sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Украины Үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч, дэлхийн хөнгөн атлетикийн холбооны дэд тэргүүн Сергей Бубка, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн нар Улаанбаатар хотноо хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
 
Тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 35 удаа шинэчлэн тогтоосон, дэлхийн зургаан аварга, олимпийн аварга, дэлхийд алдар цуутай тамирчдын нэг С.Бубка манай оронд энэ өдрүүдэд зочиллоо.
 
Энэ үеэр Сергей Бубка сэтгүүлчидтэй уулзахдаа “Монголчууд тэсвэр хатуужил, эрэмгий зоригтой ард түмэн. Өнөөдөр цөөнгүй спортын төрөлд өндөр амжилт гаргаж байгаа нь үүнтэй холбоотой. Монголчууд жүдо, чөлөөт бөх, боксын төрлөөр дэлхийд тэргүүлж байна. Олимпийн наадамд амжилт гаргана гэдэг нарийн зохион байгуулалт, шинжлэх ухаанд тулгуурласан бэлтгэлжилт зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. Энэ бүхнийг хариуцан ажилладаг МҮОХ-ны үйл ажиллагаа, идэвх санаачилгыг ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүний хувьд би өндрөөр үнэлдэг. Манай хоёр орны спортын салбар дахь хамтын ажиллагаа үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Танай оронд өндөр хөгжсөн спортын төрлөөр бид олимп, дэлхийн медальтан төрүүлэхээр зорьж байгаа. Энэ зорилгодоо хүрэх хамгийн богино зам бол яах аргагүй монголчуудаас суралцах, харилцан туршлагаа солилцох юм” гэв.
 
МҮОХ-ны тэргүүн Д.Загдсүрэн “Олимпизмыг эх орондоо улам хөгжүүлэх, тамирчдынхаа амжилтыг ахиулахад спортын салбарт дэлхийд манлайлж буй орнуудтай хамтран ажиллах, харилцан туршлага судлах нь бидний зорилгын нэг. Энэ зорилгын хүрээнд Украины ҮОХ-той хамтран ажиллах гэрээ байгууллаа. Украинчууд бол гимнастик, тулгууртай харайлт, бокс зэрэг цөөнгүй спортын төрлөөр хурц оддыг төрүүлдэг ард түмэн. Монголд шинээр хөгжиж байгаа зарим спортоор украинчууд дэлхийд алдартай. Тэднээс суралцах зүйл бидэнд их бий. Тус улсад мэргэжилтэн бэлтгэх, украин дасгалжуулагчдыг урилгаар эх орондоо ажиллуулах, хамтарсан бэлтгэл хийх зэрэг төрөл бүрийн арга, хэлбэрээр хамтран ажиллах боломж байгаа” хэмээн онцолж байв.
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг