sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Мехико-1978” ДАШТ болон “Москва-1980” зуны XXII олимпийн наадмын хүрэл медальт,  Ионгол Улсын гавьяат тамирчин Дугарсүрэнгийн Оюунболд агсны дурсгалд зориулсан 23 хүртэлх насны чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн Сэлэнгэ аймагт болно.
 
Сэлэнгэ аймгаас төрөн гарсан бөхийн алдартнуудын гавьяаг мөнхжүүлэх зорилготой уг тэмцээн энэ сарын 13-15-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Биеийн тамир спортын ордонд зохион байгуулна. Тэмцээнд 23 хүртэлх насны тамирчид оролцох бөгөөд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /ДБНХ/-ны дүрмээр болон МЧБХ-ны тэмцээн зохион байгуулах журмын дагуу явагдана.
 
Тэмцээнд оролцогч эрэгтэйчүүд +57, 61, 65, 70, 74, 86, 97, 125 кг, эмэгтэйчүүд +48, 53, 55, 58, 60, 63, 69, 75 кг жинд өрсөлдөх бөгөөд жингийн зөрүү +2 кг байхыг зөвшөөрч байгаа юм. Сэлэнгэ аймгийн алдарт бөх Д.Оюунболд агсны дурсгалд зориулсан уг тэмцээнд ДБНХ-ны баталгаажсан “TAISHAN” фирмийн хоёр дэвжээг ашиглах бөгөөд стандартын дагуу дэвжээг өндөрлөн бэлтгэнэ.
 
Тус тэмцээний эрэгтэй, эмэгтэй жин бүрд алтан медаль хүртсэн тамирчид “U23” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авах юм. Тэмцээнийг МЧБХ, Сэлэнгэ аймаг дахь Монголын чөлөөт бөхийн салбар хороо, Мэргэд, Хангай клуб хамтран зохион байгуулна.
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг