sonin.mn
МАДРИД./TASS/. Испанийн Иргэний гвардийнхан өчигдөр өглөө Испанийн эзэн хааны хөлбөмбөгийн холбооны /RFEF/ төв байранд нэгжлэг явуулж, тус холбооны ерөнхийлөгч Анхель Мария Вильяр-ыг баривчилсан байна. Энэ тухай El Pais сонин мэдээлжээ.
 
Вильярыг авлигын хэрэгт сэжиглэн баривчилсан бөгөөд тэрбээр тус байгууллагад санхүүгийн хохирол учруулсан эсэхийг шалгах үүднээс холбооны оффист нэгжлэг хийсэн байна. Хөлбөмбөгийн холбооны албан тушаалтнуудыг мөрдөн шалгах ажиллагаа 3 сар орчим үргэлжилж, ажиллагааны явцад тэдний телефон утасны яриаг чагнаж байжээ.
 
Иргэний гвардийн явуулсан нэгжлэгийн явцад наад зах нь 10 хүнийг баривчилсны дотор 67 настай Вильяр, түүний хүү Горка, Испанийн хөлбөмбөгийн холбооны /RFEF/ дэд ерөнхийлөгч Хуан Пардон нар байна.
Вильяр анх 1988 онд RFEF-ийн ерөнхийлөгчөөр сонгогдсон аж. 2016 оны 5-9 дүгээр сард тэрбээр Мишель Платинигийн оронд УЕФА-гийн ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэж байжээ.
 
Анхель Мария Вильяр ФИФА-гийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсоны сацуу ФИФА болон УЕФА-гийн дэд ерөнхийлөгчөөр ажилладаг аж.
 
О.Барс
Эх сурвалж: Монцамэ агентлаг