sonin.mn
СОЧИ./TASS/. 2017 оны Тив хоорондын цомын тэмцээнд ашиглаж буй дүрс бичлэгийн систем нь орчин үеийн хөлбөмбөгийн ирээдүй юм. Ингэж үзэж байгаагаа Олон улсын хөлбөмбөгийн холбооны /ФИФА/ ерөнхийлөгч Жанни Инфантино хэлснийг тус холбооны хэвлэлийн алба иш татан уламжиллаа.
 
“Би VAR системд маш сэтгэл хангалуун байна, энэ систем зөв шийдвэр гаргахад нь шүүгчдэд хэрхэн тус болж байгааг бид харсан. Тив хоорондын цомын тэмцээнд уг системийг туршиж байгаа нь шүүгчдийн хоорондын харилцан ажиллагааг сайжруулахад тус дөхөм болно. Хөгжөөн дэмжигчдийн олон жил хүсэн хүлээсэн мөрөөдөл ийнхүү биеллээ оллоо. Шүүгчдэд туслах дүрс бичлэгийн систем бол орчин үеийн хөлбөмбөгийн ирээдүй мөн” хэмээн Инфантино онцлон дурдсан байна.
 
Өнгөрсөн оны 3 дугаар сарын эхээр тоглолтын дүрмийг өөрчлөх асуудал хариуцсан хөлбөмбөгийн холбоодын олон улсын зөвлөл ерөнхий шүүгчдэд дүрс бичлэг ашиглан туслах шийдвэрийг сайшаан баталжээ. Уг системийг Италийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар дивизионы тоглолтуудын үеэр туршиж үзсэн байна. Түүнчлэн уг системийг 2016 онд Японд болсон клубуудын ДАШТ-ийн явцад туршжээ. Харин Тив хоорондын цомын тэмцээнд анх удаагаа туршсан нь энэ юм.
 
Дашрамд дуулгахад, Германы хөлбөмбөгчин Эмре Жан ярихдаа "дүрс бичлэгийг давтан үзүүлэх нь тоглолтын үеийн сэтгэл хөдлөлийг үгүй хийдэг" гэжээ.
 
 
О.Барс
Эх сурвалж: Монцамэ агентлаг