sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотноо энэ сарын 13-наас 15-нд Монголын Тусгай олимпийн үндэсний наадам амжилттай болж шилдгүүдээ тодруулсан юм.
 
Тус наадамд нийт 9 аймаг, Улаанбаатар хотын 4 тусгай сургуулийн багийн нийт 230 тамирчид оролцжээ. Хүн төрөлхтөний хамгийн том хүмүүнлэгийн болон спортын хөдөлгөөнийг дэмжсэн наадам нь Тусгай олимп юм. Дэлхий дээр ойролцоогоор 200 гаруй сая оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байдаг.
 
Энэ бүх хүнд хүрч үйлчлэх эрхэм зорилготой олон улсын байгууллагад Монгол Улс албан ёсоор гишүүнээр элсээд 10 шахам жил болж байна. Өнөөдрийн байдлаар Монголын тусгай олимпийн хороо нь 11 аймаг, Улаанбаатар хотын тусгай сургуулиудын 2000 гаруй тамирчин, 70 дасгалжуулагч, 1000 гаруй эцэг эх, 200 гаруй сайн дурынхныг хамруулаад байна
 
 
Манай улсын баг тамирчид тусгай олимпийн  дэлхийн, үндэсний, бүсийн хэмжээний тэмцээнүүдэд амжилттай оролцож байгаа юм. Тусгай олимпийн зорилго нь оюуны бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдийг тасралтгүй спортын бүхий л төрлөөр хичээллүүлж, тэдний бие бялдрыг хөгжүүлэх, урам дэм өгөх, тэднийг бидний адил эгэл нэгэн иргэн гэдгийг олон нийт, нийгэмд таниулах, өөрсдийн авъяас чадвар, туршлага зэргийг нь хуваалцахад оршдог.
 
Мөн Тусгай олимпийн эрхэм дээд үзэл санаа нь  хүн бүхэн нийгэмд эрх тэгш зэрэгцэн амьдрах ёстой гэдгийг эрхэмлэдэг байна.
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг