sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы сумо бөх сонирхогчид мэргэжлийн сумо бөхийн дөрвөн Ёкозүна /Их аварга/-г энэ башёгийн дохён дээр харах боломж тохиож байгаа хэмээн баярлаж байсан  боловч 71 дэх Их аварга Какүрюу М.Ананд гэмтлийн улмаас барилдахгүй болсон байна.
 
Өнөөдөр Изүцү ояката Ёкозүна Какүрюүг Кюүшюү башёд барилдахгүй гэж сэтгүүлчдэд мэдэгдлээ. Тэрбээр, тойргийн барилдаанд оролцож, бэлтгэл ханаж байна хэмээн ярьсан ч хөлний гэмтэл нь сайн эдгээгүй байжээ. Эмч түүнийг баруун хөлний шагайны гэмтлийн улмаас 3 долоо хоног эмчлүүлэх шаардлагатай гэсэн онош тавьж байна. Баруун хөлний шагайнд өвчин орж, шагайндаа ачаалал өгөхгүй гэж хичээсэн ч өвдөг нь ч өвдөөд эхэлжээ.
 
Ингээд сүүлийн 3 өдөр бэлтгэл хийж чадаагүй Какүрюүг эмч, Кюүшюү башёд барилдаж болохгүй гэсэн шийдвэр гаргажээ. Их аварга Какүрюү дөрвөн башё дараалан өнжиж байгаа юм.
 
Изүцү ояката “Одоогийн байдлаар аварга хүн шиг барилдаж чадахгүй. Ёкозүна цолтон  тэмцээнд гарвал ялах үүрэгтэй. Харин гэмтэлтэй байгаа тул ялж чадах эсэх нь мэдэгдэхгүй. Тиймээс энэ башёг өнжихөөр болсон. Байнга гэмтэл бэртэл гээд барилдахгүй байгаадаа хүлцэл өчье. Ирэх нэгдүгээр сарын тэмцээнд манай аварга барилдаж, зодог тайлах эсэхээ шийднэ” гэж ярьсан талаар спортын сэтггүлч М.Сугар-Эрдэнэ мэдээллээ.
 
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг