sonin.mn
ТОКИО. /Kyodo/. Япон улсад хэрэгцээгүй болсон гар утаснуудыг цуглуулах кампанит ажил ид өрнөж байна.
 
Хэрэггүй болсон гар утаснуудаас үнэт металлыг нь ялган авч “Токио-2020” зуны олимп болон паралимпын наадмын медалиудыг хийхэд ашиглах гэж байгаа юм.
 
“Токио-2020” олимпын наадмыг зохион байгуулах хорооны албаны хүмүүс энэ кампанит ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сараас өрнүүлж эхэлсэн.  Хэрэгцээгүй болсон гар утас  болон бусад цахилгаан бараагаа хандивлаж, Токиогийн олимпын наадмын 5000 медалийг хийхэд шаардлагатай 2 тн алт, мөнгө болон хүрлийг цуглуулахад хувь нэмрээ оруулахыг Японы албаны хүмүүс ард иргэддээ уриалж байна.
 
Японы харилцаа холбооны томоохон компани болох NTT “Токио 2020 Медалийн төсөл” кампанит ажилд манлайлан оролцож байгаа аж. Тус компани өөрийн салбар дэлгүүрүүдийнхээ гадна хэрэгцээгүй гар утаснуудыг авах “хайрцаг” байрлуулжээ. Бид 8 сая гар утас цуглуулахыг зорьж байна гэж тус компанийн албаны хүн хэлэв.
 
Ашигт малтмалын нөөц багатай Япон улс олимпын медалийг хаягдал гар утас болон цахилгаан бараанаас ялган авсан үнэт металлаар хийх санаагаа “эдийн засагт хэмнэлттэй бөгөөд тогтвортой хөгжлийг хөхиүлэн дэмжих алхам” гэж олон нийтэд сурталчилж байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг