sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бридж группын нэрэмжит Баянзүрх хайрханы хишиг барилдаан ням гарагт Бөхийн өргөөнд болж, Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын шинэ залуу харцага О.Хангай түрүүллээ.
 
Чансаа өндөр 128 бөх хүчээ сорьсон тус барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэсэн бол Их шөвөгт улсын арслан П.Бүрэнтөгс, улсын начин Э.Даш нар шалгарсан байна.
 
Мөн өнгөрсөн бямба гарагт МҮБХ-ноос улирал тутамд зохион байгуулахаар болсон аймаг, цэргийн начин цолтнуудын 3 дахь удаагийн барилдаан болж 120 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдав. Энэхүү барилдаанд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, сумын заан Б.Өлзийсайхан түрүүлж, Ховд аймгийн Манхан сумын харьяат, Сүлд спорт хороо, Ховд дэвжээний бөх, сумын заан Б.Даваадалай үзүүрлэв.
 
Их шөвөгт Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат, Түтээн ханы аварга дэвжээний бөх, аймгийн нэмэх начин У.Мөнхчулуун, Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, Дорнод нутаг дэвжээний бөх, аймгийн нэмэх начин М.Бэлгүтэй нар шалгарлаа. 
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг