sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас жүдо, бокс, чөлөөт бөх, буудлага, байт харваа, хөнгөн атлетик, хүндийн өргөлт, таеквондогийн төрлөөр нийт 17 тамирчин 2020 оны олимпийн тэтгэлэг хүртэх анхны тамирчдаар тодорч тэтгэлэгээ гардан авлаа.
 
“Токио-2020” зуны олимпийн наадмын хөтөлбөрийн ганцаарчилсан олимпийн наадмын спортын төрлөөр оролцох эрх авах, улмаар тус наадмаас медаль хүртэх боломжтой тамирчдыг дэмжих зорилгоор тэтгэлэг зарласан юм. Олон улсын олимпийн хороо /ОУОХ/, Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-той хамтран энэхүү “Tokyo-2020 Athletes Scholarship program” тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж Монголын спорт холбоодын албан хүсэлтийн дагуу нэр дэвшигчдийн материалыг ОУОХ-нд илгээсэн байна.
 
Тус хөтөлбөрийн шалгаруулалтад нийт 17 тамирчин тэнцэж, олимпийн тэтгэлгийг хүртэх эрхтэй болсныг танилцуулахад, жүдо бөхийн төрөлд Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, гавьяат тамирчин Г.Одбаяр, ОУХМ Л.Отгонбаатар, боксын төрөлд ОУХМ Г.Ган-Эрдэнэ, Б.Чинзориг, М.Намуун, чөлөөт бөхийн төрөлд гавьяат тамирчин Э.Бэхбаяр, П.Орхон ОУХМ А.Батцэцэг, Т.Тулга, буудлага спортоор Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа, байт харваагаар ОУХМ Д.Мирослава, Хөнгөн атлетикийн төрлөөр ОУХМ Д.Гантулга, Хүндийн өргөлтөөр ОУХМ М.Анхцэцэг, таеквондогоор ОУХМ П.Тэмүүжин нар багтжээ.
 
 
 
Тэд уг хөтөлбөрт хамрагдан ОУОХ-МҮОХ-Спорт холбоодтой дөрвөлсөн гэрээ байгуулснаар дөрвөн сар тутамд 1160 ам.долларын тэтгэлэг хүртэж байх юм. Мөн тамирчдын дасгалжуулагчдад 400 ам.доллар, спорт холбоонд нь 100 доллар олгож байгаа юм. “Токио-2020” зуны 32 дугаар олимпийн наадам 2020 оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний өдрүүдэд Японы Токио хотноо болно.
 
Энэ олимпийн наадамд 206 улсын 11 мянга 90 тамирчин 33 спортын 324 төрлөөр хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.
 
Өнөөдөр МҮОХ-ны байранд болсон тэтгэлэг гардуулах ёслолд МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган тэргүүтэй төлөөлөгчид оролцож тамирчид, дасгалжуулагч нарт тэтгэлгийг нь гардуулсан юм.  
 
Дашрамд сонирхуулахад, Тус тэтгэлэг хөтөлбөр нь “Бээжин-2008” олимпийн наадмаас эхэлсэн бөгөөд манайхаас жүдо, чөлөөт бөх, бокс, буудлагаас нийт 8 тамирчин хамрагдсан бол “Лондон-2012”  олимпийн наадамд дээрх 4 төрөл болон байт харвааны нийт 10 тамирчин, “Рио-2016-д” өмнөх 5 төрлөөс гадна хүндийг өргөлт, хөнгөн атлетикийн нийт 17 тамирчин хамрагдсан байна. Энэ тамирчдаас олимпийн наадмуудаас 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл хүртжээ.  
 
Уг хөтөлбөрт хамрагдсан тамирчин ёс зүйн зөрчил гаргах, сэргээшийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдох эсвэл олитпийн наадамд оролцох эрхээ авч чадаагүй тохиолдолд хөтөлбөрөөс хасагдах журамтай.
 
 
Д.Өлзий 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг