sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олимпизмийн түүхэнд тэмдэглэгдэх залуусын оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хотын инновацийг олимпийн наадамд тусгах зорилготой шинэчилсэн хөтөлбөр бүхий шийдвэрийг Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ноос гаргаад байна.
 
ОУОХ-ны Удирдах зөвлөл зургадугаар сарын 9-нд хуралдаж, дээр дурдсан зорилгыг агуулсан “Токио-2020” олимпийн наадмын хөтөлбөрийг баталсан юм.  ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах энэхүү шийдвэрийн талаар “Токиогийн олимпийн наадам залуу хойч үеийг өргөнөөр хамруулсан, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, жендэрийн эрх тэгш байдлыг хангасан, хотын хөгжил, инновацийг шингээсэн наадам байх болно” хэмээн онцоллоо.
 
Олимпийн хөтөлбөрт шинээр спортын 15 төрөл, зай, ангилал нэмэгдсэн бөгөөд олимпийн наадамд оролцох нийт тамирчдын тоо “Рио-2016” олимпийн наадмаас 285-аар буурсан байна. Мөн хамгийн олон эмэгтэй тамирчинтай олимпийн наадмаар “Токио-2020” байх юм. Эрэгтэй, эмэгтэй холимог багийн төрлүүд Рио-2016”-д ес байсан бол 18 болно. Нэмэгдсэн төрлүүдэд зориулж тусгай талбай, заал барихгүй бөгөөд  “Токио-2020” зуны олимпийн спортын төрөл болон оролцох тамирчдын жендэрийн харьцаа 50-50 байх юм.
 
Тухайлбал, эрэгтэй найм, эмэгтэй таван жин олимпийн хөтөлбөрт багтсан. Эрэгтэй жингүүдийг эцэслэн батлаагүй, харин эмэгтэйчүүд 51, 57, 60, 69, 75 кг-д өрсөлдөнө. Жүдо бөхийн хувьд холимог багийн барилдаан шинээр нэмэгдсэн. Холимог барилдаанд эрэгтэй 73, -90 ба +90 кг, эмэгтэй 57, -70 ба +70 кг гэсэн жин хамаарна.
 
 
 
 
 
Чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй, дээр нь сонгомол бөхийн тус бүр зургаан жингийн ангилал хэвээр үлдсэн. Харин нэг жинд өмнө нь 18 тамирчин оролцдог байсан бол 12 болж багаслаа. Буудлага спортын хувьд эрэгтэйчүүдийн хэвтээ байрлалаас буудах 50 метрийн хийн урт бууны дасгал, эрэгтэй 50 метрийн хийн урт бууны төрөл хасагдсан. Харин 10 метрийн хийн гар бууны холимог баг, 10 метрийн хийн урт бууны холимог баг, таваг буудлагын холимог багийн төрөл шинээр нэмэгдсэн байна.
 
Хүндийн өргөлтийн спортын эрэгтэй найман жингээс нэг нь хасагдаж, долоо болсон. Харин эмэгтэйчүүд урьдын адил долоон жинд өрсөлдөнө. Эрэгтэйчүүдийн жингийн ангиллыг одоогоор эцэслэн батлаагүй байна.
 
Олимпийн хөтөлбөр ёсоор спорт төрлүүдэд жендэрийн эрх тэгш байдал бий болгохын тулд каноэ, сэлүүрт завь, буудлага, хүндийн өргөлт гэсэн спортын төрлүүдэд өөрчлөлт орох юм. Харин тамирчдын оролцооны хувьд каноэ, жүдо, сэлүүрт завь, дарвуулт завь, буудлага, хүндийн өргөлт гэсэн зургаан төрөл олимпийн наадамд оролцох эрэгтэй, эмэгтэй тамирчдын тоог тэнцүүлэх ёстой.
 
Жендэрийн эрх тэгш байдлаас гадна залуучууд их сонирхдог, хотын гэх тодотголтой гудамжны 3х3 сагсан бөмбөг, дугуйн спортын чөлөөт-BMX төрлийг олимпийн хөтөлбөрт оруулсан юм. Өмнө нь ОУОХ-ноос спорт авиралт, скейтборд, бейсбол/софтбол, каратэ, серфингийн спортыг Токио-2020” -д багтаах шийдвэр гаргасан юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг