sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази тивийн аварга шалгаруулах ФИБА 3х3 сагсанбөмбөгийн насанд хүрэгчдийн тэмцээнийг Монголд зохион байгуулах бэлтгэл ажил бүрэн хангагджээ.
 
Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос мэдээлж байгаагаар Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 10 дугаар сарын 27, 28, 29-нд Crucus Event Hall-д болно. 
 
Энэ тэмцээнд Ази тив болон далайн орнуудын 15 улсын шигшээ баг оролцохоор мэдүүлгээ өгчээ. Тухайлбал, Шинэ Зеланд, Япон, Хятад, Катар, Австрали, Казакстан, Туркменистан, Киргизстан, Тайван, Малайз, Ливан, Энэтхэг, Шри-Ланк, Бахрейн, Монгол гэсэн орнууд байгаа юм.
 
Манай сагсан бөмбөгчдийн хувьд ФИБА 3х3 дэлхийн чансаад 34 дүгээрт, тивийн чансаанд 4 дүгээрт бичигдэж байна. Эрэгтэй шигшээ баг дэлхийн чансааны 32, эмэгтэй шигшээ баг дэлхийн чансааны 60-д эрэмбэлэгджээ. Энэ удаа Монголын эрэгтэй шигшээ баг А хэсэгт Япон, Бахрейны шигшээтэй таарсан бол эмэгтэй багийн хувьд “В” хэсэгт БНХАУ, Шри-Ланк улсын багтай тоглоно.
 
Тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд  10 дугаар сарын 27-ны 11 цагаас эхэлнэ. Урьдчилсан шатны А хэсэгт Туркменистан, Австрали, Малайзын багууд, “В” хэсэгт  Тайван, Ливан, Энэтхэгийн багууд өрсөлдөж, хэсгийн тэргүүн баг цааш өрсөлдөнө. ФИБА 3х3 насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ-ийг дэлхийн 144 оронд шууд дамжуулан үзүүлнэ.
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг