sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Спортын ертөнцөд хамгийн олон үзэгч, хөгжөөн дэмжигчтэй, хамгийн олон тамирчин болон сонирхогчтой “Хаан спорт” хөлбөмбөгийн  дөрвөн жил тутамд зохион байгуулдаг оргил нь болсон ДАШТ-ий аваргын цомын төлөө өрсөлдөх 32 багийн нэр тодорч, ирэх сарын 1-нд сугалааг явуулахаар товложээ.
 
Хөлбөмбөгийн 21 дэх удаагийн ДАШТ 2018 оны зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-нд ОХУ-д болно. Тэмцээний тоглолтууд Оросын нийт 11 хотын 12 цэнгэлдэхэд зохион байгуулах бөгөөд шигшээ тоглолт долдугаар сарын 15-нд Москва хотын Лужники цэнгэлдэх хүрээлэнд болно.
 
Энэ удаагийн ДАШТ-д Европ тивээс зохион байгуулагч ОХУ-аас гадна сонгон шалгаруулалтын хэсгийн шатнаас Бельги, Англи, Франц, Герман, Исланд, Польш, Серби, Португал болон Испани эрхээ авсан. Мөн плей-оффын шатнаас Хорват, Дани, Швед ба Швейцарийн баг, Африк тивээс Египет, Марокко, Нигер, Сенегал, Тунисын багууд тус тус дэлхийн аваргад өрсөлдөх бол Хойд ба Төв Америк, Карибын тэнгисийн орнуудаас Коста Рика, Мексик, Панам гэсэн багууд шалгарчээ. Өмнөд Америкаас Аргентин, Бразил, Колумб, Перу, Уругвай, харин Азийн бүсээс Австрали, Иран, Япон, Саудын Араб болон Өмнөд Солонгосын шигшээ багууд ОХУ-ыг зорих эрхээ авсан юм.
 
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сугалаа арванхоёрдугаар сарын 1-ний баасан гаригт Москва хотын Кремлийн ордонд Улаанбаатарын цагаар 22 цагт явагдана. ФИФА-гаас өнгөрсөн аравдугаар сард шинэчлэн гаргасан чансааны дагуу ДАШТ-д өрсөлдөх багуудыг эрэмбэлж, найм, наймаар нь дөрвөн сагсанд  хуваасан байна.
 
ОХУ-ын баг зохион байгуулагч орны хувьд хамгийн өндөр чансаатай долоон багийн хамт А сагсанд багтжээ. Сугалааг тодруулахдаа нэг сагсанд багтсан улсууд хоорондоо багтахгүй бөгөөд уг дүрэм Европ тивээс шалгарсан багуудад хамаарахгүй, 8 хэсэг тус бүрд буурал тивийн дээд тал нь хоёр баг орох юм.
 
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг