sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Спортын төв ордны А зааланд “Turkish Airlines” компанийн нэрэмжит хүндийн өргөлтийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний аваргууд тодорч эхэллээ.
 
2017 оны УЗАШТ-д 15 багийн 170 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр эмэгтэй 48, 53, 58, 63 кг, эрэгтэй 50, 56, 62 кг жингийн аваргууд тодорлоо.
 
Энэ өдөр эмэгтэйчүүдийн 53 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Г.Баасанжаргал огцом өргөлтөөр улсын рекордыг 77 кг болгон шинэчлэв. Энэ жинд өрсөлдсөн “Хилчин” спорт хорооны тамирчин О.Алтан-Од огцом, түлхэлттэй өргөлтийн нийлбэр дүнгээр 118 кг өргөсөн амжилтаар спортын дэд мастер цолны болзол хангажээ.
Японы Токио хотноо болсон ДЗАШТ-д амжилттай оролцсон тамирчдаас УАШТ-д Б.Золбоо 48 кг, Г.Анужин 63 кг-д түрүүлсэн бол Ч.Нямзул 53 кг-д мөнгөн медаль хүртлээ. Г.Анужин энэ жилийн “Токио 2017” ДЗАШТ-ий 63 кг-д огцом өргөлтөөр 92 кг-ыг өргөж, V байр эзэлсэн юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг