sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах хоёр дахь удаагийн тэмцээн Гонконг улсад энэ сарын 26, 27-нд болно.
 
Тус тэмцээнд 11 улсын нийт 160 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөх бол манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 20 тамирчин, багш дасгалжуулагчийн хамт оролцох юм.
 
Монголын багийн бүрэлдэхүүнд олон улсын тэмцээнд удаа дараа амжилттай оролцсон тамирчдаас гадна нэг жил ч хүрэхгүй хугацаанд хичээллэж улсын аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн шинэхэн тамирчид багтаж байна. Мөн Дархан-Уул аймгаас 2 тамирчин, Орхон аймгаас 6 тамирчин шигшээ багт багтаж байгаа нь тус спорт орон нутагт өндөр түвшинд хөгжиж байгааг харуулж байгаа юм.
 
Энэ удаагийн тэмцээний шигшээ багийн бүрэлдэхүүнд “Авьяаслаг Шведчүүд” шоуны шилдэг оролцогч А.Янжиндулам багтаж эх орныхоо нэрийн өмнөөс тус тэмцээнд оролцох аж.
 
Дашрамд дурдахад, Монголын Оюун ухааны академийн тамирчид Швед, Их Британи, Хятад, Энэтхэг, Тайвань, Турк, Малайз, Солонгос зэрэг олон улсын оюуны спортын 43 тэмцээнд оролцож 612 медаль хүртэн дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон билээ.
 
Ж.Болор
Эх сурвалж: Монцамэ агентлаг