sonin.mn
Гүндүүгүй хээгүй зантай, лагс биетэй озэки Кайо манай сүмо сонирхогчдын хайртай бөхчүүдийн нэг билээ. Эзэн хааны цомыг тавантаа гардаад их аварга болоогүй өөр бөх сүмогийн түүхэнд үгүй. Японы Фүкүока мужийн Ногата хэмээх жижигхэн сууринд 1972 онд төрсөн тэрээр 2011 оны долдугаар сарын Нагоя башёд барилдаад 39 насандаа зодог тайлсан. Кайо тэр башёд 1047 дахь даваагаа аван энэ үзүүлэлтээр домогт их аварга Чиёнофүжигийн дээд амжилтыг эвджээ. Харин зургаан жил тогтсон түүний дээд амжилтыг энэ жилийн мөн л Нагоя башёд ёкозүна Хакүхо М.Даваажаргал ахиулсан юм. Кайо зодог тайлсныхаа дараа Томозүна дэвжээндээ ояката багшаар ажиллаж байгаад 2014 онд өөрийн Асакаяма дэвжээг нээжээ. Мөн жил Кайогийн хөшөө түүний төрөлх Ногата хотын төмөр замын буудалд үнэнч хөгжөөн дэмжигчдийнх нь хандивын мөнгөөр боссон аж. Ингээд, ОХУ-ын “Япония-сүмо” сэтгүүлд өгсөн түүний дэлгэрэнгүй ярилцлагыг сонирхуулъя.
 
-Та зодог тайлсныхаа дараа шинэ нэр, шинэ ажилдаа хэр хурдан дассан бэ?
 
-Эхэндээ намайг хүмүүс “Ояката Асакаяма” гэж дуудахад надад хандаж байна гэж шууд ойлгохгүй тул хүмүүс дахин “Кайо” гэж дууддаг байж билээ (инээв). Харин одоо шинэ нэрэндээ дасалгүй яахав.
 
-Озэки Кайо, ояката Асакаяма нарын гол ялгаа юу бол?
 
-Их юм өөрчлөгдсөн. Амьдралын хэмнэл тэр чигтээ өөр болжээ. Би чинь бараг 24 жил хар үүрээр босон мавашигаа өмсөөд бэлтгэлд гардаг байсан хүн шүү дээ. Зодог тайлсныхаа дараа хар үүрээр сэрчихээд өөр амьдралд дасч өгөхгүй эвгүй л байсан. Хүний хувьд би нас ахиж хашир суулаа. Харин гол ялгаа гэвэл тодорхой, озэки Кайо бөх байсан, харин ояката Асакаяма багш (инээв).   
 
-Та дохё дэвжээн дээр зорьсон бүхэндээ хүрээгүйдээ харамсдаг уу, эсвэл зодог тайлаад санаа амарсан уу?
 
-Үнэнийг хэлэхэд санаа минь амарсан. Би юунд ч харамсдаггүй. Хүн гэдэг чинь өнгөрсөн бус ирээдүйн тухай бодох хэрэгтэй шүү дээ. Одоо би дэвжээндээ хүчтэй бөхчүүд бэлтгэн гаргах зорилго дээр л төвлөрч байна.
 
-Та 24 жилийн турш дэвжээн дээр гарч барилдсан. Сүмод маш их дуртай тулдаа л тэр байх?
 
-Үнэнийг хэлэхэд багадаа би сүмог үзэн яддаг байсан шүү (инээв). Хүүхэд байхад би эцэг эхийнхээ хүсэлтээр, нэлээд дургүйлхэн байж сүмогийн тэмцээнүүдэд оролцдог байлаа. 1988 онд намайг Томозүна дэвжээнд өгөхөд надад сүмочин болох ямар ч хүсэл байгаагүй.
 
-Та бүр багаасаа том биетэй байсан уу?
 
-15 насандаа би 180 см өндөр, 100 гаруй кг жинтэй байлаа.
 
-Хэдэн настайгаасаа сүмогоор шаргуу хичээллэж эхэлсэн бэ?
 
-Томозүна дэвжээнд ирснийхээ дараа л. Дунд сургуульд би сүмогийн дугуйланд явдаггүй, хааяа нэг сурагчдын тэмцээнд ордог байлаа. Уг нь надад жүдогоор хичээллэх таалагддаг байсан юм. Гэвч үе тэнгийнхэн дотроо бие хаа арай том учир эцэг эх, багш нар бүгд л жилд ядаж хоёр гурван сүмогийн тэмцээнд орохыг ятгадаг байлаа. 
 
-Тэгээд яг хэзээнээс сүмод дуртай болсон хэрэг вэ?
 
-Томозүна дэвжээнд ирээд эхний хоёр жил тэнд юу хийж буйгаа, юуны тулд тэр олон бэрхшээлийг давж буйгаа ер ойлгодоггүй байлаа. Гэвч илүү хүчтэй болох тусам, амжилтаа ахиулах тусам сүмод илүү ихээр татагдах болсон гэх үү дээ. Над дээр хөгжөөн дэмжигчид ирж гар барьдаг болсон нь их таалагдсан нь мэдээж.
 
-Та хоёр жил тэвчсэн гэлээ. Тэр хугацаанд сүмог орхих бодол төрөөгүй гэж үү?
 
-Төрөлгүй яахав. Нэг удаа би бүр оргосон гээч. Өөртэйгөө адилхан хоёр залуу бөхийн хамт. Дэвжээн дээр барилдаж эхлээд хагас жил болсны дараа юм даг. Гэвч биднийг маш хурдан, оргосон өдрийн орой л олчихсон.
 
-Та гэр рүүгээ зугтсан уу?
 
-Үгүй. Дэвжээнийхээ нэг бөхийн танилынх руу очсон чинь биднийг багшид маань хэлээд бариад өгсөн (инээв).
 
-Буцаж очихыг танд хэрхэн яаж ятгасан бол?
 
-Би эцэг эх, сургуулийнхаа багш нар гээд надад итгэж найддаг олон хүний санааг зовоон итгэлийг нь хөсөрдүүлснээ ойлгосон юм. Тэр үйл явдлаас хойш надад дахин оргох бодол төрөхөө больсон доо.
 
-Та бөхийн карьераа 1988 оны гуравдугаар сард хожим их аварга болсон Таканохана, Ваканохана, Акебоно нарын хамт нэг өдөр эхлүүлсэн. Гэтэл таныг 1993 оны тавдугаар сард дээд зиндаанд дөнгөж дэвшихэд Акебоно хэдийнэ ёкозүна болчихсон, Таканохана озеки, Ваканохана секиваке цолтой байсан?
 
-1988 оны гуравдугаар сард сүмод хөл тавьсан шинэхэн бөх 90 орчим хүн байлаа. Тэдний дундаас Хавайн арлын Акебоно мэдээж шууд нүдэнд туссан. Би урьд өмнө тийм аварга том биетэй хүн харж байгаагүй. Харин би бусдаас ялгарах юмгүй сул дорой нэгэн л байсан. Тэр үед Таканохана, Ваканохана, Акебоно нар намайг анзаараа ч үгүй биз ээ.
 
-Та таван тэмцээнд түрүүлэн хэд хэдэн дээд амжилт тогтоосон. Гэвч та сүмогийн дээд цол ёкозүнад хүрч чадаагүй. Одоо эргэн харахад та дэвжээн дээр өөрийгөө бүрэн шавхаж чадсан гэж боддог уу, эсвэл их аварга болж чадаагүйдээ харамсдаг уу?
 
-Мэдээж озеки болсон сүмоч бүхэн их аварга болохыг зорьдог. Харин одоо би тэр зорилгод хүрч чадаагүйдээ харамсдаггүй. Би дохё дээр нэлээд удаан хугацаанд гарч барилдан хэд хэдэн дээд амжилт тогтоосондоо баяртай байдаг. Хэрэв ёкозүна болсон бол тэгтлээ удаан барилдахгүй л байсан болов уу.
 
-Та давсан барилдааныхаа тоог 1047-д хүргэн алдарт ёкозүна Чиёнофүжигийн гарамгай дээд амжилтыг эвдсэнийхээ дараа зодог тайлахаа мэдэгдсэн. Тэр дээд амжилтыг эвдэх нь танд тийм чухал байсан уу?
 
-Дээд амжилт тогтооно гэдэг маш том хөшүүрэг л дээ. Тэглээ гээд би агуу Чиёнофүжигээс илүү болсон гэсэн үг биш. Тэр их аварга байхдаа давж байсан бол би зүгээр л удаан хугацаанд барилдсан нэгэн. Иймд би өөрийгөө Чионофүжитэй нэг эгнээнд тавьж чадахгүй.
 
-2004 оны есдүгээр сард та тав дахь тэмцээндээ түрүүлж ёкозуна горилогч болсон. Дараагийн башёд та эзэн хааны цомыг дахин гардаж чадаагүй. Хэдий тийм ч та арвантаван барилдааны арванхоёрт нь давж, тэр ч бүү хэл их аварга Асашёрюүг хаясан. Уг нь Сүмогийн холбоонд танд их аварга цол олгох бүх учир шалтгаан байсан ч хуралдаад олгохгүй байхаар шийдвэрлэсэн. Та тэгэхэд гомдоогүй юу?
 
-Гомдоогүй ээ. Би тэр тэмцээнд гурав дахиа унахдаа ёкозүна болох эрхгүй гэдгээ ойлгосон. Сүүлчийн өдрийн барилдаанд Асашёрюүг унагасан ч нэгэнт юу ч өөрчлөгдөхгүй болсон байлаа. Иймд өөрөөсөө өөр хэнд ч гомдох билээ. Санаа байвч сачий минь хүрээгүй хэрэг. Харин арвандөрөв давчихсан бол ёкозуна болж болох л байлаа. 
 
-Озеки Кайо алсын удирдлагатай тоглоомон машинд хорхойтой байсан. Ояката Асакаяма энэ хоббиг үргэлжлүүлсэн үү?
 
-Үгүй, би одоо тийм тоглоом тоглохоо больсон (инээв). Яагаад гээч? Сүмочдыг машин барихыг хориглодог юм. Иймд жинхэнэ машины оронд алсын удирдлагатай тоглоомон машин “жолооддог” байлаа. Харин ояката нар машин барьж болно л доо (инээв).
 
-Та маш олон амаргүй бэрхшээл, хүнд бэртэл гэмтлийг даван тулж байсан. Ер нь танд тэр их эрч хүч хаанаас заяагдсан юм бол?
 
-Би чинь ууланд, байгаль дунд өссөн хүн. Тийм болоод тэр үү, ер нь гар барилдаанд багаасаа л хэнд ч дийлдэж үзээгүй. Гэвч жүдод ч, сүмод ч дан ганц бяр чадал хангалттай биш л дээ.
 
-Таныг гараараа алимыг бяцлан бүх шүүсийг нь гаргадаг байсан гэдэг?
 
-Тийм юм тохиолдож л байлаа (инээв). Баруунаараа ч, зүүнээрээ ч. Ялангуяа сэтгүүлчид тэгүүлэх их дуртай байсан даа.
 
-Та зууны дөрөвний нэгд нь барилдахдаа сүмогийн хэд хэдэн үеийг үзсэн. Тэдгээрээс хамгийн сонирхолтой үе нь гэвэл?
 
-1990-ээд он болов уу. Тэр үед том, жижиг биетэй, өөр өөрийн давтагдашгүй арга барил, техниктэй өвөрмөц бөхчүүд их байжээ. Харин одоо харамсалтай нь тийм олон арга барил ажиглагдахгүй юм.
 
Б.Түшиг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин