sonin.mn
Дэлхийд эх орныхоо нэрийг дуудуулж яваа олон гайхалтай уран нугараач, циркчид бий. Тэдний нэг Монголын циркийн хөгжлийн төвийн жүжигчин Б.Золзаяатай ярилцсанаа хүргэе.
 
Walt Disney Pictures”-ээс кинонд тоглох урилга хүлээн авсан гэж сонссон?
 
-Тийм ээ. Монголын циркийн хөгжлийн төвийн уран нугараач, соёлын тэргүүний ажилтан Э.Ариунчимэг, Ч.Отгончимэг бид гурав өнгөрсөн арванхоёрдугаар сард “Walt Disney picture”-ээс циркийн тухай кинонд тоглох урилга хүлээн авсан. Одоогоор киноны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Учир нь, “Киноны талаар ярьж, дэлгэрэнгүй мэдээлэл өгч болохгүй” гэсэн хатуу нөхцөлтэйгээр гэрээ “Walt Disney pictures”-тэй хийсэн.
 
-Та хэдэн настайгаасаа нугарч эхэлсэн бэ?
 
-Би зургаан настайдаа уран сайхны гимнастикийн дугуйланд явж байгаад уран нугаралтаар хичээллэж эхэлсэн. Ер нь хүүхэд зургаан настайгаасаа уран нугаралтаар хичээллэхэд тохиромжтой. Түүнээс оройтвол уян хатан чанар нь алдагддаг.
 
-Нугараач болох нь таны мөрөөдөл байв уу. Эсвэл эцэг эх тань энэ урлагт чиглүүлсэн үү?
 
-Эцэг эх минь намайг циркийн урлаг руу чиглүүлсэн.
 
-Уран нугаралтын эрдэм, техникийг заасан багшийнхаа талаар дурсана уу?
 
-Анх Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Т.Буд багш дээр очиж уран нугаралтыг сурч байлаа. Одоо Буриад улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Сэлэнгэ багш дээр хичээллэж байна.
 
-Багийнхаа гишүүдийг манай уншигчдад танилцуулна уу?
 
-Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Э.Ариунчимэг, Ч.Отгончимэг, Ч.Олдох гээд дөрвөн жүжигчнээс манай баг бүрддэг. Бид Монгол Улсынхаа төлөө бие махбодь, сэтгэл зүрхээ дайчлан хичээж ажилладаг. Монголын циркийг дэлхийд таниулахын төлөөх нэгэн зорилго, хүсэлд тэмүүлэн хичээж явна. Бид Испани улсад болсон олон улсын циркчдийн III наадам, ОХУ-д болсон олон улсын циркийн тэмцээн, Испанийн “5th Festival internacional del Circ”, 10th festival internacional de Albacete” зэрэг тэмцээнд оролцож тусгай болон шүүгчдийн нэрэмжит шагналыг хүртсэн.
 
-Өдөрт хэдэн цагийн бэлтгэл хийдэг вэ?
 
-Өдерт дунджаар 2-4 цагийн бэлтгэл хийдэг.
 
-Уран нугаралтаар хичээллэснээр таны амьдралд ямар давуу тал бий болсон бэ?
 
-Энэ урлагт эргэлт буцалтгүй орсноор олон зүйлийг олж авсан. Хамгийн гол нь аливаа зүйлд тэвчээртэй ханддаг болсон.
 
-Нугараач болоход уян хатан байхаас гадна ямар чадвартай байх ёстой вэ?
 
 -Чадвартай, авьяастай гэхээсээ илүү зүтгэлтэй байх хэрэгтэй.
 
Шантраад циркийн урлагаас холдсон хүн цөөнгүй бий. Таныг юу зоригжуулж, ирлэдэг байв?
 
-Цирк залуу насны урлаг. Шантрах үе олон тохиож байлаа. Таван минутын үзүүлбэрийн цаана таван жилийн нөр их хөдөлмөр байдаг. Энэ бүхнийг минь мэдэрч, үнэлэн алга ташдаг үзэгчдээсээ урам зориг авдаг.
 
-Манай циркийн жүжигчдийн нийгмийн асуудал ямар байна вэ. Мэдээж төр засгийн дэмжлэг хэрэгтэй л байдаг байх?
 
 -Мэдээж маш их хэрэгтэй. Манай жүжигчид олон улсын нэлээдгүй тэмцээнд чамлахааргүй амжилт гаргасан. Цаашдаа төр засаг маань дэмжээд өгвөл урам авч илүү ихийг хийж бүтээнэ гэдэгт итгэдэг.
 
-Монголын циркийн хөгжил дэлхийн төвшинтэй харьцуулбал ямар байгаа гэж та дүгнэдэг вэ?
 
-Бид дэлхийтэй эн зэрэгцэхээр барахгүй, гайхшируулж бишрүүлж явна. Бидний гаргаж буй амжилтууд үүнийг илтгэнэ. Ганцхан жишээ хэлэхэд, соёлын тэргүүний ажилтан Т.Намуунбаатар ах шидэх банзнаас зургаан удаа эргэж дэлхийн рекордыг ганцаараа эзэмшиж байна.
 
-Та ирээдүйн зорилгоосоо хуваалцаач?
 
-Монголынхоо циркийн урлагийг өргөжүүлэхэд тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулахыг хүсдэг. Бас циркээр хичээллэх сонирхолтой хүүхэд багачуудад тус дэм болохыг зорьдог.
 
 
Б.Мөнх-Эрдэнэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин