sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотноо Ази тивийн 16 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөөх тэмцээнд ур чадвараа сорьж Монголын шигшээ баг өчигдөр Австралийн шигшээ багтай эхний тоглолтоо хийж хожигдлоо.
 
Насанд хүрэгчдийн шигшээ баг нь ДАШТ-д тогтмол оролцдог Австралийн өсвөрийн баг энэ тоглолтод 10:1-ээр Монголын өсвөрийн шигшээ багийг илүүрхэн хожсон юм. Манай шигшээ багийн ганц гоолыг Э.Ган-Эрдэнэ нэгдүгээр үеийн 33 дахь минутад оруулав. Манай шигшээ хоёрдугаар үеийн эхэнд 11 метрийн торгуулийн цохилт алдсан байна.
 
 
Тус тоглолтыг Австрали улсын Элчин сайд Жон Лангтри болон МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар нар үзэж сонирхжээ. Монголын хөлбөмбөгчид маргааш Вьетнам, 24-нд Камбож улсын шигшээ багтай тус бүр 16 цагаас МХБХ-ны хөлбөмбөгийн талбайд тоглоно.
 
 
Монголын шигшээ баг Бээжин хотод болсон Зүүн Азийн 15 хүртэлх насны хөвгүүдийн фестивальд оролцон, туршлага судалсан. Мөн энэ зуны турш “Хүрхрээ нэгдүгээр лиг”-ийн шилдэг клубүүд, 19 хүртэлх насны шигшээ багийн ах нартайгаа нөхөрсөг тоглолт хийж энэ тэмцээндээ бэлдсэн байна.
 
Д.Өлзий 
Эх сурвалж: Монцамэ агентлаг