг сайн мэдэхгүй байна, олон зураг харагдаж байдгийг бодвол байсан л хэрэг учир нь тэр талаар уншиж мэдсэн минь бага, харин Уйгурын үед тахилын сүмд хөрөг тахидаг байжээ. Таамаглалгүй, эх сурвалж үзье гэж шийдээд өөрөө сайн мэдэхгүй тул Ч.Содбилэг дүүгээс энэ талаарх эх сурвалж үзэж өгөөч гэж гуйлаа...   
 
“Юань улсын судар”-ын 72-77 хүртэл зургаан дэвтэр нь “Тайлга тахилгын тухай” нарийвчилсан дэлгэрэнгүй тэмдэглэл юм байна. 74 дүгээр дэвтэрт:  1260 оны 7-р сард Төвлөн засах зөвлөлд Сахиусан шүтээн цогцлоож, бичээч (必闍赤Bicigeci) илгээж тахиулав. 12-р сард, Дээдсийн сүмийн тахилгын хэрэгсэл, дээл хувцсыг хийлгэх зарлиг буулгав.
 
1261 оны 9-р сард Богд амгалан сүмд Сахиусан шүтээнийг шилжүүлэв.
1263 оны 3-р сард Яньжин хотод Дээдсийн сүм байгуулах зарлиг буулгав.
1264 оны 10-р сард сахиусан шүтээнийг “Дээдсийн сүм”-д шилжүүлэн тахиж, Дээдсийн сүмийн 7 өргөөний дүрмийг батлав. Баруун талын өргөөг дээд хэмээн эрхэмлэж, зүүн талын өргөөг удаад нь эрэмбэлнэ гэжээ. “Дээдсийн сүм” долоон өргөөтэй байх нь Жоу улсын эртний уламжлал гэсэн боловч Монголчууд түүнийг тоолгүй өөрчилж найман өргөөтэй болгожээ. Тэгээд Засгийн хэрэг шийтгэгч түшмэдийг цуглуулж, өвгөдөд сүмийн цол нэхэн өргөмжилж, Дээдсийн сүмд найман өргөө байгуулжээ. Ингэхдээ Есүхэй баатарт хаан, Өүлэн эхэд хатан цол өргөж тахилын өргөө байгуулсан уу, эсбөгөөс Хархоринд хэдийнээ тахиж байсан ч байх магадлалтай. 
1265 оны 10-р сард, Чингис хаанд Тайзу хэмээх сүмийн цол өргөмжилж, Дээдсийн сүмд тахив. 1266 оны 9-р сард Дээдсийн сүмийн найман өргөөг байгуулж, тахилын танхим цогцлоов. Мухулайн ач Антун чинсан, Баарин аймгийн Баян нар айлтгах бичиг танилцуулсан нь: “Өвөг дээдсийн үе улиралд сүмийн цол нэхэн өргөмжилж, гавьяат түшмэдийг тахиж, дөрвөн улиралд тайлга хийж, сүм бүрийн сахиусан эзэн, ёслолын хувцас, тахилгын эдлэл зэргийг тогтоовоос зохино” гэжээ. Үүнд:
Нэгдүгээр өргөө нь: Гайхамшигт анх хаан Есүгэй, нигүүлсэнгүйг тунхаглагч Өүлэн хатных. 
Хоёрдугаар өргөө нь: Тэнгэрийн бошгоор улирлыг нээсэн Богд баатар Чингис хаан, Бадрангуйг өргөсөн Бөртэ хатных. (Энэ цагаас Чингис хааныг Богд баатар хаан, Чингис Богд гэх болжээ)
Гутгаар өргөө нь:  Эрдэмт гэгээн Өгэдэй хаан, Гийгүүлсэн нигүүлсэнгүй Турхан хатных.
Дөтгөөр өргөө нь: Зүчи хаан, түүний хатан Бахачу Бэхтимишийнх.  
Тавдугаар өргөө нь: Цагадай хаан, түүний хатан Есүлүнийх.
Зургадугаар өргөө нь: Ялгуусан Тулуй хаан, түүний Богд гайхамшигт хатан Сорхугтанийх. 
Долдугаар өргөө нь: Амгалан тогтоосон Гүюг хаан, түүний Хичээнгүй элбэрэлт Огул Хаймиш хатных. 
Наймдугаар өргөө нь: Илэрхий хичээнгүй Мөнх хаан, түүний Үнэнч чимэгт Хутугтай хатных байжээ. 
 
Б.Ринчин гуай: Дархадууд Чингис хааны онгонд зориулж жилд дөрвөн удаа том тахилга хийдэг. Үүнд: Чингис хааны мэндэлсний дурсгалд зориулж өвлийн эхэн сарын шинийн гурванд, анхны гүүний сүүгээ 99 тэнгэртээ өргөсний баяр, хаврын сүүл сарын хорин нэгэнд гүү барьж айраг бэлтгэсний баяр, намрын дунд сарын хорин нэгэнд тус тус ёсолдог байв. Жамсрано бээр нэг удаа хаврын тахилгад байлцсан ба түүнийхээ тухай тэмдэглэсэн байна гэжээ.
 
Ордост одоо ч жилийн дөрвөн тайлга хийдэг. Хааны хүй цөгсөнийг тасамын тайлга, 99 тэнгэр сүү өргөсний буюу Алтан гадас тахих тайлга, нөгөө хоёр нь Монголчууд одоо ч дэлгэр хийдэг гүүний үрс гаргах ёслол ба тамганы найр юм гэж би өмнө бичсэн. Тиймээс Паний үеийн тахилга үйлдэх ёс ба өдөр судар нь Монгол ёсонд нийцсэн байжээ. 
 
Сонирхолтой нь их ор суугаагүй ч Тулуйд хаан, Сорхугтани бэхэд хатан цол  өргөмжилжээ. Хаан цолыг Монголын тал нутаг дахь гүрнүүд их эртнээс хэрэглэж ирсэн билээ. Чонын үр сад, эхээ дагасан Ашина овгийн (хиан?) Түмэн, Түрэгүүд Жужаныг ниргэж хааныг нь амиа хорлосны дараа өөрийгөө "Или кэ хан" өргөжээ. Ил буюу Эл нь улс гүрэн, кэ хан нь "Их хан" бололтой. Гэвч түргүүд анх хэрэглэсэн бус өмнө нь Сяньби, Жужан (Нирун) энэ цолыг хэрэглэж байжээ. Тиймээс жужаны А На Гүй хаан нөгчсөний дараа өөртөө авсан бололтой. Их эртний цол юм. “Эртний шаньюй лугээ адил гэсэн утгатай үг буй” гэж тайлбарлажээ. “Эхнэрээ бас "кэ хэ тун" гэв. Эртний яньжи лугаа адил гэсэн үг буюу” хэмээжээ. Үзвэл эртнээс хаан, хатан хоёр тус тусдаа цол ажээ...
11-р сард, Сахиусан шүтээнүүдийг тахилын танхимд залж, жил бүрийн өвөл тахихаар ёслолын журмыг тогтоов. 1276 оны 9-р сард Дээдсийн сүмд бурханы шашны тахилга үйлдэж, үүнээс хойш ч бурханы шашны үйлийг улам их үйлджээ. (Энэ үеэс тайлгад бурхны шашны зан үйл нэвтэрч эхэлсэн бололтой) Мөн онд бас хонь, буга, зэрлэг гахайгаар (нүүдэлчид тэжээвэр гахай бузар хэмээн цээрлэдэг, харин зэрлэг гахайг тотем болгож шүтсэн нь ч бий) тахив. Бас Дээдсийн сүмийн алтан тахилгын нэрийг өөрчлөхдөө, Тайзу-г “Чингис хаан” Чэнжиси хуанди, Тулуйг “Өвөг хаан их ноён”, “Тайшан хуан екэ ноянь” гэжээ. 
Үүнээс хойш Юаний хаад өмнөх хаан, эсбөгөөс эцэг ноёддоо зориулж тахилын өргөө байгуулсаар 21 хүрч олширч байжээ. Монгол ёсоор их ор суугаагүй язгууртанд ч тахилын өргөө байгуулсны нэг нь 1285 онд хунтайж Чингим нас нөгчсөнд түшмэдээс айлтгах бичиг хаанд танилцуулахдаа, Лян улсын Үди, Тан улсын Сяньзун, Алтан улсын Шизуны нас нөгчсөн хунтайжийг Дээдсийн сүмд тахидаг уламжлалыг энэ удаа дагахыг хүсчээ. Төвлөн засах зөвлөл, Бичгийн утгачийн хүрээлэнгийн олон ахмад түшмэдийн гуйлтыг ёсоор болгож, “Гэгээн тахимдуу хунтайж” хэмээн нэхэн өргөмжлөөд тахилын алтан пайз босгов. Гурван жилийн дараа нэг хониор тахих болжээ. 1293 онд, Чингимийг Дээдсийн сүмд тахих болов. Үүнээс үзвэл тахилын ёс нь Монгол хэвээр мэт...
 
1294 онд, Төмөр хаан ор суугаад Чингимийг хаан цолоор нэхэн өргөж, ”Юйзун” хэмээх сүмийн цол өргөмжлөв. Мөн онд, Хубилайд сүмийн хятад цолыг Шизу, монгол сүмийн цолыг Сэцэн хэмээн нэхэн өргөж, Гайхамшигт гавьяат утга цогтой хуанди цол өргөмжлөв.
Өдгөө бид хаадын нэрэнд хэрэглэдэг сэцэн, буянт, хүлэг, гэгээн, өлзийт зэрэг цол нь үхсний хойно өргөсөн сүмийн цол тул тахилга, тайлгад хэрэглэхээс төдийлөн өргөн хэрэглэдэггүй ажээ. Юаний үед сүмийн цолыг монгол, хятад хоёр үгээр өргөж байж.
1320 онд Шидбал их ор суугаад Аюурбарвадын сүмийн цолыг Рэньзун, монгол сүмийн цолыг Буянт хэмээжээ. Шидбал хаан эцэг өвгөдийн сүмийг тахихдаа сүмд тахисан хувцсыг үзээд “Манай эцэг дээдэс ийм л энгийн даруу хувцасладаг байж, одоогийн бид хэтэрхий чамин үнэтэй хувцас өмсдөг ажээ” гэж хэлсэн байдаг. Энэ үг Чингис хаанаас Чанчунь бомбод хэлсэнтэй адил мэт. Хэрэв тийм бол Ордост байгаа Чингис хааны тахилгын мөнгөн авдарт цамц, оймс байх магадлалтай санагдана. 
1323 онд Есөнтөмөр Их ор суугаад Шадбалын сүмийн цолыг Инзун, монгол сүмийн цолыг Гэгээн хэмээв. Мөн тэрээр эцэг жинь ван Гамалад хаан цол нэхэн өргөж, Сяньзун хуанди хэмээв. Мөн оны 12-р сард, Дээдсийн сүмд хулгай орж, Буянт хаан Аюурбарвад түүний хатны тахилын пайз алдагдсан тул алтаар дахин хийлгэв. Хянагч түшмэлүүд айлтгах бичиг Есөнтөмөр хаанд танилцуулж, Дээдсийн сүмд хулгай орсон нь Тахилын яамны алдаа тул шийтгэхийг гуйхад хаан эс зөвшөөрчээ. Есөнтөмөр нь өмнөх хаан Шадбалыг хороогдсоны дараа хаан болсон тул түүний эцэг Аюурбарвадын тахилын пайзыг хулгайлуулж, гэмтнийг гэсгээх гуйлтыг зөвшөөрөөгүй байх магадлал их.
 
1328 оны 7-р сард Дээдсийн сүмд мөн л хулгай орж, Хайсан хааны тахилын пайз алдагдсан тул дахин алтаар хийжээ. Энэ үе нь Хайсан хааны хүү Тугтөмөр болон Есөнтөмөрийн хүү Рагибаг нарын хаан ширээний төлөөх тэмцлийн үе тул Есөнтөмөрийн талынхан Хайсан хааны пайзыг хулгайлсан байх магадлал их.  
1328 онд Тугтөмөр хаан сууж Есөнтөмөрийн хүүхдүүдийг цаазлаад Есөнтөмөрт сүмийн цол өргөмжилсөнгүй. Тэр ч байтугай Тугтөмөрийн зарлигаар Есөнтөмөрийн эцэг жинь ван Гамалад хаан цол өргөснийг хүчингүй болж, Дээдсийн сүм дэх түүний тахилгын өргөөг нураажээ. 1332 онд Тугтөмөр тэнгэрт хальж, түүний сүмийн цолыг Заяат гэжээ.
1340 онд, Тогоонтөмөр хаан авга ах Тугтөмөрийн тахилгын өргөөг нурааж, түүнийг Алтан ургийн бүртгэлээс хасчээ. Энэ хүртэл дурдсан баримт сэлтийг нангиад бичиг үсэгт тайлагдсан эрдэмт дүү Ч.Содбилигээс гуйж бичүүлж авсан болно. 
 
Тогоонтөмөрөөс Лигдэн хааныг хүртэл...
 
Эцэст нь эвдрэл хагарал нь Юанийг мөхөөв. Ингэж хэлэхийн учир нь түүхээ тусгаарлах л гэснийх. Энэ үеийг манай түүхэнд “Феодалын бутралын үе” гэж баахан марксист байдлаар томъёолдог. Феодал гэж газар эзэмшигч гэсэн үг, феодализм бол европыг харанхуй үед нь мянган жил барьсан үе. Монгол феодалууд газар эзэмшиж, түрээслэгч байгаагүй, харин харанхуй үетэй адил цуст эрин байсан уу гэвэл тийм. 
Монголчууд Хаанбалагсыг орхин гараад өөрсдийгөө “Умард Юань” гэж нэрлээд ХЯтад дахь ноёрхлоо санагалзан, боломж гарвал өнгөлзсөөр байв. Монголыг нэгтгэж, дахин зохион байгуулсан Батмөнх хааны Даян цол бол “Да Юань” буюу Их Юаний хаан гэсэн үг ч гэдэг. Мингийнхэн ч умардаас сэргийлж удаа дараа их зардал гарган довтолж байсан авч эзлэн сууж байсангүй. Ингэсээр хоёр гүрэн хоюул Манжийн эрхэнд оржээ.   
 
1368 оны 9-р сарын 8-нд, Тогоонтөмөр хаан Дайду хотоос зугтахаас гурван өдрийн өмнө зүүн мөрийн түшмэл Ширэмүнээр уламжлуулан илүү 7 сарын 26-нд дээд ёслолын хорооны түшмэл Архунд “Дээдийн сүмийн эл гэрийн шүтээн ба тайж нарыг авч умарш одтугай” зарлиг болжээ. Архад нар даруй дээдсийн сүмд очиж, тахилгын сайд Харбухын хамт шүтээнийг хамгаалан явах бэлтгэлийг дуусгаж, гэрт нь хүлээж байв хэмээн “Юань улсын түүх”, “Тогоонтөмөр хааны шастирт” тэмдэглэжээ. Гэвч унаа хөсөг цөөхөн, цаг хугацаа давчуу үед овор ихтэй, хүнд жинтэй шүтээнүүдийг зохих ёсоор зөөх боломж байх тул торгоор баглаж боогоод орхижээ.
Энэ үед үлдсэн хаад, хатдын тайлгын хөрөг зургууд өдгөө Тайваний музейд хадгалагдаж байна. Бодож үзвэл Чингис хаан, Тулуй хаан, түүний хатны шүтээний зүйлсийг авч гарсан мэт. Есүхэй баатар, Өүлэн эх, Хубилай болоод бусад Юаний хаадынх цөм үлдсэн бололтой мэт авч тэдгээр нь одоог болтол бүрнээр олдоогүйг бодвол бас нэг учир байж магадгүй. Бөртэ хатны хөрөг ч бас үлдсэн мэт. 
Дайдугаас гараад умард Шандуд тахилын сүмийг дахин байгуулж тахиж байгаад улмаар умард зүгт одож 1370 онд Хэрлэнгийн Барс хотноо Тогоонтөмөр хаан нөгчив. Аюушридар их ор суухад Мин улсын цэрэг довтсонд Хархорумыг тэмцсэн байна. Бас л тунгаан бодвол хааны тахилын ордыг авч гараад Хэрлэн орчим байсан Бэлгүдэй ба  Хулан, Есүй, Есүгэн хатдын тахилын өргөөгөөр сэлбэн тахилын тоог тэгшлэн сэргээж тахисан бололтой байна. Гэхдээ “Юань улсын судар”-т бас үзвэл “Зөвхөн Есөнтөмөр Хэрлэн мөрний хөвөөнд эзэн ор суулаа... “Чингис хааны их ордонд эзний эрх хүлээн авбай” гэсэн байна. Тэгэхээр тэнд ч бас хааны тахилын өргөө байсан нь лавтай мэт. Есөнтөмөр хаан суусан нь 1323 оны явдал билээ. 
 
Б.Ринчин гуай бичсэн нь ... Ингээд тэд (Ордосын дархадууд) надад урьд Жамсраногийн дурсан ярьж байсан нэг боодол эртний гар бичмэлийг өгөв. Тэдгээр гар бичмэлийн хоёр нь их айраг үнэртсэн, усанд норсон болов уу гэмээр гэм толбо үүссэн судар байлаа. Түүнд "Монголын нууц товчоон"-д гардаг Хэрлэн голын нэрийг Хэлүрэн гэж бичсэн байлаа... гэсэн нь Хэрлэн орчимд хийж байсан тайлга тахилгын тухай судар одоо болтол Ордост байсаар буй бололтой! 
Түүнээс хойшхи сурвалжуудад Адай тайж, Тогоон тайш, Эсэн хаан, Молон хаан, Даян хаан Эзэн Чингисийн найман цагаан гэрийн өмнө ёслон хаан ширээнд суусан тухай тодорхой бичсэн нь Монголын хаад алдалгүй үе уламжлан тахиж ирснийг нотолно. Гагцхүү суурин нийслэл үгүй болсон тул нүүдэлчний ёсоор хааны орд өргөөг дагаж тахилын өргөө нүүдэллэж байсан мэт. Ингээд Лигдэн хааны үед хүрчээ.
 
Б.Ринчин гуайн тэмдэглэлдээ өгүүлсэн "Тэмүүжин сод Богд Чингис хааны ёст ач Лигдэн хутагт бээр Чингис дайчин сэцэн хаан сод эцгийн наян найман цагаан гэрт мөргөж хаан их орондоо суун алтан амиа гуйхад баруун түмний ... жонон өргөсөн эмээл ..." гэсэн бичиг бол Лигдэн хаан мөн л Найман цагаан ордын өмнө ёслож хаан суужээ гэдгийг нотолно. 
 
Дайдугаас гарч, уугуул нутагтаа эргэж ирсний дараа Монголын хаад өмнөх хаадад зориулсан тайлга, тахилгын өргөө байгуулахаа болиод зөвхөн Чингис хааны найман цагаан ордыг нүүдлийн уламжлалт байдлаар хадгалан шүтсээр иржээ. Даян хаанаас хойш найман цагаан өргөө Ордост байж, хамгийн сүүлд Лигдэн хаан Хөх нуурын зуг дутаахдаа авч явахыг оролдсон ч чадаагүй байна. Одоо бодвол Жамсраногийн бичсэнээс үзвэл Ордос дахь тахилын өргөөний мөнгөн авдарт Тулуй хаан, Сорхугтани бэхийн хөрөг ч байж болох мэт. 
Ийнхүү нүүдлийн байдлаар тахиж байсан нь өнгөрсөн зууны дунд хүртэл үргэлжлээд 1954 онд Өвөр Монголын Засгийн газраас Юаний үеийн байдлаар дээдсийн тахилын сүм байгуулж, дотор нь найман цагаан ордыг байрлуулснаар суурин байдалд шилжиж тахилга, тайлгын үйл явц ч өөрчлөгджээ. Тиймээс Цэвээн Жамсраны үед болж байсан тайлгын ёслолыг одоо үзэх боломжгүй болжээ. 
Б.Ринчин гуай, “Энэ бүхнийг бичиглэгч би бээр 1957 оны зун Ордосын Эзэн хороонд очиж Дархадуудын дунд гурван өдрийг өнгөрүүлэх боломж олдсоноор бага сага ойлгож билээ. Тэр үед БНХАУ-ын засгийн газар хуучин шүтээний талбайгаас хагас километр зайтай газар Чингис хааны онгонд зориулсан сайхан сүм байгуулсан байв. Тэр сүм нь нэгэн элсэрхэг толгой дээр баригдсан байх ба мөнгөн малгай дарах хэлбэр бүхий гурван бөмбөгөр оройтой. Дээвэр нь нарны гэрэлд алтран шаргалтаж, өнгө өнгийн паалан хана нь гялтганан их л сайхан сэтгэгдэл төрүүлж байв. 
 
Энэ сүмд Чингис хааны их өргөө, бөх Бэлгүтэйн орд, Тулуй эзэн ба түүний хатны орд шиг Алаг сүлд гэх мэт олон зүйлсийг тавьсан байлаа. Таван зуун өрх шар дархадуудаас долоон хүнийг энэ сүмийг харуулж хамгаалуулахаар тавьсан байх ба эдгээр хүмүүс нь cap бүр тогтсон цалин пүнлүү авч байв” гэж бичсэн нь одоо бидний очдог “Чингис хааны онгон” гэгддэг найман ордын тахилын сүм билээ... 
 
Шүтээнд мөргөв. 
 
Онгоны хаалгаар ормогц байдаг Их эзэн Чингис хааны хөшөөний талаар өмнө дүрсэлж бичсэн. Эцэг өвгөдийн нэрийг цээрлэх ёсон бий боловч Чингис хаан гэж бичихэд хориггүй юм. Их эзний алдар Тэмүжин бөлгөө, аюун дурдмуй. Чингис бол цол билээ. Тиймээс цолоор дуудах нь хориггүй.
Ордост тайлга, тахилга хийдэг болсныг бас ингэж домоглож байна. Чингис хаан тангудыг дайлаар мордохдоо үүгээр явж байгаад барьж явсан ташуураа унагасан. Тийм боловч ташуураа авахыг хориглосон байна. Ингээд “Энэ газар өл буга өтөглөлтэй, өвөөлж шувуу өндөглөлтэй, эвдэрхий төрийг хураалтай, энэ бие жаргалтай их сайхан газар байна” гэж магтаад явсан учраас энэ газарт байгуулсан гэх аман домгийн нэг хувилбар байна.
Хоёрдахь хувилбар нь, Чингис хаан тэнгэрт хальсны дараа шарилыг нь ачсан хасаг тэрэгний бул хойш татаж явсангүйд цамц, оймсыг нь онголж үлдээснээс энэхүү газрыг сонгож “Эзэн хороо” гэж нэрлэжээ гэнэ. Гэвч нэг зүйл бодогдсон нь “Эзэн хороо” гэдэг нь “Эзэн хор” гэдэг үгнээс үүдэлтэй мэт, учир нь энд эзний мөнгөн нум, хор, хоромсогийг тахиж байна. “Лу.Алтан товчид”, “Эзэн богд Есүй хатныг авч цэргүүдийг удирдан өөрөө мордвой. Эзэн богд өмнийн хошууг үзээд зарлиг болруун “Эвдэрсэн төрд, энх төр нутаглалтай. Эдүгээ ирэх буга нутаглалтай“ хэмээн зарлиг болвой гэж тэмдэглэсэн байдаг. 
 
Зарим сурвалжид “буга өтөглөлтэй” гэж бичсэн байхыг үзвэл энэ газар бугын зүлд өргөж тайх ёстой гэсэн мэт, гэвч Ордсын цөлд буга яаж байх билээ? Энэ домог Даян хаан Ордост нутаглаж байсан үетэй холбоотой байх. Эвэрт мал зүлдэлж, эвэрт хонь, ямаан өтөг өргөж тахидаг нь буга өтөглөх уламжлалаас эхтэй мэт. Нууц товчоонд: “Нэг өдөр Добу мэргэн Тогоцог өндөр дээр гөрөөлөхөөр гарвал, ой дотор нэгэн урианхай хүн гунжин буга алаад хавирга цоройг шарж байхад уулзаж, "Нөхөр шоролгодоо" гэж Добу мэргэн хэлбэл, тэр хүн уушги зүлд ба арьсыг өөрөө авч, бусдыг цөм Добу мэргэнд өгөв... гэдэг. Буга зүлдэлж сүлд тайх нь анчны ёс, умард хөвчийн ёс агаад тал нутагт эвэрт малаар төлөөлүүлж өөрчилжээ. Бас эргэцүүлэхэд “Монголчууд ан хоморго хийхдээ үргээж цуглуулаад марал буга, саарал чоныг гаргаад бусдыг агнана” гэж барууны элчсийн тэмдэглэлд байдгийг үзвэл бугаар тайлга хийхийг хорьсон ч байж болзошгүй юм.    
 
Тиймээс Чингис хааны хөшөөний дор алтан ташуур ба дурдсан үгийг бичсэн ажээ. Хөшөөний доогуур шургаж, алтан ташуураас адис авч “бараалхах зөвшөөрөл аваад” онгоныг бараадав. Б.Ринчин гуайн очиход элсэрхэг толгой байгаад эдүгээ бүрнээ орчин үеийн хот мэт тохижсон тахилын сүм рүү есөн ес наян нэгэн гишгүүр дамжиж өмнөх уужим талбайд хүрвэл гурван жижиг олбог дэвссэн хүнд бойпор тавьсанд хүмүүс арц, хүж шатааж хаанд мөргөж байна. Зарим хүн наманчлан залбирч байгаа харагдсанд “Ингэж наманчлах ёстой юу?” гээд хоёр гарыг дээш хандуулан тосох мэт өргөөд, сөгдөн мөргөсөнд бүгд ингэх зөв гэж дагав.    
Арц, утлагыг тэр хавьд байдаг худалдааны жижиг лангуунаас боодлоор нь авснаа  бойпорт хийж шатаав. Тэндээс алхаж сүмийн зүүн хаалгаар орж хоёр цомцогт мөргөөд гол сүмд орвол хоймортоо хааны цомцог ордыг залсан уужим танхимд тахилын ёслол эхэлжээ. Бид Хиа багшид буусан буудлаа солих гэж зам зуур саатсан тул бага үдийн хэрд очсон юм. 
Ц.Жамсраногийн үед Ордосын хошуудаас нүүлгэж ирдэг байсан бүхий л цомцог орд, шүтээнийг энэ сүмд нэг дор байрлуулаад нэгэн жаран илүү хугацаа өнгөрчээ. Монголчууд дүүртэл цуглаж, тахил тайлга өргөж байна. Их эзний цомцог ордын өмнөх майга хөлтэй чамин хээтэй том ширээн дээр багтахгүй болтол хонин өтөг (ёсоор өрсөн бүтэн хонины ууц, мах) эгнүүлэн өрж, тавагтай цагаан идээ, архи сархад, хадгийг зайгүй өрж, давхарлан тавьжээ. 
 
Наана нь тахил өргөсөн Монголчууд завсаргүй эгнэж сөгдөн сууна. Гэр бүлээрээ ирж, бүхэл шүүс өргөж, хаандаа даатгадаг Монгол айл олон байдаг ажээ. Дархад тайлгачид ирсэн хүн бүрийг нэрийг бичиж аваад Их эзэн Чингис хаанд хэн хэн ирж золгож буй дуудан өчил өчиж, ерөөл хэлж дамжуулна. Тэр зуур одоо мөргө гэж зааварлах ба тэд бүгдийг гурван гурав ёс мөргөж даатгаж дуусмагц ширээн дээрх архинаас жижиг аяганд хийж хааны хишиг хэмээн гурав хүртээнэ. Энэ ёслол арав орчим минут үргэлжилнэ.  
 
Гол сүмд хүн олон тул олон ширээ тавьж, олон дархад тайлгач хүмүүст үйлчилж байна. Бид шүүс, олон архи авч очих боломжгүй тул гэрээс авч гарсан хадаг, мөнгө өргөв. Гэрээсээ бүр хэрэг болгож Монголд хийсэн сайхан урт цэнхэр хадаг авч явсан юм. Ширээнд дөхөж очвол хөх дээл, түрийтэй гутал, бүрх малгайтай дархад тайлгач “За бүгд нэрээ хэлээрэй!” гээд жижиг цаасанд бичиж авлаа. 
Сүмийн дотор битүү сахлаг үстэй хөх хивс дэвссэн тул бид хивсэн дээр сөгдөн суутал урт хадгийн үзүүрээс тайлгач бариад нөгөө үзүүрийг бидэнд бариулав. Тэгээд хааны магтаал уншиж эхлээд өчиг хэлж Баатархуяг, Уянга нар ирж таньд мөргөн золгож байна аа хэмээн айлтгал өргөөд, ерөөл хэлэв. Бүх даатгал өчиг монгол хэлээр тул сэтгэлд сайхан юм. Бид есөнтөө мөргөөд мөнгө, хадгаа тахилчид барьсанд тосч аваад тахилын ширээнээ тавьж, тэндээс архи хундагалж хариу барив. Архинаас сүслэн хүртээд дархад тайлгачид талархаад гарав. 
Тэндээс уудам гудмаар баруун талын цомцог хүрэхээр алхах зуур дэлгэн тавьсан монгол хуучин эдлэлийн үзмэрүүдийг харж болохоор байна. Баруун сүмд тахисан хоёр цагаан цомцог ордод мөргөөд гарлаа. Гол сүмд л дархадууд үйлчлэх ба хоёр талын цомцогийн өмнө хээтэй модон хайрцаг тавьж өргөл авдаг юм байна. Цомцогийн өмнө мөн л мөргөхөд зориулсан жижиг хивснүүд эгнүүлэн дэвсчээ. Сүмийн босгоор алхаж гараад хариу мэхийгээд сэтгэл ханамжтай болов. 
Тэндээс зүүн гар тийм харвал алдарт их хар сүлдийг гурван давхар гантиг цагаан өндөр сууринд  заларчээ... 
 
Нууц тайлга
 
Голомтын тахилгыг өнөө ч Ордост хийдэг ба бас л нууц тахилгын шинжтэй. Тус тахилгад нэг бол том дарга байх, эсбөгөөс хүндтэй зочин байх ахул оролцох бололцоотой. Бид энэ удаад олон шалтгаанаар оролцож чадсангүй. Ж.Цэвээн “гарилын суу” гэдэг газар хийдэг голомтын тахилгын үеэр Хуагчин эмгэнд тахил өргөдөг гээд Монголын нууц товчооны үйл явдлыг эшлэн тайлбарлажээ. Тэр үед нууц товчоо олны хүртээл болоогүй цаг тул маш үнэт цэнэтэй мэдээлэл байсан, одоо бол энэ үйл явдлыг бүгд мэддэг тул нуршсангүй. Харин Ж.Цэвээн абугайн бичсэнийг үзье!
... 20-ны шөнө дунд Тулуй эзний шүтээний тэндээс тусгай хүмүүс ирж Чингисийн цомцог доторх зулаас бамбар асааж аваад хорооноос хойт зүгт орших “Гарилын суу” хэмээх тал газар руу давхилдан одов. Тэнд Чингисийн удмынхны гал голомтыг тахих онцгой бөгөөд нууцгай ёслол болдог бололтой. Энэ онцгой ёслолд дархадуудаас гадна жонон, түүнийг төлөөлөх хүн дагалдагчдынхаа хамт оролцохоос бусад хүн оролцдоггүй юм байна. Энэ тайлгад арав хүртэл хонь хэрэглэнэ. 
Мөн Хуагчин эмгэнд тахил өргөдөг ажээ. Мэргэд гэнэдүүлэн довтлоход сонор соргогоор мэдэж Чингисийг Бурхан Халдун ууланд дутаалган авардаг тэр Хуагчин эмгэн шүү дээ. "Юань төрийн нууц түүх" хятадаар "Юань-чао би-ши"-д өгуүлснээр Чингис тэр эмгэний тухай "солонго мэт сонсох соргог Хуагчины сонссоны хүчээр, үен мэт үзэх үнэнч Хуагчины үзсэний ачаар аюулт дайснаас амжин дутааж чадлаа" гээд цааш нь "Өшөөт дайснаас өршөөн аварч өнчин бидний өмөг болсон өндөр дээд Бурхан Халдун чамайг өглөө бүр мялааж өдөр бүр тахиж байя. Үрийн үрд үргэлж тахиж үе тутам үргэлж шүтье" хэмээн өчил өчиж сацал сацдаг. 
 
Ингэж тахиж шүтэхийг андгайлсан явдал бас Хуагчин эмгэнд ч хамаатай байсан байж болох талтай. Хэрэв тийм бол энэ гарилын сууд үйлдсэн ёслол түүнд зориулагдсан байж болох юм. Энэ тайлга ёслолын үеэр гарилын дуу дуулж "Алтан бичгээс" дуудан уншдаг гэнэ. 
 
Тайлгын шүүсний махны нэг хэсэг нь заллагад хэрэглэгдэж, үлдсэн хэсгийг хүндэтгэлийн зоог болгон хэрэглэдэг ажээ. Хонины ясны тодорхой нэг хэсгийг, Зүүнгар хошуунаас тусгайлан бэлдэж авчирсан тусгай модыг ес есөөр гурван хэсэг өрж асаасан гал дээр шатаана. Энэ хэсэг галыг дээр өгүүлсэн бамбарын галаар асаана. Мөн энэ үеэр шившлэгийн хонины гэдэс дотроор шинжин мэргэлдгийг хэлэх хэрэгтэй. Тэр шившлэгийн хонийг гаргасны дараа гэдсийг нь яраад гэдэс дотрын өнгө зүс, байрлал зэргийг шинжин үздэг байна. Баас нь шуурхайдаа дүүрэн, элэг цөс нь өнгөтэй бол сайн гэж дүгнэдэг байна. Энэ шинжих мэргэлэхийг “ерөөлч” хэмээх тусгай хүн гүйцэтгэнэ. 
Гарилын тайлга дуусмагц бамбараа барин цөмөөрөө Эзэн хороо руу давхилдана. Энэ үед тэд нэлээд ам халсан байлаа. Эзэн хороонд ирээд бамбарыг галчид өгөхөд галч тэр бамбараар Чингисийн цомцог дахь зулыг бадраагаад бамбараа голомт дотор тавина. Ийнхүү Чингис Тулуй хоёр болон тэдний үе удмынхны гал голомтыг холбон, нэг галаар бадраан дэгжээж байгаа хэрэг юм. Монгол ёсонд эцгийн голомтыг отгон хүү сахин суудаг учиртай. Тиймээс ч Чингисийн их гүрнээс эх нутгаа Тулуй сахин суусныг бид мэдэх билээ. 
Гарилын тайлгыг чандлан нууцалдаг болохоор энэ ёслолтой нарийн тодорхой танилцаж чадсангүй. "Алтан бичгээс" олж үзсэнгүй. Гэвч жинхэнэ бөөгийн ёсны айл гэрийн онгон сахиусыг (эмгэн) тахидаг ёслол байгаа болов уу гэж тааварлаж байна. Хэрвээ энэ таавар минь зөв бол Хуагчин эмгэний гавьяа зүтгэлийг магтан дуулаад, Чингисийн удмынхныг хамгаалан тэтгэж байхыг түүнд даатгадаг байх ёстой. Дархадууд энэ тайлгад маш хүндэтгэлтэй хандан, энэ тухай ярихдаа ч шивэгнэж өгүүлдэг нь гайхалтай сонин. Дархадын дарга энэ тухай бишрэлтэй байдлаар шивэгнэн хэлэхдээ энэхүү гарилын тайлга бол их хааны жинхэнэ гал голомтын тайлга юм. Гагцхүү Тулуй эзний шүтээний хүмүүс Чингис, түүний онгоны гүйцэтгэх эрхтэй юм гэж хэлж билээ... гэжээ.
 
Нэгэнт тэр тахилгад оролцож чадаагүй учраас тэр орой хааны тахилын сүмийг бараадаж хоол идэж, архи ууж суусан бөлгөө. Тайлга тахилын өргөл тэнгэрт хүрснийх биз, тэр өдөр үүл бүрхээд зөөлөн бороо шивэрч байв. Харин тайлгын уламжлал газар бүрт байсан. Улаанбаатарт ч байсан...
... Хүрээнд саяхныг болтол “Чингис хааны голомт”-ыг тахидаг байжээ.  Тахилгын ёс журам нь Ордосынхтой ойролцоо юм. Очирдарын сүмийн баруун хойно, Дэчин галбын дуганы өмнө улаан халзтай өргөө байжээ. Тэнд Өндөр гэгээний малгай, хувцас бас байсан нь хаадын тахилын гэрт хувцсыг нь байрлуулдагтай адил ажээ. Товь хэлбэртэй дөрвөн навчин саравчтай малгай, том улаан монгол гутал, нэг дээл байсан нь буриад дээл шиг жижигхэн нударгатай, хар халиуных шиг ширүүн үстэй тайвиндуу захтай, бүслэхээрээ хуниастай, шар торго шиг эдээр хийсэн, пансан дотортой тэрлэг байжээ.
Эрдэнэзуу хийдэд Абтай сайн ханы уламжилсан голомтыг Түшээт хан Гомбодорж гал, зултай нь уламжлан авч явсаар Нийслэл хүрээний “Баруун өргөө”-нд уламжлан тахидаг болжээ гэснийг үзвэл Ордост хааны цомцог ордод голомт хэмээх мөнгөн тулга, зулын цөгц байсантай таарч байна. Эрдэнэзуу хийд урьд гүрний нийслэл Хархорумын суурин дээрх Тайх балгадад баригдсан гэдгээс үзвэл энэ ёс хааны угсааг дамжин уламжлагдсаар байжээ.
 
Манжийн үед ч Баруун өргөөн дахь Чингис хааны асаасан гал голомтыг эрхэмлэн дээдэлж, жил бүрийн цагаан сарын шинийн нэгний өглөө Чингис хааны ойр төрлийн тэргүүн тайжийг хатантай нь Халхын түшээт хан аймгийн Түшээт ханы хошуу тамгын газраас Их хүрээнд ирүүлж, цагаан сарын шинийн нэгний өглөө баруун өргөөний галыг хэтээр ёслон цахиж асаан, хатан нь үлээж хөгжөөх үйлдэл хийдэг байжээ. 
 
Энэ ёслолыг үйлдсэний дараа Богдын хүрээнийхэн цагаан сарынхаа золголтыг хийж эхэлдэг байсан гэнэ. Түүнээс гадна баруун өргөөний гал зулыг огт унтраалгүй мөнхөд бадрааж байх үүргийг дөрвөн лам жасаалан үйлддэг байсан ба энэхүү лам нар бүгд Богдын хүрээний Сэцэн тойны аймгийнх байв. Мөн хөдөөнөөс ирэх тэргүүн тайж ирээгүй, баруун өргөөний гал, зул унтарахад хүрвэл Их хүрээнд байнга суудаг Чандмань тойн ламтныхаас гал авч бадраах ёстой юм гэсэн яриа ч байсан гэдэг. Тойн гэдэг нь язгууртан хүмүүс лам болоход өгдөг цол юм.  
Хожим Манжаас тусгаарлаж, Олноо өргөгдсөн төрийг тогтоосны дараа цагаан сарын шинийн нэгний өглөө Баруун өргөөний галыг Богд эзэн хаан өөрөө, хатантайгаа ирж хэтээр асааж хатан нь хөгжөөдөг болжээ. Голомтын тахилгын тухай Эрдэнэбүмбэр гуайтай ярилцсанаа хойно бичнэ. Энэ ёс уламжлал коммунизмын жилүүдэд устжээ...
 
Хар сүлдийг тусгайлан бичье. Хар сүлд нь аугаа их заслал, ялалт, байлдан дагууллын сүр хүчийг бэлгэдсэн байдаг. Зөвхөн дайнд ч биш 16 хатуу үйлийг дарахад хар сүлдний тайлгын учир бий. Манай улсад нүүрлэсэн ган (биднийг явж байхад ч хүйтэн, гантай хэвээр байсан) зуд, үер, самуун, өвчин тахал... энэ бүгдийг дарахад хэрэг болох болов уу хэмээн бодсон бөлгөө. 
Ирээд энэ талаар бичсэнгүй жаахан харав, хар сүлд цэнгүүллээ, тогтох болов уу гэтэл үер урсаж, түмэн уурсав. Нэг л буруу хийгээд байх шиг...
 
А.Баатархуяг