сонин mn
Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад гишүүнээр элссэний 60 жилийн ойд
 
 
Дэлхийн II дайн дууссаны дараа 1945 оны VI сард АНУ-ын Сан-Франциско хотод дэлхийн олон орны төлөөлөгчид оролцсон бага хурал болж, энх   тайвныг сахин хамгаалах  зорилго бүхий олон улсын байгууллага  НҮБ-ыг байгуулжээ. НҮБ-ын дүрмийг боловсруулж, тус байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрууд VI сарын 26-нд баталсан байна. Дэлхийн том гүрнүүд болох СССР, АНУ, Их Британи, Хятад, Франц улсууд уг баримт бичгийг АНУ-ын Засгийн газарт хадгалуулахаар шилжүүлсэн 1945 оны Х сарын 24-ний өдрөөс НҮБ оршин тогтнох болсон юм.
НҮБ-ын дүрмээс үүдэн гарах гишүүн орнуудын гол үүргүүд нь энх тайван, аюулгүй байдлыг сахих, улс түмний тэгш эрх, өөртөө засах зарчмыг хүндэтгэх үндсэн дээр бусад үндэстэнтэй найрсаг харилцааг хөгжүүлэх эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн чанартай олон улсын асуудлыг шийдвэрлэхэд хамтын ажиллагааг хэрэгжүүлэх, бусад улсын дотоод хэрэгт үл оролцох, гэрээ хэлэлцээр, олон улсын эрхтэй холбоо бүхий үүргийг сахин хүндэтгэх явдал юм.
 
 
1. НҮБ-д  элсэх бэрх замын эхэн ба Ю.Цэдэнбал.  Монголын засаг төрийн эрх баригч МАН-ын ТХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхий сайдын орлогч байсан Ю.Цэдэнбал: “Манай улсын Засгийн газар нь бат найрамдлыг тогтоохын тулд явуулж буй улс түмний тэмцлийг их ач холбогдолтой гэж үзэж, мөн түүнчлэн энэ хэрэгт Нэгдсэн Үндэстний байгууллага маш их ач холбогдолтойг харгалзаж, БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнд элсүүлэх тухай өргөдлийг 1946 оны VI сарын 21-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад  өгсөн юм” (Ю.Цэдэнбал. Илтгэл, өгүүлэл, хэлсэн үг, илгээлт. б.I, т.217) гэж 1946 оны Х сард хэлж байснаас үзэхэд Монгол Ардын Нам, түүний удирдагч бүр анхнаасаа олон улсын энэ байгууллагыг хүндэтгэж, НҮБ-д элсэх нь улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг бататгахад зайлшгүй чухал гэж үзэж байжээ.  
 
Анх 1946 оны VI сарын 21-нд  Монголын Засгийн газар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Трюгве Ли-гийн нэр дээр Ерөнхий Ассамблей ба Аюулгүйн Зөвлөлд Монгол Улсыг энэ олон улсын байгууллагад гишүүнээр элсүүлж авахыг хүссэн илгээлт явуулжээ. Тус илгээлтдээ: “БНМАУ-ыг Нэгдсэн     Үндэстний      гишүүнд элсүүлэн авах тухай хүслээ Аюулгүйн Зөвлөл ба Ерөнхий Ассамблейд илэрхийлэхийн хамт БНМАУ-ын ард түмэн нь өөрийн их хөрш ЗХУ-д эд материалын тус дэмийг үзүүлэн Нэгдсэн Үндэстний талд орж фашист улсуудын эсрэг тэмцэлд оролцсоныг Аюулгүйн Зөвлөл ба Ерөнхий их хурлын анхааралд толилуулах нь зүйтэй гэж тус улсын Засгийн газраас үзнэ. …Нэгдсэн Үндэстний нийтийн хэрэгт Монголын ард түмнээс үзүүлсэн энэхүү тус нэмрийн тухай Аюулгүйн Зөвлөл ба түүнчлэн Ерөнхий их хурал мартахгүй бөгөөд БНМАУ-ыг Нэгдсэн Үндэстний гишүүнд элсүүлэн авах тухай хүсэлтийг зөвшөөрөн үзэх болов уу гэж БНМАУ-ын Засгийн газар үнэхээр итгэж байна” (БНМАУ-ын гадаад харилцааны баримт бичгүүдийн эмхтгэл. б.I. –УБ., 1969, т. 109) гэжээ.
 
1946 оны VIII сарын 6-нд хийсэн НҮБ-ын Шинээр гишүүн элсүүлэх хорооны хурал дээр Монголын Засгийн газрын өргөдлийг авч үзэж эхэлжээ. Монголыг  НҮБ-д гишүүнээр элсүүлэх асуудлыг түүний тусгаар тогтнолын бодит түвшин, бие даасан гадаад бодлого явуулах буюу үндэстнийхээ эрх ашгийг хамгаалах чадварыг бодитойгоор мэдэх, эл учрыг тодруулах үүднээс Монголын өргөдлийг авч хэлэлцэхэд АНУ болон бусад 7 улс Засгийн газрынхаа байр суурийг шууд хэлэхээс түр түдгэлзэж, Монголын талаар нэмэлт мэдээлэл авах хүсэлтэй буйгаа илэрхийлжээ. Дундад Иргэн Улсын төлөөлөгч эл асуудлыг дор хаяад нэг жилээр хойшлуулах саналыг гаргажээ. Тэр саналдаа Монгол Улс одоо 2 улстай дипломат харилцаатай байгаа нь бие даасан гадаад бодлоготой хэмээн үзэхэд зарим нэгэн эргэлзээ төрүүлж буйг дурдаад “Бусад орнуудтай дипломат болон консулын харилцаагүй байгаа нь Монгол Улс дэлхийн ард түмний хамтын нийгэмлэгийн гишүүн болоход хараахан бэлэн болоогүй зүйл байж болно”2 гэж мэдэгдсэн байна. БНМАУ-ын өргөдлийг хүлээн авахыг дэмжиж ЗХУ, Польш улсын төлөөлөгчид үг хэлжээ. Харин Английн төлөөлөгч “Монгол нь НҮБ-ын олон улсын үйл явдалд зохих ёсоор оролцох олон улсын харилцааны ажлын туршлага хангалттай олж чадаагүй байна” (Б.Лхамсүрэн. Монголын гадаад орчин, төрийн тусгаар тогтнол. –УБ., 1998, т. 123) гээд асуудлыг хойшлуулахыг санал болгожээ. 
 
НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газраас өөрийн улсын талаар мэдээлэл өгөх төлөөлөгч ирүүлэхийг урьж, гишүүн элсүүлэх хорооны  сонирхож буй асуултуудыг Монголын талд танилцуулжээ. Энэ мэдээг авмагц манай Засгийн газар 1946 оны VIII сарын 16-нд Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ерөнхий сайдын орлогч Ю.Цэдэнбалыг Нью-Йорк хотноо томилон явуулж, тус улсын ГЯЯ-ны орлогч сайд Лхамсүрэн, мөн яамны Протоколын хэлтсийн эрхлэгч Жаргалсайхан нарыг дагалдуулан явуулахаар  тогтоол  гаргаж,  тэр  тухайгаа  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад нэн даруй мэдэгджээ.
Монголын тусгаар тогтнолыг НҮБ-ээр баталгаажуулахыг  амин чухалд тооцож байсан нам, төрийн удирдагчид төлөөлөгчдөө маргааш нь буюу VIII сарын 17-нд Улаанбаатараас үдэж,  Москвад очсон Ю.Цэдэнбал Х.Чойбалсанд ирүүлсэн цахилгаанд: “Миний бие нөхөр Деконазов (ЗХУ-ын ГЯЯ-ны орлогч сайд)-тай хоёр дахин уулзаж үндсэн зүйлийг ярилцаж авлаа. Гишүүн элсүүлэх асуудлыг хэлэлцэх хорооноос тавьсан тэдгээр асуултын хариуг бид Улаанбаатарт байхдаа төлөвлөж амжаагүй тул энд төлөвлөж ярилцлаа” гэж мэдэгджээ.
Ю.Цэдэнбал нар замдаа Парис хотод түр саатахдаа бэлтгэлийн дутуугаа гүйцээх талаар шаргуу ажиллаж, үүний хажуугаар танин мэдэхүйн хүсэлдээ хөтлөгдөн эртний гайхамшигт энэ хотын байдалтай танилцаж Эйфелийн цамхаг дээр амжингаррч, гол музейнуудыг үзэж амжжээ. Ю.Цэдэнбал Парист ЗХУ-ын ГЯЯ-ны сайд В.М.Молотовтой тохиролцон уулзаж 2 удаа зөвлөлдсөн нь төлөөлөгчдийн ажилд чухал ач тустай болсон юм. Ю.Цэдэнбал нарын тэмдэглэлээс үзэхэд Молотов: “Өөрийн хэлэх үгийг урьдаас сайтар бэлтгэсэн нь дээр. Би хувьдаа бүх зүйл сайн сайхан болно байх гэж бодож байна. …Тэдэнд өө сэв эрүүлээд, амыг нь дагаад байхаар биш, харин тэднийг өөрийн санаа зоригт дагуулахаар хариулт өгөх хэрэгтэй. Өөрийн бүх хөрш орнуудтай дипломат харилцаатай байгаагаараа Та нар ашигтай байдалд байгаа” (Зохиогчийн хувийн архив.) гэжээ.
 
 
Монголын төлөөлөгчид НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс тавьсан асуултын хариуг бэлтгэхэд их анхаарч Москвад, Парист, Нью-Йоркт олон талаас нь зөвлөн ярилцаж 5 асуултын хариу болгож 9 хуудас материал бэлтгэж Аюулгүйн Зөвлөлд өгчээ. Дөчөөд оны дундуур яаруу сандруу боловсруулагдсан гэж бодоход Монгол Улс НҮБ-д элсэх бүх болзлыг биелүүлснийг баримт бичигт нотлоод Монголын хол ойрын түүх, тухайн үеийн нийгэм-эдийн засаг, улс төрийн бодит     байдлыг товч,     ойлгомжтой, тодорхой, үнэн зөвөөр илэрхийлжээ. 1946 оны VIII сарын 28-нд Монголын төлөөлөгчдийг Аюулгүйн Зөвлөлийн хуралд урьжээ. Аюулгүйн зөвлөлийн 54, 55, 56, 57 дугаар хурлуудаар 8 улсын өргөдлийг бүтэн хоёр өдөр хэлэлцжээ. Америк, Английн төлөөлөгчид өргөдөл өгсөн улсуудыг бөөнөөр нь (универсализмын зарчмаар) хэлэлцэх санал тавьжээ. Харин ЗХУ-ын төлөөлөгч эсрэг байр суурьтай байв. Ийм сөргөлдөөний байдал нь Монгол Улсын хувьд ашиггүй байлаа. Энэ үеэс Америкийн төлөөлөгч Албани ба Монголын өргөдлийн тухай Аюулгүйн Зөвлөлөөс шийдвэр гаргасны хэрэггүй гээд харин эдгээр улсыг хэлэлцэхийг хойшлуулахыг шаардаж хэд хэдэн удаа үг хэлжээ.
 
ЗХУ-ын төлөөлөгч Громыко хэлэхдээ: БНМАУ бол бат бэх энх тайван байдал ба аюулгүй байдлын төлөө тэмцэж буй эрх чөлөөг эрхэмлэгч ард түмний тэмцлийн нийтийн үйл хэрэгт өөрийн хувь нэмрийг бүхий л аргаар нийлүүлж чадах эв найрамдалт улс мөн гэж бүрэн итгэж байна… Квантуны цэрэгтэй хийсэн тулалдаанд монголын цэрэг нь эрэлхэгээр байлдаж, Японы цэргийн түрэмгийллийг устгахад холбоотон улсуудад үнэт тусламжийг үзүүлсэн гээд БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэх саналаа илэрхийлэв (Ю.Цэдэнбал. Илтгэл, өгүүлэл, хэлсэн үг, илгээлт. б.I, т.220-228).
 
Хятадын төлөөлөгч Ши хэлэхдээ: Аюулгүйн Зөвлөлөөс тавьсан асуултад хариулсан БНМАУ-ын хариу нь Хятад Улсыг хангах тул Хятад нь БНМАУ-ыг дэмжихэд бэлхэн байна гэж хэлээд тэр дороо өнгөрсөн үеийн түүхийг дурдаж, монголчууд нь хятадыг өмнө нь түрэмгийлж байсан, хятад нь түрэмгийллийн дор байсан тухай дурджээ. Монголын НҮБ-д элсэхийг үл дэмжих Хятад Улсын урьдын хатуу бодлогыг зөөлрүүлэхэд ЗХУ-ын ГЯЯ-ны сайд В.Молотов чухал үүрэг гүйцэтгэжээ.
 
VIII сарын сүүлээр В.Молотов Парист Ю.Цэдэнбалд мэдэгдэхдээ: “Би VIII сарын 24-нд ДИУ-ын ГЯЯ-ны сайд Ван Шиузе болон хамт яваа 4 хүнд өглөөний зоог барьсан. Чингэхэд тэрбээр Аюулгүйн Зөвлөл дэх өөрийн төлөөлөгчдөд заавар өглөө. Тэд БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэхийн төлөө саналаа өгөх болно гэлээ” гэжээ. Парисыг Германы эзлэлтээс чөлөөлсөн өдөр VIII сарын 25-нд болсон баярын жагсаалын дараа дахин уулзахдаа: “Би өнөөдөр баярын жагсаал дээр Аюулгүйн зөвлөлд суугаа Хятадын төлөөлөгчидтэй дайралдав. Тэрбээр БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэхийн төлөө санал өгөх зааврыг манай төлөөлөгчид авсан гэж мэдэгдлээ” (Ю.Цэдэнбалын Академийн архив. ф1, хн.13,т.464) гэжээ. Хятадын төлөөлөгчид VII сарын 29-нд Монголыг НҮБ-д элсүүлэхийн төлөө саналаа өгсөн нь ийм учиртай байжээ.  Английн төлөөлөгч: Монгол Ард Улс бол зөвхөн хоёрхон улстай дипломат харилцаатай бөгөөд энэ учраас олон улсын харилцаан дээр Монгол Улсад дадлага туршлага хүрэлцэхгүй байна гэжээ.
 Ю.Цэдэнбал НҮБ-д улсаа гишүүнээр элсүүлэх их үйлсийг эхлүүлсэн, Аюулгүйн Зөвлөлд эх орноо төлөөлж үг хэлсэн анхны монгол хүн, ер нь Америк тив, Америк оронд хөл тавьсан монголын анхны албаны хүний хувьд энэ үйл явдал онцгой сэтгэгдэл үлдээжээ. Ю.Цэдэнбал хожим дурсахдаа: “Нью-Йоркод биднийг НҮБ-ын газрын ажилтнууд угтаж, буудалд байрлуулав… Эхлээд янз бүрийн өөр асуудал хэлэлцсэн тул бид сууж, түүнийг ажиглан сонсч байлаа. Тэр үед НҮБ-ын тусгай байр гэж байгаагүй. Аюулгүйн Зөвлөлийн хурал Нью-Йорк хотын циркт болов. Манай асуудлыг хэлэлцэхэд Аюулгүйн Зөвлөлийн хуралд би үг хэлэв. Америк, Англи  улс манай эсрэг санал өгсөн. Их Британийн ГЯЯ-ны орлогч сайд А. Кадоген манай эсрэг үг хэлэв. Хуралдааны завсарлагаагаар гудамжинд явж байтал Кадоген намайг гүйцэн ирж анх удаа монгол хүн харж байгаа бололтой биднийг анхааралтай ширтэн хараад тойрч одов. …БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр элсүүлэх асуудлаар санал хураахад ЗСБНХУ, Франц, Хятад дэмжиж, АНУ, Англи эсэргүүцсэн юм. Ийнхүү энэ удаа НҮБ-д элсэх манай саналыг Аюулгүйн Зөвлөлийн зарим байнгын гишүүд эсэргүүцсэн тул БНМАУ НҮБ-д элсэж чадаагүй юм” (Ю.Цэдэнбал. Би тангарагтаа үнэнч байсан. –УБ.,1996,т.58-59) гэжээ. Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүн орнуудаас: Польш, Мексик, Бразил Монголыг дэмжиж, Голланд татгалзаж, Австрали, Египет хоёр саналаа өгөөгүй байна.
 
 
 
Эрх чөлөө, тусгаар тогтнолын замаар 25 жил замнасан, дэлхийн II дайны жилүүдэд Холбоотнуудын үйлсэд хувь нэмрээ оруулсан, НҮБ-д элсэх болзлыг биелүүлсэн Монгол Улсыг НҮБ-д аваагүй нь мэдээж Ю.Цэдэнбалын хувьд том цохилт болсон бөгөөд энэ үйл явдлаас авсан сургамж нь түүний бодлогод олон жил нөлөөлсөн гэж хэлж болох юм. 
 
 
 
Ю.Цэдэнбал дэвшилт сонин хэвлэлийнхэнтэй уулзах талаар Громыкотой зөвлөлдөж, энэ чиглэлээр бас ч гэж ажиллаж, хэлсэн үгийн талаар тайлбарлаж өгөхийг хүссэн хэд хэдэн том хэвлэлийн  сурвалжлагчдын асуултад хариулжээ. “БНМАУ-ын Ерөнхий сайдын орлогч Ю.Цэдэнбал БНМАУ-ыг НҮБ-д гишүүнээр элсүүлэн авахыг Америк, Англи, Голланд улс татгалзсан нь ноцтой үндэслэлгүй юм… Монголын ард түмэн бүх дайны туршид НҮБ-ын талд зогсож байсан юм гэж хэлэв” (Ю.Цэдэнбалын Академийн архив. ф1, хн.13,т.464) гэсэн мэдээ Нью-Йоркийн сонинуудад гарчээ.
НҮБ-д элсэх өргөдлөө өгсөн 8 орноос Албани, Монгол, Трансиордан, Ирланд, Португали НҮБ-д элсэж чадаагүй нь олон улсын тавцан дээр “хүйтэн дайны” бодлого хүчээ авч байсантай гол төлөв холбоотой байв.
1946 онд НҮБ-д элсэх талаар Монголын Засгийн газрын чармайлт бүтээгүй ч эрх чөлөөт монголчуудын дуу хоолойг НҮБ-ын индэр дээрээс анхлан цуурайтуулж, өөрийн орны нөхцөл байдал, төр, засгийн бодлогыг дэлхийн олон нийтийн өмнө анхлан нээж тавьснаараа чухал ач холбогдолтой ажиллагаа байлаа. Энэ талаар Ю.Цэдэнбал 1946 оны Х сард хэлэхдээ: “Өргөдлийг өгч, БНМАУ-ын төлөөлөгчид НҮБ-д очсон явдал бол БНМАУ, түүний ард түмнээс аюулгүй энх амгаланг хамгаалах шударга хэрэгт ба эрх чөлөөнд дурлагч ард түмнүүдийн ардчилсан ёсоор хамтран ажиллах хэрэгт өөрийн хувийг оруулах гэж эрмэлзсэн эрмэлзлэл зүтгэлийг дэлхий нийтийн өмнө тодорхой үзүүлэв” (Ю.Цэдэнбал. Илтгэл, өгүүлэл, хэлсэн үг, илгээлт. б.I, -УБ.,1968, т.260)  гэж дүгнэжээ. 
 
Америк оронд анх очсон нь мэдээжээр Монголын төлөөлөгчдөд гүн сэтгэгдэл үлдээжээ. Ю.Цэдэнбал дурдатгалдаа: “НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл манай асуудлыг авч хэлэлцэх хүртэл бид Нью-Йоркт хүлээж, хотыг үзэх цаг гарав. Европоос, Парисаас ихээхэн ялгаатай хот болохыг бид нүдээр үзлээ. Европт алхам тутам эртний түүх, соёл, түүхийн дурсгалт зүйлүүдийн ул мөр үзэж байлаа. Европын болон Францын түүх их баялаг юм. Харин Америкт өөр соёл иргэншилтэй байв. Бид нар Нью-Йоркийн тэр үеийн хамгийн өндөр барилга Эмпайр стэйж билдинг үзлээ. Маш хурдан өргөгдөх цахилгаан шатаар барилгын орой дээрх    холыг   харах      талбайд гарав. Тэндээс гудамжаар яваа хүмүүсийг харвал маш жижиг ургамлын үндэс мэт харагдана. НҮБ-ын хурлыг хүлээж байх хугацаанд бид Вашингтон орж,  хот болон музей үзэж,  Цагаан ордны  дэргэд очиж үзэв” (Ю.Цэдэнбал. Би тангарагтаа үнэнч байсан. –УБ.,1996,т.59) гэжээ. 
 
 
Америк орны тухай тэрээр дүү нартаа ярихдаа Атлантын далайг олон цагаар туулан ниссэн онгоцыг магтаж, Нью-Йоркийн тэнгэр баганадсан барилгуудыг Америкийн ард түмэн босгосныг гайхшран ярьж, бум бужигнасан их хотын хөл хөдөлгөөнд дасахгүй удаж нутгаа санаснаа хуучилж, чөлөөт америкийн хачин сонин кино үзсэнээ дурсаж, үйл ажиллагааны зорилт, программ тов тодорхой байсан тул дипломат ёс журмын дагуу эндүүр тэндүүр чөлөөтэй явж чадаагүй, Тэгээд ч ЗХУ-ын болон Монголын Дотоод явдлын яамны ажилтнуудын хатуу хамгаалалт, хяналтад явж байсан гэдгээ ч ярьж байжээ. (Ю.Цэдэнбал:Хүмүүсийн дурсамж. б.1, -УБ., 2002,т.29).    
 
Чухамдаа энэ үеэс Монгол Улс хөрш зэргэлдээ улсдаа төдийгүй дэлхий дахины олон улс үндэстэнд өөрийгөө танин мэдүүлж, тэдний дэмжлэг авах их гараанд гарсан бөгөөд энэ үйлсэд Ю.Цэдэнбал бүхий л оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан юм. НҮБ-д элсэх талаар Монголын удирдагч шинэ чиглэлээр шаргуу үйл ажиллагаа явууллаа. НҮБ-ын гишүүн орнуудад хандсан, дэлхийн олон нийтэд хандсан уриалга, бичиг захидал олноор илгээсэн юм.
 
2.Монголыг НҮБ-д элсүүлэхийн төлөө Ю.Цэдэнбалын тэмцэл ба ялалт. 1947 оны VII сард Монголын Засгийн газрын хүсэлтээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Шинэ гишүүн элсүүлэх хороо БНМАУ-ын өргөдлийг дахин авч хэлэлцэхэд Хятадын төлөөлөгч Монгол-Шиньжяний хил дээр болсон мөргөлдөөнийг Хятадын хилд Монголын талаас довтолсон мэт гуйвуулан тайлбарлаж БНМАУ-ыг “НҮБ-ын гишүүний үүргийг биелүүлэх чадвар ба хүсэлгүй энхийг үл эрхэмлэгч түрэмгий орон” (Б.ЛХАМСҮРЭН. МОНГОЛЫН ГАДААД ОРЧИН, ТӨРИЙН ТУСГААР ТОГТНОЛ. – УБ., 1998, Т. 203) гэж гүтгэн зэмлэжээ.
Энэхүү Монгол-Шиньжяний хил дээр болсон мөргөлдөөн гэдэг нь 1947 оны 5 сарын сүүлчээр Хятадын 300 орчим цэрэг Монголын хилийг Байтаг Богдын салбар уул Их тахилт уулаас зүүн хойгуур хил зөрчин зэвсэгт халдлага үйлджээ. Монголын хилийн ангийн командлал мөргөлдөөн гаргахгүйг хичээж өөрийн төлөөлөгчдийг Гоминданий отрядын даргад илгээж,   цэргээ    Монголын    нутгаас    гаргахыг  шаардахад тэд уул нутгаас  гараагүйгээр үл барам илгээсэн төлөөлөгчдийг баривчлан тамлан алжээ. Үүний улмаас монголын хилчид хил зөрчигчдөөс өөрийгөө хамгаалах арга хэмжээ авсан байна. Зөвлөлт, Монголын нисэх хүчний онгоцууд дайсны байрлалыг бөмбөгджээ. Хятадын эрх баригчид өөрсдийн өдүүлсэн энэ үйл явдалтай холбогдуулан Хятадын нутагт Монголын хилчид довтолсон мэтээр гүтгэсэн байна.
Мөргөлдөөний үнэн учир шалтгааныг нягтлах үүднээс АНУ Шиньжаны Өрөмч хот дахь өөрийн консул Пэкистоныг будлиан гарсан хилийн бүсэд илгээжээ. Гэтэл үнэн байдалтай газар дээр нь танилцах боломж түүнд олгоогүй ажээ.
 
Байтаг Богдын үйл явдлыг хоёр тал (Монголыг төлөөлж байсан ЗХУ) Аюулгүйн Зөвлөлд танилцуулахад Хятадын талын тайлбарыг бусад улс үнэмшихэд хүрчээ. Тухайлбал Английн төлөөлөгч хилийн мөргөлдөөний баримтаас үзэхэд “Монгол нь НҮБ-ын гишүүн байх шаардлагыг хангахгүй байна“ гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн нэлээд хэдэн улсын төлөөлөгчид Монголыг НҮБ-д элсүүлэхээс татгалзаж буйнхаа учрыг үнэмшилтэй нотолгоо хангалтгүй гаргалаа” (Ж.БОР. МОНГОЛЫН ДИПЛОМАТ ТОВЧООН.-УБ., 1998, Т. 209-210)   хэмээх шалтгаанаар тайлбарлажээ. Энэ удаа БНМАУ-ыг гишүүнээр авахын төлөө ЗХУ, Польш, Сири саналаа өгч АНУ, Англи, Хятадын төлөөлөгчид татгалзаж, Зөвлөлийн бусад 5 гишүүн түдгэлзжээ. Иймээс Аюулгүйн Зөвлөлийн хуралдаан БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэх зөвлөмж гаргасангүй билээ.
1948 оны Х сарын 11-нд БНМАУ-ын Засгийн газар НҮБ-ын гишүүнд элсэх өргөдлөө түүний Ерөнхий нарийн бичгийн даргын нэр дээр дахин гаргажээ. БНМАУ-ын Засгийн газраас Нэгдсэн Үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад явуулсан илгээлтдээ: "Нэгдсэн Үндэстний байгууллагын гишүүнд элсүүлэх тухай БНМАУ-аас 1946 оны 6 дугаар сарын 21-нд өгсөн өргөдлийг зарим улсууд Монголын ард түмнийг ихэд гайхмаар татгалзсан учир хүссэн ёсоор болголгүй орхижээ. БНМАУ нь эв найрамдлыг эрмэлзэгч, бүрэн эрхт ардчилсан улсын хувьд өнгөрөгч дайнд  Нэгдсэн Үндэстний нийтийн хэрэгт өөрийн хүч чинээгээр тус нэмрийг оруулсан тул түүнээс Нэгдсэн Үндэстний байгууллагын  гишүүнд орох гэсэн хүслийг хүлээж аваагүй явдлыг эс зөвшөөрнө. БНМАУ нь ардчилсан үндсэн дээр хөгжиж, улс түмний хоорондын эв найрамдлын ба хамтран ажиллах бодлогыг туйлбартайгаар биелүүлж байгаа тул Нэгдсэн Үндэстний байгууллагын гишүүн болох бүх эрх ба үндэслэлүүдтэй болно. Нэгдсэн Үндэстний байгууллагын Ерөнхий Ассамблейн энэ бага хурал дээр манай хүсэлтийг хангах биз гэж БНМАУ-ын Засгийн газар, бүх Монголын ард түмэн итгэж байна” (БНМАУ-ЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ БАРИМТ БИЧГҮҮДИЙН ЭМХТГЭЛ. –УБ, 1969, Т.111)  гэжээ.
 
1948 оны XI сард НҮБ-ын тусгай хороо өргөдөл гаргасан бүх орон түүний дотор БНМАУ-ыг элсүүлэх тухай Шведийн тогтоолын төслийг баталж Ерөнхий Ассамблейн 32 төлөөлөгчдийн саналаар сайшаасан боловч гишүүн элсүүлэх асуудал мухардалд оржээ.
 
 
Монголын Засгийн газар 1955 оны IX сарын 27-нд НҮБ-д элсэх гуравдахь өргөдлөө өгөв.  1955 оны XII сард Ерөнхий Ассамблейн чуулган Монголын саналаар БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэх асуудлыг авч үзсэн юм. Ерөнхий Ассамблейн гишүүн 52 орон 18 улсыг НҮБ-д нэгэн зэрэг элсүүлэх тухай Швед зэрэг 28 орны саналыг дэмжсэн байна. Энэ үед АНУ-ын Ерөнхийлөгч Д.Эйзенхуар Тайваны Ерөнхийлөгч Чан Кай Шид илгээлт явуулж, “хориг тавих эрхээ” эдлэхгүй байхыг төлөөлөгчиддөө зөвлөхийг хүссэнийг АНУ-ын Төрийн департамент албан ёсоор мэдэгдэж байлаа.Гэтэл Аюулгүйн Зөвлөлөөр хэлэлцэхэд ганц Чан Кай Шигийн төлөөлөгч БНМАУ-ын эсрэг хориг тавьж, үүний хариуд ЗХУ нь Испани, Япон хоёрыг НҮБ-д элсүүлэхээс татгалзсан хэрэг явдал болсон юм. НҮБ-д элсэх олон жилийн хүчин чармайлтыг Тайваны Хятад ийнхүү нурааж Монголын тусгаар тогтнолыг үл хүндэтгэх байдал гаргасан нь Монгол даяар өргөн дургүйцэл төрүүлсэн юм.
 
Монгол Улсын Ерөнхий сайд Ю.Цэдэнбал 1955 оны XII сарын 25-нд дэлхийн олон  нийт,  НҮБ-д  хандан мэдэгдэл гаргаж: “18 улс, түүний дотор БНМАУ-ыг НҮБ-д нэгэн зэрэг элсүүлэх гэсэн Канадын саналыг Ерөнхий Ассамблейн олонх 52 төлөөлөгчийн саналаар баталсан билээ. Гэтэл НҮБ-д хууль бусаар байр суурь эзэлж байгаа Чан Кай Шийнхний балмад оролдлогоос болж БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэх асуудлыг хойшлуулсан байна. Манай орон даяар олон нийтийн хурал цуглаан болж НҮБ-ын гишүүнд элсэх талаар МУ-ын төрийн эрхийг зөрчин үгүйсгэж байгаа явдлыг шийдвэртэй эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байна. БНМАУ-ын олон нийт Чан Кай Шийнхнийг НҮБ-аас нэн даруй хөөн зайлуулж, НҮБ-д БНХАУ-ын хууль ёсны эрхийг эдлүүлэхийг шаардаж Ази болон дэлхийн улс түмэнд уриалга гаргав. Дэлхийн II дайны жилүүдэд фашистын түрэмгийллийг эсэргүүцсэн улс төрийн тэмцэлд бодит хувь нэмрээ оруулж, энх тайвныг эрхэмлэгч бодлогоо тууштай явуулж байгаа БНМАУ, НҮБ-ын дүрмийн шаардлагад бүрэн тохирч байгаа юм.  НҮБ-д гишүүн элсүүлэх талаар энх тайвныг эрхэмлэгч  улс бүхэн шинэ гишүүнээр элсэж болно гэснээс өөр болзлыг НҮБ-ын дүрэмд заагаагүй юм. БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэхийг эсэргүүцэгчид БНМАУ-ын талаар явуулж буй ялган гадуурхах бодлогоо цагаатгахын тулд БНМАУ-ын төрийн бүрэн эрхэнд эргэлзэх буюу түүний олон улсын харилцааг санаатайгаар үгүйсгэх гэсэн ямарч ор үндэсгүй  арга мэх хэрэглэж байна. Тусгаар тогтносон ардчилсан Монгол улс үүсэн тогтноод 35 дахь жилдээ орж байгаа ба түүний төрийн эрхийг НҮБ-ын гишүүн олон улс хүлээн зөвшөөрснийг дэлхий даяар мэдэж байгаа юм. БНМАУ одоо хүн төрөлхтөний хагасаас илүү хувийг төлөөлсөн улс оронтой дипломат харилцаатай болсон юм. Шинэ гишүүн элсүүлэх асуудлыг НҮБ-д хэлэлцэхдээ БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэх талаар хамгийн түрүүнд шийдвэрлэх ёстой гэж БНМАУ-ын Засгийн газар дээр дурьдсаныг үндэс болгож, Монголын ард түмний хүсэл эрмэлзлийг илэрхийлэн шаардаж байна” (ҮНЭН, 1955, ¹302)  гэжээ. 
 
1956 оны IX сарын 14-нд БНМАУ-ын Засгийн газар БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнд элсүүлэх тухай асуудлыг хэлэлцүүлэхээр дөрөв дэх өргөдлөө өгсөн юм. Үүний хамт уг өргөдлийг НҮБ-ын зохих байгууллагууд хэлэлцэх үед Монголын ажиглагч суулгахыг хүссэн захидлыг Ерөнхий сайд Ю.Цэдэнбал 1956 оны IX сарын 14-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад илгээжээ. НҮБ-ын гишүүн бус орнууд өөртэйгээ холбогдсон асуудлыг НҮБ-аар хэлэлцэх үед ажиглагчдаа суулцуулж байсан туршлага НҮБ-ын ажиллагаанд байсан. Тухайлбал 1946 онд Аюулгүйн зөвлөлд БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэх асуудал  хэлэлцэх үед манайд дээр дурьдсаны адил  бололцоо олгож байв. Үүгээр ч зогсохгүй НҮБ-ын гишүүн бус улсуудын байнгын төлөөлөгчдийг НҮБ-ын дэргэд байлгадаг туршлага ч тэр үед байсан билээ. Асуудлыг эв зүйгээр аятайхан шийдэх гэсэн Ю.Цэдэнбалын саналыг Хаммаршельд  хүлээж аваагүй билээ. 1956 онд өргөн барьсан манай хүсэлтийг Монголын оролцоогүйгээр Аюулгүйн Зөвлөлөөр энэ оны XII сард хэлэлцэх үед Иран, Перу, ЗХУ, Югослав дэмжиж, Чан Кай-Ши, Кубын төлөөлөгч татгалзаж, Австрали, Бельги, Англи, АНУ түдгэлзэж манай улс НҮБ-д элсэж чадаагүй билээ.Монголын нам,засгийн  удирдагчид НҮБ-д элсэх зорилгоо хэрэгжүүлэхийн тулд шинэ чиглэлийн ажлууд зохиож эхлэв. 1957 оны VII сарын 8-нд БНМАУ-ын УИХ, НҮБ-ын гишүүн бүх орны парламентад хандаж НҮБ-д элсэх Монголын эрхийг дэмжихийг уриалав. Үүнд: “Манай ард түмний эрмэлзлийг бидний хандаж байгаа бүх парламент зохих ёсоор тунгаан дэмжиж, улс төрийн асар их нөлөөтэй, өндөр алдар нэртэй парламентын бүх гишүүд, манай уриалгад бичсэн асуудлын талаар өөрийн оронд олон нийтийн үнэн бодит санал сэтгэлийг бий болгоход тус дөхөм үзүүлж, улмаар НҮБ-ын зорилгыг хэрэгжүүлэн биелүүлэх хэрэгт тус байгууллагын бүх гишүүдтэй өргөн бөгөөд идэвхтэй хамтран ажиллахын тулд үндэстнүүдийн их холбоонд зохих байр сууриа ойрын ирээдүйд эзлэхэд нь Монголын ард түмэнд дөхөм үзүүлнэ   гэдэгт БНМАУ-ын    Их хурлын депутат бид итгэж байна” (ҮНЭН, 1957, ¹ 1620)  гэжээ.  
 
1957 оны IX сарын 1-нд БНМАУ-ын Засгийн газар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн даргад телеграмм илгээж, ЗХУ-ын төлөөлөгчид Аюулгүйн зөвлөлийн тогтоолын төсөл боловсруулж санал авахад ЗХУ, Швед хоёр л дэмжиж бусад улс татгалзсан ба түдгэлзсэн хариу өгчээ. Монголын талын хүсэлтээр 1957 оны Х сард НҮБ-ын Тусгай улс төрийн хороо энэ асуудлыг хэлэлцсэн боловч их гүрнүүдийн байр суурь мөн л өөрчлөгдсөнгүй. 
 
 
Монголын Засгийн газрын шаргуу хүсэлт шаардлагын дагуу 1960 оны XII сарын 4-нд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэх асуудлыг хэлэлцсэн байна.Энэ хуралдаан дээр АНУ, Англи, Франц, Итали, Чанкайшийн Хятадын төлөөлөгчид БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэх асуудлыг хэлэлцүүлэхгүй болгон саатуулжээ.
 
 
 
Үүнтэй холбогдуулан 1960 оны XII сарын 7-нд Ю.Цэдэнбалын мэдэгдэл гарч олон жилийн турш Монголын ард түмний санаа, хүсэл эрмэлзлэлийг үл тоомсорлож, тодорхой зарим улсууд БНМАУ-ыг ялгаварлан гадуурхах бодлого барьж буйг хурцаар илчлэн шүүмжилж: “АНУ-ын гадуурхах бодлогын балгаар, мөн түүнчлэн бүх дэлхийн өмнө нэр хүндээ бүрмөсөн барж, ард түмнийхээ аливаа дэмжлэгээс үүрд хагацсан Чанкай Шийн бүлгийнхэн НҮБ-ын бүх байгууллагад хууль бусаар бугшин оршиж байгаагийн уршгаар НҮБ-ын гишүүн болох БНМАУ-ын шударга хүсэл 14 жилийн турш сунжирч одоо хүртэл биелэхгүй байна… Өргөн уудам Ази, Африк тивүүдэд тусгаар тогтносон шинэ улсууд удаа дараагаар төрөн гарч өсөн бойжиж байгаа ба үндэснийхээ тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө Латин Америкийн ард түмний хөдөлгөөн өрнөн бэхжиж байгаа, колониализмийн  буцалтгүй мөхөлтийн үе болох манай энэ эрин үед энх тайванч  улс түмний эрхийг ерөнхийд нь үгүйсгэн үзэх ба тухайлбал: БНМАУ-ын хувьд колоничлогч ёсны дээрэнгүйлэн үгүйсгэх бодлогыг баримтлах явдал бол манай агуу их эрин үеийн түүхийн хүрдийг буцааж эргүүлэх гэсэн арчаагаа барсан оролдлого юм. 1946 оноос эхлэн БНМАУ-ын Засгийн газраас энэ байгууллагын гишүүнд элсэн орох  асуудлаа удаа дараа тавьж байсан бүх өргөдлүүдээ хүчинтэй гэж Монголын ард түмэн, түүний Засгийн газар үзэж байна. Үүнтэй холбогдуулан НҮБ-ын төрөл бүрийн байгууллагад Чан Кай-шигийнхэн зүй бусаар  бугшиж байгаа  нь НҮБ-д БНМАУ-ыг энэ байгууллагын гишүүнд элсүүлэх явдалд саад болж байгаа нь бүх дэлхийн улс түмний нүдний өмнө олон улсын энэ их байгууллагын нэр хүндийг унагааж байгаа хэрэг гэж үзэж байгаагаа БНМАУ-ын Засгийн газар мэдэгдэж байна. НҮБ-ын байгууллага бүрээс Чан Кай-шигийнхнийг нэн даруй хөөн зайлуулж, энэ байгууллагад  хууль ёсоор эзлэх байр суурий нь БНХАУ-д тавьж өгөхийг БНМАУ-ын Засгийн газар шаардаж байна. Хөгжил цэцэглэлтийн замаар давшин хөгжиж яваа бүрэн эрхт,  тусгаар тогтносон БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнд элсүүлэн авахыг Монгол Улсын Засгийн газар ард түмнийхээ нэрийн өмнөөс шаардаж байна.” (Үнэн, 1960. ¹ 304)  гэжээ. 
 
БНМАУ НҮБ-д элсэх өргөдлөө 8 удаа өгчээ. Тайлбарлах, учирлах, хүсэх, мэдэгдэл гаргах, шаардах зэргээр маш уйгагүй, тэвчээртэй, өөрийн үйлс зөв гэдэгт бүрэн итгэлтэйгээр 15 жилийн турш эх орноо энэ хүндтэй байгууллагын гишүүн болгохын төлөө тэмцсэн юм.  НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн зарим орнууд Монголыг гадуурхах бодлогыг илэрхий явуулж байсан боловч 1957 онд НҮБ-ыг дэмжих Монголын үндэсний холбоо байгуулагдаж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан нь гишүүн орнуудын гүн талархлыг хүлээж байлаа. Социалист систем хүч авч, ялангуяа ЗХУ-ын нэр нөлөө ихээхэн өсч байсанд атаархаж дургүйцсэн хүчнийхэн Монгол орны хувь заяагаар нэг үгээр хэлбэл “тоглож”, олон жилийн турш монголчуудыг гайхшрал, бухимдал, дургүйцэлд хүргэж байсан боловч Монголын нам, засгийн удирдагчид, нийт ард түмнийхээ шударга тэмцэл, үнэн үйлсийг дэлхийн улс орон, ард түмнүүдэд сайтар ойлгуулж чадсан юм. 
1955 онд НҮБ-ын чуулган дээр тус байгууллагын олонх гишүүд БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэхийг дэмжиж байлаа.1956 онд хуралдсан Арабын орнуудын Холбооны зөвлөл Монголын НҮБ-д элсэх эрмэлзлэлийг дэмжиж шийдвэр гаргав. 1957 онд Кайрын бага хурал “БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнд даруй элсүүлэх  ёстой” гэсэн шаардлага тавьж энэ эрхийг дэмжих олон улсын өдөр тэмдэглэх уриалга гаргав. Энэтхэг, Япон зэрэгт Монголыг дэмжих найрамдлын нийгэмлэгүүд байгуулагдаж, БНМАУ-ын гадаад нэр хүнд өсч, олон улсын тавцанд эзлэх байр суурь бэхжиж байв. НҮБ-д элсэх өдөр улам ойртсоор байлаа.
Даян дэлхийн энх тайвны төлөө, улс түмний найрамдал нөхөрлөлийн төлөө олон жил тууштай тэмцсэний үр дүнд Монгол Улсын гадаад нэр хүнд өссөөр байв. Дэлхийн дэвшилт олон түмний дэмжлэг, ялангуяа ЗХУ, социалист орнуудын идэвхтэй бодлогын үр дүнд, 1946-1961 оны хооронд НҮБ-д  элсэхийн тулд явуулсан Монгол Ардын Нам, төрийн олон жилийн шаргуу хичээнгүй тэмцлийн үр дүнд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн XVI чуулганаар 1961оны Х сарын 27-нд БНМАУ НҮБ-ын гишүүн болов. Монголын далбаа НҮБ-д мандлаа. Манай эх орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд эргэлзэх хандлага нэгэнт үгүй болж, Дэлхийн хамтын нийгэмлэг БНМАУ-ын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөв.
 
 
Энэ үйлсэд эхнээс нь энэ баярт өдрийг хүртэл хүчин зүтгэсэн Ю.Цэдэнбал, түүний хамтран зүтгэгчид, монголын дипломатын албаныхны нөр их хөдөлмөр зүтгэл, тэмцэл, байгуулсан гавьяаг хойч үеийнхэн нь толгой гүнээ мэхийн хүндэтгэж байдаг нь зүйн хэрэг юм. 
 
 
 
1967 онд Ю.Цэдэнбал НҮБ-ын чуулган дээр үг хэлж жижиг улсын чанга дуу хоолойг цуурайтуулж байлаа. БНМАУ, НҮБ-ын хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулсан юм. Энэ жилүүдэд БНМАУ эх орноо нэгтгэхийн төлөө Вьетнамын ард түмний шударга дайн, аймаглан устгагчдын эсрэг Лаос, Кампучийн ард түмний тэмцэлд эд материал, сэтгэл санааны тусламж дэмжлэг үзүүлж, эх орноо нэгтгэхийн төлөө Солонгосын ард түмний чармайлтыг дэмжиж, БН Куба Улсыг бүслэн хаах оролдлогыг эрс буруушааж, Африк тивийн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг дэмжиж, Ойрхи Дорнодод дайн хядлагын голомтыг унтраахын төлөө гадаад бодлогын цар хүрээтэй үйл ажиллагаа өрнүүлэв.
 
1972 онд МАН-ын Төв Хороо, НҮБ, түүний байгууллагуудтай нягт хамтран ажиллах, Ази, Алс дорнодын эдийн засгийн байгууллага, Дэлхийн эрүүлийг хамгаалах байгууллага, ЮНЕСКО зэрэг томоохон байгууллагын ажилд БНМАУ-ын оролцоог өргөжүүлэх чиглэл өгсөн юм. НҮБ-ын үйл ажиллагаанд оролцох төлөөлөгчдийн ажлын удирдамж, илтгэл, тайланг Ю.Цэдэнбал байнга танилцаж, НТХ-гоор хэлэлцүүлж, энэ хамтын ажиллагааг эрчимжүүлэх арга хэмжээ авч байлаа.
1977онд Ю.Цэдэнбалын урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Курт Вальдхаим манай оронд айлчилсан нь НҮБ, Монголын харилцааны хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэсэн билээ. Монгол, ЮНЕСКО-ын харилцааг хөгжүүлэхэд Ю.Цэдэнбал их анхаарч байв.
 
 
Ю.Цэдэнбалын урилгаар 1971онд ЮНЕСКО-ын Ерөнхий захирал Peнe Mae, 1978 онд Амaдy Maxтор М.Бoy манай оронд айлчилсан нь НҮБ, Монголын харилцааны хөгжилд чухал хувь нэмэр болов.
 
 
 
1970-1980-аад онд БНМАУ олон улсын 60 гаруй хэлэлцээрт оролцож, 1978 онд НҮБ-ын тусгай чуулган БНМАУ-ын санаачилгаар зэвсэг хураахад тус дөхөм үзүүлэх олон улсын 7 хоногийг жил бүр явуулж байхаар тогтоож, Ерөнхий Ассамблейн XXXIX чуулган 1984 онд манай улсын саналаар “Улс түмэн энх тайвнаар орших эрхийн тухай тунхаглалыг” баталсан юм. НҮБ, Монголын хамтын ажиллагааны баттай үндэс МАН-ын тусгаар тогтнолоо баталгаажуулах тууштай ,цэгц бодлогын үр дүнд, Ю.Цэдэнбалын үед  ийнхүү нэгэнт тавигдсан байлаа. 
 
 НҮБ-д гишүүнээр элсэхийн төлөө монголчуудын олон жилийн тэмцэл нь гадаадын зарим улсын эсэргүүцэл тэмцлийг намжаах дэс дараалалтай, өргөн, олон талтай, шаргуу тууштай нам, төрийн гадаад бодлогын  үр дүн мөн байв. Үүнээс гадна  хөрш том оронд нэгдэх гэсэн илэрхий санал гаргаж байсан сөрөг хүчний  саналыг чандлан нууцалж, улмаар намын удирдлагаас холтгож,  бас зарим орны зүгээс явуулж байсан манай тусгаар тогтнолд харш бодлогод автагдах, аюулыг нь олж харахгүй байсан цөөн хүмүүсийг удирдлагаас зайлуулж байсан нь НҮБ-д элсэхэд болон хамтын ажиллагаагаа өргөтгөхөд аятай нөхцөл бүрдүүлсэн гэж үзэх тал бас бий. 
Олон улсын хамтын нийгэмлэг- НҮБ-д гишүүнээр элссэн нь Монгол Ардын Нам, Ардын төр, түүний удирдагч Ю.Цэдэнбалын удирдсан удирдлагын багийнхны хэзээ ч баларшгүй түүхэн гавьяа мөн байлаа.
 
 
МУИС-ийн  профессор, доктор (Ph,Sc) Ц.Жамбалсүрэн