сонин mn
Афганистанд байгаа Хазар үндэстнүүдийг Монгол улсад авчрах асуудлаар төрийн өндөр албан тушаалтнуудад хүсэлт хүргүүлсэн хэсэг иргэдийн нэг, сэтгүүлч, иргэний нийгмийн идэвхтэн Ч.Мөнхбаяртай ярилцлаа.
 
Та болон нэр бүхий иргэд, ТББ-ууд хамтран  Афганистанд байгаа Хазарчуудыг Монгол улсад авчрах асуудлаар төрийн гурван өндөрлөгт хүсэлт хүргүүлж байгаа талаараа хэвлэлийн хурал хийсэн. Энэ нь цахим орчинг нилээн талцуулаад авсан. Тэгэхээр яагаад ийм санал гаргах болов гэдгээс яриагаа эхлэе?
 
Одоогоос яг 20 жилийн өмнө, 2001 онд би “Өдрийн сонин”-д “Хазарачууд гэж хэн бэ?” нэртэй нийтлэл хэвлүүлж байлаа. Тухайн үед АНУ-ын хоёр өндөр барилгад халдсаны дараа антитеррорист гэж ажиллагаа явагдаж байсан. Тэр үед Н.Энхбаяр Ерөнхий сайд байсан бөгөөд Монгол Улсын Засгийн Газар терроризмын эсрэг энэ ажиллагаанд идэвхтэй оролцмоор байна гэдэг хүсэлт гаргаж байсан юм.
Тухайлбал агаарын орон зайгаа антитеррорист үйл ажиллагаанд ашиглуулах, шархадсан хүмүүсийг сувилах болон орогногч, дүрвэгсдийг байрлуулж болох юм гэж байлаа. Энэ үед УИХ-ын зарим гишүүд “Хэтэрхий илүү юм ярьсан байна” гэж Н.Энхбаярыг зэмлэж байсан. Энэ асуудлаас үүдээд би хэрэв Монгол Улс орогногч, дүрвэгч авмаар байгаа бол Хазара Монгол ахан дүүсээ авсан нь дээр байх гэж  бичиж байлаа. Яг энэ үзэл санаагаа 20 жил ярьж явна. 10 жилийн өмнө 2011 онд террорист үйл ажиллагаа гарахад мөн Хазара Монгол ахан дүүсээсээ зохих хэмжээгээр хүлээж авбал яасан юм бэ? гэж ярьж л байсан. Нийтдээ 30 орчим Хазара оюутан Монголд суралцсан байдаг. Үүнийг хүмүүс талархаж хүлээж авч байсан. Ер нь манай иргэд Хазара түмнийг зохих хэмжээгээр хүлээж авч болох юм гэдэг нэгдмэл байр суурьтай л явж ирсэн. 
 
Энэ асуудал дээр иргэд цахим орчинд олон зуугаараа намайг  дэмжихээ илэрхийлж байна. Хэвлэлийн хурал хийхээс өмнө энэ асуудлыг дэвшүүлэхэд мянга мянгаараа дэмжсэн сэтгэгдэл бичиж, түгээж байсан. Ийм учраас бид итгэлтэйгээр үүнийг ярьсан. Гэтэл дараахан нь тодорхой зохион байгуулалттайгаар миний эсрэг  хөлсний бичээчдийг ажиллуулсан гэж хардаж байна. Би шинжлэх ухааны, хууль эрхзүйн үндэстэй, эрүүл саруул зүйл ярьсан. Монгол Улсын Засгийн Газраас удаа дарааллан ярьж байсан асуудлыг хөндсөн. Өмнө нь Монгол Улсын Засгийн Газар Хойд Солонгосоос дүрвэгчид авна гээд, НҮБ-ын дэмжлэгтэйгээр Налайх дүүрэгт дүрвэгчдийн байр барих ажил хийж байсан. Монгол Улс түүхэндээ Шинжаанд гарсан үймээнээс дүрвэсэн олон Казак иргэдийг авч байсан. Хэдийгээр тэднээс Казахстан руу олон тоогоор явсан ч өнөөдөр 100,000-аас их хүн Монголд байна. Монгол Улсын хөгжил дэвшил, бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулаад, Монгол Улсын тусгаар тогтнолыг цусаараа хамгаалж, хамтдаа нэгэн хувь заяаг бүтээж байгаа. Энэ хүмүүс Монголын нийт хүн амын 3-4 хувийг л эзэлж байгаа шүү дээ. Мөн ОХУ-д гарсан үймэн самуунаас зугтаж ирсэн Буриадын түмэн өрхийг хүлээж авч л байсан. Түүнчлэн Өвөрмонголоос 1910, 1920, 1930, 1940-өөд онуудад цувралаар дүрвэгчид хүлээж авч байсан. Энэ бол олон мянган хүний тухай асуудал. БНМАУ-ын иргэд болох 30,000 орчим өрх Өвөрмонгол руу дүрвэж байсан. Цагийн байдал гайгүй болох үед эргэж ирж байсан. Өөрөөр хэлбэл иймэрхүү асуудлууд манай Улсын түүхэнд  байсан юм. Тийм ч учраас манай ард иргэд үүнийг байдаг л асуудал гэж тайвнаар хандаж ирсэн. Харин хөлсний бичээчид бол бүгд үг нь адилхан, гурван зүйлээс бүтсэн үгийг л бичиж байгаа. Нэгдүгээрт, Өөрийгөө яая гэж байж гэсэн утгатай байна. Хоёрдугаарт, Түүгээр явсан гайг үүгээр дуудаж хэрэггүй гэж байна. Гуравдугаарт, Намайг цээртэй хараалаар харааж байна. Бодит байдал дээр ингэж хагаралдаад байсан зүйл байхгүй болов уу? Энэ нийгмийнхээ зөв зүйтэй зүйлийг, зөв зүйтэй хүмүүсийг хараан доромжилдог эдгээр хөлсний бичээчдийг надтай адил хараалгаж, хохирсон хүмүүстэй нийлж цагдаагийн байгууллагад өгч, шалгуулж, байхгүй болгохоор тэмцэнэ гэж бодож байгаа. 
 
Таны хэлсэнчлэн зарим иргэд "түүгээр явсан гайг үүгээр дуудах хэрэггүй" гэж бичиж байна. Нийтлэлч Баабар хүртэл: "Чингисийн цэрэг орж ирэхэд хазарчууд шууд Монголын талд орсон. Энэ бол 800 жилийн өмнө болсон явдал. Түүнээс өөрөөр хазар нь Монголтой ямар ч холбоо хамаа байхгүй. Ялангуяа цус нөжний хувьд. Хазарын хаант улс Чингисээс 600 жилийн өмнө оршин байсан." гэсэн байсан? Хазара нарын үүх түүх үнэхээр бидэнтэй холбоотой юу? холбоогүй юу?
 
Баабар гуайн бичсэн зүйл бол нэг хувь хүний л үзэл бодол шүү дээ. Каспийн тэнгис орчимд байсан Түрэг угсааны үндэстэн Хазарын хаант улс гэж байсан. Дээдэс нь Иуда шашинтай хаант улс. Энэ хаант улсаас Ашкенази гэж ярьдаг, өнөөдрийн Еврей үндэстэн гарсан. Ийм түүхтэй ард түмэн байсан. Бидний ярьж байгаа Хазара Монголчууд гэдэг нь Төв Азийн царай зүстэй, бидэнтэй төстэй овог аймгууд байсан. Дэлхийн гайхамшиг болсон Буддын баримлыг босгосон, Буддын шашинтай ийм ард түмэн байсан.
 
 
 
Монголын их байлдан дагуулалтын үед Персэд очсон Монголчууд маань ижил төстэй царай зүстэй учир ураг их барилдсан. Дайн тулаанд эрчүүд голдуу явдаг байсан учраас тухайн нутгийн эмэгтэйчүүдтэй ураг барилдаж, цус холилдоод, тархай бутархай, нэг үндэстэн болж тогтоогүй байсан овог аймгуудыг Монгол гэсэн нэгэн нэрийн дор нэгтгэсэн.
 
 
 
Тэгээд тэр хүмүүс өнөөдөр Монгол гэдэг ухамсар, сэтгэлтэй, өөрсдийгөө Чингисийн байлдан дагуулагчдын үр хойч гэж үздэг, бахархдаг, оюун санааны ертөнцтэй болчихсон. Соёлын хувьд биднээс ялгаатай ч сэтгэл нь нэг гэж хэлж болохоор, тодорхой хэмжээгээр Монгол цус гүйж байгаа хүмүүс. Баабар гуайн хувьд түүхч хүн гэхэд тухайн ярьж буй зүйлээ мэдээгүйн улмаас харамсалтай алдаа хийж гэж бодож байна. Аливаа эзэнт гүрний хувьд өөрийн эзлэн сууж байсан улсынхаа иргэдийг харж үздэг, эзэнт гүрний хариуцлага гэж бий. Франц, Английн эзэнт гүрнүүд тийм бодлого явуулдаг. Монгол Улс бас эзэнт гүрэн байсны хувьд эзэнт гүрний хүүхдүүдээ жаахан ч гэсэн харж үзэх мундаг сэтгэлгээ байж болох л зүйл юм.
 
"Монголоо хайсан Монгол" төслийг 10 орчим жилийн өмнө сэтгүүлч М.Буянбадрах тэргүүтэй хүмүүс хэрэгжүүлж, Хазара оюутнуудыг Монголд тэтгэлэгтэйгээр сургаж байсан. Энэ талаар та яриандаа бас дурьдлаа шүү дээ. Энэ төсөл, үйл явц зогссон гэж сонссон?
 
“Цахим өртөө” гэж ТББ санаачилж, гурван Хазара оюутныг сургах ажлыг хэрэгжүүлж байсан. Д.Сайнбаяр, М.Тулгат зэрэг залуус энэ ажилд нэлээд үүрэг гүйцэтгэсэн. Мөн МУИС-ийн сэтгүүлчийн ангид хамт сурч байсан М.Буянбадрах дүү маань "Монголоо хайсан Монгол" төслийг хэрэгжүүлж, Монголын бүс нутгуудаар явж, цуврал нэвтрүүлгүүд хийн, Монголчууддаа Монгол ахан дүүсээ таньдаг болоход нь их хувь нэмэр оруулсан шүү дээ. М.Буянбадрахын маань ажил Хазарачуудад найртай сайхан хандахад их үүрэг гүйцэтгэсэн. “Тасам” ТББ-ын тэргүүн Ц.Санчир гэж бүсгүй, мөн Н.Болормаа гэж сэтгүүлч бүсгүй Хазарад очиж сурвалжлага бэлтгэж хийх зэргээр их олон хүн Хазара түмнийг таниулахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Үүний эсрэг хөлсний бичээчид жоохон зайд адилхан хараал бичлээ гээд нөлөө байхгүй. Харин ч өөрсдөө хуулийн хариуцлага хүлээнэ. 
 
Та Хазара хүмүүстэй одоо ямар нэгэн харилцаа холбоо байдаг уу? Хазар нар өөрсдөө Монголчуудын талаар ямар бодолтой байдаг юм бол?
 
Монголд ирж, суралцаж байсан Хазара хүмүүстэй уулзаж, ярилцаж байсан. Тэдний халуун сэтгэлд үнэхээр итгэж үнэмшсэн. Тийм халуун сэтгэлтэй хүмүүс Монголд гай тарихгүй. Харин ч түүгээр яваа гайг үүгээр бүү дууд гэж байгаа хүмүүс Монгол туургатны нэгдэж нягтрах, олуулаа болж хүчирхэгжих, нээлттэй болох энэ боломжийг хааж, өөрсдөө гай болж байна. Бас өөрсдийгөө яая гэж байж гэх хүмүүс байна. 
Энэ хүмүүс эх орноо гэсэн сэтгэлгүй, өөрсдийнхөө төлөө зүтгэдэггүй, үндэстэн гэсэн сэтгэлгээгүй хэр нь манай улс олон сая гадаадын иргэдийг байгалийн баялгаараа тэжээж байгаа шүү дээ. Өөрсдийгөө яая гэж байж гадаад иргэдийг тэжээж байгаадаа санаа зовдоггүй. Тэгсэн хэр нь тус болж магадгүй, цус нэгтэй хүмүүсээ гай гэж хардаг. Тэднийг хүлээж авахгүй гэж байгаа нь өөрсдөө л жинхэнэ гай гэдгийг хэлмээр байна. Зөвхөн Монголд байсан төдийгүй АНУ зэрэг орнуудад байгаа хүмүүстэй холбоотой байдаг. Мөн хүний эрхийн талаар хурал, зөвлөгөөнд явж байхдаа ч нүүр тулан уулзаж байсан тохиолдлууд ч зөндөө бий. Намайг төр засагт хэлээд  олон сая хүнийг авчрах гэж байна гэж гүтгэсэн. Би тийм зүйл огт яриагүй. Бүх зүйл эрүүл ухаанаар, хуулиар, бодит байдлаар шийдэгдэнэ. Эрүүл ухаан гэдэг нь хүн төрөлхтний бие биедээ туслах энэрэнгүй үзэл юм. Дэлхий даяараа террорист халдлагад өртөж буй энэ хүмүүст тусалья гэж ярьж байна. Энэ бол гэм нүгэл биш буян. Манай Улсын төсвийн бодит байдал ганц хүн аваад ч тэжээж чадахгүй ядмаг байдалтай байна. Өөрсдийн иргэддээ халамж олгохдоо хүртэл гаднаас зээл авч олгож байгаа шүү дээ. Тийм олон дүрвэгч авья гэж хүссэн ч боломж байхгүй нь манай бодит байдал.
 
Хууль эрхзүйн хувьд гадны иргэн нь хүн амын хэдэн хувиас хэтэрч болохгүй гээд тодорхой заачихсан байгаа. Мөн дээрээс нь Монгол Улс дүрвэгсдийн конвенцид нэгдээгүй учраас, тэднийг бүр мөсөн авах хууль эрхзүйн боломжтой этгээд биш. НҮБ-ын болон гадны санхүүгийн тусламжаар дүрвэгчийг түр орогнуулах ганц боломж бий.
 
Цөөн тооны гадны дүрвэгч тухайн хүнийг эцсийн хүлээж авах улс нь тодортол манайд түр хугацаагаар оршин суудаг. Энэ хүмүүс нь НҮБ-ын санхүүжилтээр байдаг юм. Өвөрмонгол, цөөн тооны Хойд Солонгос, ганц хоёр Уйгар, Бангладеш хүмүүс байж л байдаг. Нийтдээ 10-аас хэтэрдэггүй юм. Тийм учраас Монгол Улсын хувьд гадны санхүүжилтын дор цөөн тооны хүнийг л байлгаж болох хуультай, боломжтой. Энэ учрыг ойлгох хүмүүс ямар нэгэн аюул гэхгүй дэмжиж хүлээж авсан. Харин миний үгийг гуйвуулж, гүтгэн доромжилж байгаа хүмүүсийг би гайхаж байна. Энэ нь гэмт хэргийн чанартай зүйл юм. 
 
Ер нь Монгол үндэстэн бол түүхийн үр дүнд өөр өөр улс орнуудад  маш их хуваагдсан үндэстэн шүү дээ. Та Монгол туургатны чиглэлээр олон жил тууштай судалж, уугуулшуулах тухай хууль хүртэл санаачилж явсан хүн. Тэгэхээр Хазара нарын тухай ирээдүйд Монгол улс яг ямар бодлого баримталж ажиллах ёстой юм бэ?
 
Монгол Улс маань Израйль шиг, Казахстан шиг Монгол туургатнууддаа нээлттэй орон байгаасай гэдэг үүднээс уугуулшуулах хуулийг санаачилж байсан. Гэхдээ энэ асуудлыг өнөөх хөлсний бичээчдийн бичиж байгаа шиг туйлширч ойлгож болохгүй. Монголоос өөр дэлхийн бусад орнуудад 10 сая орчим Монгол үндэстэн байгаа гэдэг. Тэдний 7 саяыг нь ч юм уу шууд аваад ирнэ гэж ойлгож болохгүй. Харин Монгол Улсад ажиллаж, амьдрахыг хүсэх юм бол тэр боломж нь нээлттэй байх ёстой. Гэхдээ өнөөдрийн бодит байдал бол хамаг баялгаа гадныханд өгчихөөд тэднээсээ гуйгаад сууж байна. Цаашдаа эдийн засаг сайжирч, гаднаас ирсэн хүндээ туслах бололцоотой болохыг үгүйсгэхгүй. Зарим хүмүүс Улаанчулуутын хогийн цэг дээр байгаа хүмүүстээ туслаж чадахгүй байж юун гаднаас хүн авах вэ? гэж ярьдаг. Гэтэл гаднаас ирсэн хүмүүст Засгийн Газраас тусламж үзүүл, мөнгө өг гэж би яриагүй шүү дээ. Харин хүн төрөлхтний өмнө хүлээсэн үүргийн үүднээс, гадны тусламжаар түр байлгаж болох юм гэж ярьсан.
 
Казахстан улс анх тусгаар тогтнохдоо хүн амынх нь 30 хувь нь л Казак үндэстэн байсан. Уугуул үндэстэн рүүгээ чиглэсэн шийдвэр гаргаж чадахгүй, парламентдаа Казакууд нь олонхи болж чаддаггүй, хэцүү байдалтай байсан. Ийм учраас бусад оронд байгаа Казак үндэстнээ урин дуудаж, улсдаа авчирсаар байгаад одоо нийт хүн амынх нь 50 гаруй хувь Казак үндэстэн болсон. Ингээд гаднаас ирсэн мэдлэг чадвартай хүмүүсийнхээ ачаар эдийн засгаа өөд нь татсан. Мөн өөрсдийнх нь үндэсний ухамсар сэргэн мандсан. Израйль улс мөн газар нутгаасаа хөөгдөөд, хожим эргэн цугласан. Ингээд Арабын ертөнцөд оршин тогтнохын тулд олуулаа болох ёстой гээд би Еврей гэсэн хүн бүрийг л аваад байсан. Харин энэ олон хүнийг нэгэн соёлын дор нэгтгэх бодлогоо сайн явуулсан учраас газар газраас цугласан Еврей болон бусад хүмүүс нь нэгэн соёл, үзэл санаа, хөдөлмөрийн дор нэгдэж хүчирхэг улсыг бүтээчихлээ шүү дээ. ЗХУ нуран унахад бараг 2 сая хүн очсон байдаг. Одоо Израйль улсын хүн ам 10 сая хүрчихлээ. Нэг Еврей хүнийг дагаад эхнэр нь, хүүхдүүд нь, өвөө эмээ нь гээд бараг 10-20 хүн очиж байсан. Энэ дунд өөр үндэстний хүмүүс ч олон байсан. Гэхдээ Израйль улс үүнд санаа зоволгүйгээр, төрийн бодлого байхад бүгд л Еврей болно гэдэг үзлийг баримталсан. Монгол Улсад ч энэ асуудал байдаг.
 
 
 
Манайд ирсэн ӨвөрМонгол дүрвэгчид одоо ижилссэн шүү дээ. Өөрсдийгөө би тэдэн онд ирсэн ийм хүн гэж ярихгүй. Би бол Халх хүн л гэж ярина. Монголд өөр орноос Монгол үндэстэн ирэхэд нь хүлээж аваад, Монгол хүн болгоод авчих төрийн бодлоготой байх хэрэгтэй.
 
 
 
Харин холимог гэр бүлийг тодорхой тоогоор батлаад авчрах хэрэгтэй. Тэгэхгүй бол 10 хүн ирлээ гэхэд дагаад өөр үндэстний 10 хүн ирээд байвал учир дутагдалтай. Энэ мэт асуудлуудыг бүгдийг нь тусгаж, аюулгүй байх талаас нь хуулиа санаачилж байсан. Өөрийнх нь уугуул үндэстний том хэсэг нь гадаадад амьдардаг улс бүрт ийм бодлого байдаг.
Жишээ нь: Польш улсад өөрийгөө Польш гэж нотолсон хүнд тусгай үнэмлэх олгодог. Энэ үнэмлэхийг авсан хүн ганц, хоёрхон эрхээс бусад нь Польшийн иргэдтэй адил эрх эдлэхээр заагдсан байдаг. Манайд ч бас “Хөх үнэмлэх” гэж яригдаж л байсан. Хойшдоо ийм зүйл хэрэгжихийг хэн байг гэхэв. Дэлхийн бодлоготой байж л бид үлдэнэ. Монгол улсын иргэн л Монгол хүн. Бусад нь биш гэдэг байж болохгүй. Бусдаас содон юм ярьсан хүнээ харааж зүхсээр байгаад дарж авдаг, дотроо хагаралтай, эв нэгдэлгүй, нэгнээ хайрладаггүй, өнөөгийнх шиг ийм байх юм бол Монгол Улс мөдхөн сөнөнө. Ийм байдалд орохгүйн тулд дэлхийн хэмжээнд харж, бодлого явуулж байж л бид оршин тогтнож үлдэнэ. 
 
Ярианыхаа төгсгөлд миний асуугаагүй, танд хэлэх зүйл байна уу?
 
Миний ярьж байгаа зүйлийг зөвөөр ойлгож байгаа хүмүүс олон бий. Гэхдээ хөлсний бичээчдийн бичсэн зүйлээс болоод төөрөлдөж байгаа хүмүүс бас байгаа болов уу?
 
Ч.Мөнхбаяр гэдэг хүн олон сая Хазарачуудыг өнөө маргаашгүй аваад ирэх юм байна. Тэд нар нь ирж биднийг буудчихаад эзэн суух нь гэж ойлгож байгаа хүмүүс мэр сэр байх шиг байна. Яг бодит байдал дээр яах вэ? гэдгийг би хэлж өгье.
 
Ямар нэгэн гадны улс орон, эсвэл НҮБ-аас ч юм уу Афганистанаас гарч байгаа дүрвэгсдэд бүгдээрээ туслая гэвэл Монгол Улс НҮБ-ын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу, гадны санхүүгийн дэмжлэгтэйгээр тодорхой тооны хүмүүсийг түр байршуулах гэдэг ч юм уу, үүнийх нь хариуд НҮБ, эсвэл гадны улс орнууд талархаад эдийн засгийн хувьд тусламж дэмжлэг үзүүлж, хамтран ажиллая гэдэг санал тавих магадлалтай. Манай төр засгийн удирдагчид хүн төрөлхтөний өмнө хүлээсэн үүрэг, хүн чанараа ухамсарлаад тодорхой тооны хүнийг байршуулья, та бүхэн санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлнэ үү гэдэг ч юм уу харилцан ашигтай байдлаар хэрэгжих боломж бий юм. Энд бол ихдээ хэдэн зуун хүний тухай л яриа байгаа. 
 
Баярлалаа.
 

 

Ярилцсан М.Чойжал