sonin.mn
ОСЛО. /АП/. Норвегийн хөл бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тоглогчид эрэгтэйчүүдийн шигшээ багийнхантай адил хэмжээний цалин авдаг болно гэж тус улсын Хөл бөмбөгийн холбоо мэдэгдлээ.
 
“Ассошиэтэд пресс” агентлагийн мэдээлсээр, Норвегийн  хөл бөмбөгийн эрэгтэй ба эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан ирэх оны нэгдүгээр сараас адил хэмжээний цалин авдаг болох аж.
 
Эрэгтэй ба эмэгтэй хөл бөмбөгчдийн цалин хөлсний хэмжээг тэнцвэржүүлэх хөтөлбөрийн хүрээнд эрэгтэйчүүдийн шигшээ багийн жилийн цалингийн санг одоогийн 820 мянган доллароос 750 мянган доллар болгон бууруулахаар болсон байна. Эмэгтэйчүүдийн шигшээ багийн жилийн цалин одоогоор 390 мянган доллар байгаа аж.
 
Ерөнхийдөө хөл бөмбөг гэлтгүй дэлхий дахинд аль ч салбарт эмэгтэйчүүдийн цалин эрэгтэйчүүдийнхээс харьцангуй бага байдаг юм. 
 
Норвегийн хөл бөмбөгийн холбооны дээрх шийдвэрийг “хүйсийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн чухал алхам” гэж шинжээчид үнэлж байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг