sonin.mn
Бөхийн өргөөг хамгаалалтад авсан, хэнийг ч нэвтрүүлэхгүй байна. Монголын үндэсний бөхийн холбооны МҮБХ тэргүүний төлөөх тэмцэл Бөхийн өргөөг булаацалдахаас эхэллээ зэрэг мэдээлэл тархсан. Тиймээс бид Бөхийн өргөөг зорьж яг ямар үйл явдал өрнөөд байгаа, юунаас болж тус газрыг хамгаалалтад авсныг сурвалжлахаар очив. Өчигдөр үдийн өмнө очиход байдал хэвийн. Хамгаалалтад авсан гэх байдал гаднаас нь анзаарагдсангүй. Эргэн тойрон бүсэлсэн, хаасан, хашсан зүйл алга. Харин хаалгаа түгжиж, дотор талд нь хоёр хамгаалагч зогсчээ. Тэд үүдээ ч нээсэнгүй “Хэнийг ч дотогш оруулахгүй, барилгад ганц ч хүн байхгүй. Үйл ажиллагаа явуулахгүй. Бүгд амарсан” гэж цонхны цаанаас тайлбар өгөв. Бөхийн өргөөнд түрээсээр үйл ажиллагаа явуулдаг, оёдол засвар ажиллуулдаг гэх хэдэн эмэгтэйчүүд ойролцоох сандал дээр суух аж. Тэд түрээсээ төлж, ажил үйлчилгээ эрхэлдэг боловч дотогш ч оруулахгүй байгаа нь энэ.Үйл явдлыг эргэн сануулахад МҮБХ ээлжит бус “Их эе” хурлаа өнгөрсөн тавдугаар сард хуралдуулж тэргүүнээр нь “Гацуурт” компанийн захирал Л.Чинбатыг сонгосон.
 
Үүнийг хууль бус хурал болсон, Л.Чинбатыг тэргүүн гэж хүлээн зөвшөөрөхгүй гэж МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж мэдэгдээд байв. Гэвч Л.Чинбатад МҮБХ-г хүлээлгэн өгөх ёстой гэж үзсэн хэсэг нөхөд Бөхийн өргөө рүү дайрч орсноос энэ хэрэг өрнөөд байна. Гэхдээ Бөхийн өргөөг Монголын ард түмний хандиваар босгосон. Хэдхэн хүн амарсны төлөө хаалга үүдээ яагаад тас түгжиж, иргэдийг оруулахгүй байна вэ. Монголчууд Бөхийн өргөөндөө хөл тавих эрхгүй болсон юм болов уу. Энэ асуултын хариултыг эрэв. МҮБХ-ны Нарийн бичгийн дарга Ц.Цогтбаатартай холбогдвол, тэргүүн Р.Нямдоржоос асуухыг зөвлөлөө. Харин Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзангаа заав. Д.Данзан дараах байр суурийг илэрхийлж байна.
 
-Бөхийн өргөөнд яг юу болоод байгаа талаар та олон нийтэд мэдээлэл өгнө үү?
 
-Тавдугаар сарын 28-нд Монголын бөхчүүдийн 80-90 хувь нь оролцоогүй нэг цуглаан хийснийгээ ээлжит бус “Их эе" гэж нэрлээд байгаа. Түүнд нь улсын цолтой 40 орчим бөх оролцсоны ихэнх нь Увсын бөхчүүд. Тэгээд таних танихгүй хэдэн хүн оролцоод Л.Чинбат гэдэг хүнийг тэргүүнээр сонгосон. Тийм юм гэж байхгүй. Монголын бөхчүүдийн эрх ашгийг хамгаалах, төлөөлөх бүрэлдэхүүн тэнд байгаагүй.
 
-Одоо МҮБХ-ны тэргүүн нь Л.Чинбат юм уу, Р.Нямдорж уу?
 
-Цэцдийн зөвлөл хуралдаж ээлжит бус “Их эе” хурлын товыг зарлах учиртай. Цэцдийн зөвлөл ирцийн хувьд 66 нь ирж хуралдана. Гэтэл Цэцдийн зөвлөлийн ирц нь хүрээгүй. Гишүүн бус хүнийг оруулж ирж хуурамч гарын үсэг зуруулж, ирц бүрдүүлсэн. Энэ бол Эрүүгийн хуулийн 253.1 зүйлд заасан гэмт хэрэг. Нотлох баримтыг хуурамчаар үйлдэж, шүүхийг хуурсан гэмт хэрэг. Үүнийг цагдаа шалгаж тогтоогоод, одоо прокурорын хяналтын шатанд яваа. Шүүхийн байгууллага хэргийг хянаж дуусаагүй, эцсийн шийдвэр гараагүй байхад хуралдуулсан нь хууль бус. Дээр нь ирц хүрээгүй гэдгийг хэлсэн. Энэ хуйвалдааны шинжтэй цуглаанаас байгуулсан Хяналтын зөвлөл гэгч нь бөхийн холбоог булааж авах гэж дайраад байна. Аварга Сүхбат, Төмөрсүх, Ариунболд гэх хүмүүс манай байгууллагыг гаднын хүчээр дайрч эзэлж авсан.Түүнийгээ бөхийн холбооны ажлыг хүлээж авлаа гэж ард иргэдэд ойлгуулж, мэдээлэл цацсан. Энэ бол худлаа. Ажил хүлээж аваагүй. Тийм улсад бид ажпаа хүлээлгэж өгөхгүй. Төрийн 2-3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хуйвалдсан, улайрсан хэдэн нөхдөд өгч болохгүй нь ойлгомжтой. МҮБХ -ны тэргүүн Р.Нямдорж хэвээрээ. Бүх үйл ажиллагаа хэвийн явж байна. Р.Нямдорж, Л.Чинбат хоёр уулзсан. Түүнийг сонгосон хурал хууль бус гэдгийг хэлсэн. Л.Чинбат өөрөө ойлгоод гарсан.
 
-Та бүхний энэ үйлдэл монголчууд монгол бөхийн өргөөндөө орж чадахгүй байна гэсэн бухимдлыг үүсгээд байна?
 
-Дотогш хүн оруулах боломжгүй. Бөхийн өргөөнд одоогоор ямар ч үйл ажиллагаа алга. Урлагийн тоглолт, барилдаан, засвар үйлчилгээ хийгээгүй. Гэхдээ хамгаалалттай байх ёстой. Дотогш орох шаардлага хэнд ч байхгүй. Дайрч орсон хүмүүсийн дунд байгаа Ариунболд манайд түрээсээр үйл ажиллагаа явуулж, уураг, витамин борлуулдаг байсан. Байгууллагын дотоод журам зөрчиж, хууль бус зүйл хийсэн. Тиймээс гэрээг нь цуцлаад гаргасан. Ийм хүмүүс өөрсдийгөө бөхийн холбоо гэж нэрлээд байгаа нь зохисгүй. Бөхийн холбоо хууль ёсны гэрчилгээ, өмч, удирдлага, зохион байгуулалттай байгууллага.
 
-МҮБХ-ны тэргүүнийг хэзээ өөрчлөх вэ?
 
-Зургаадугаар сарын 22-нд Цэцдийн зөвлөл ном ёсоороо хуралдаад ээлжит VIII “Их эе”-ээ 2018 оны гуравдугаар сарын 24-25-нд хийхээр товлосон. Тэр үеэр удирдлагаа сонгоно, тайлангаа тавина. Ер нь бол дөрвөн асуудал хэлэлцэнэ. Хяналтын тайлан, зохион байгуулалтын өөрчлөлт, бөхийн холбооны дүрэмд өөрчлөлт оруулах шаардлагатай бол оруулдаг. Энэ нь жинхэнэ хууль ёсны ээлжит “Их эе’’ хурал болно.
 
М.Алтанцэцэг
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин