sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Гурван шатны шүүхээс гаргасан шийдвэрийг Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны тэргүүн Р.Нямдорж болон бусад удирдлагууд хэрэгжүүлэхгүй байгааг эсэргүүцэж МҮБХ-ны Хяналтын зөвлөлийн гишүүн Ц.Ариунболд болон бөх судлаач Д.Ганболд, бөх сонирхогчид өнөөдөр хэвлэлийн бага хурал хийв.
 
Тэд МҮБХ-ны одоогийн удирдлагуудыг хууль бус тэднийг сонгохоор хуралдсан “Их Эе”-ийн шийдвэр хүчин төгөлдөр биш гэдгийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг танилцуулж, ажлаа хүлээлгэж өгөхийг шаардахаар өчигдөр  “Бөхийн өргөө”-нд суулт хийсэн юм.
 
Ц.Ариунболд: Биднийг Р.Нямдоржийн хүү Н.Ганбаатар, хамаатан нь болох гарьд Ж.Бат-Эрдэнэ, дүү нь болох Д.Лхагвадорж нар Говь-Алтай аймгийн харьяат, ихэвчлэн ах дүүс голдуу бөхчүүд “Бөхийн өргөө”-нөөс биднийг хөөж гаргасан. Хамгийн гол нь тэдгээр бөхчүүд цахилгаан бороохойтой байсан. Р.Нямдоржийн хүү Н.Ганбаатар гарьд хаалга өшиглөж орж ирээд биднийг хөөж гаргасан. Говь-Алтайн бөхчүүд “Бөхийн өргөө”-г хонон өнжин хамгаалж байгаа юм байна. Монгол Үндэсний Бөхийн холбоо, Шүүхийн шийдвэр гарсны дараа Цэцийн зөвлөл хуралдаж, “Гацуурт”-ын Л.Чинбатыг тэргүүнээр томилсон боловч одоог хүртэл Р.Нямдорж нар ажлаа хүлээлгэж өгөхгүй байна гэж мэдэгдлээ.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: "Монцамэ"