sonin.mn
РИО-ДЕ-ЖАНЕЙРО./TASS/. Бразилын нийслэл Рио-де-Жанейрод болсон Олимпын тоглолтын зардал нийтдээ 43,2 тэрбум реал /13,2 тэрбум орчим доллар/ болжээ. Энэ тухай Бразилын Спортын яамны дэргэдэх Олимпын өвийг удирдах агентлагийн лхагва гарагт нийтлэгдсэн тайланд дурджээ.
 
Өмнө нь спортын объектуудын зардлыг 7,09 тэрбум реал байна гэж тооцоолж байсан боловч 7,23 тэрбум реал болж өссөн байна. Үүний шалтгаан нь Олимпын объектуудад түрээслэгч олдох хүртэлх хугацаанд тухайн объектуудыг арчлан хамгаалах шаардлагаас үүдэлтэй аж.
 
“Олимпын өвүүдийг арчлан хамгаална гэдэг амаргүй ажил. Тэдгээрийн менежментийг хийнэ гэдэг бол тун яггүй, жишээ нь спортын объектуудаа хүлээлгэн өгөхийн тулд Лондон хотод хоёр жилийн хугацаа шаардагдсан, одоо ч гэсэн эдгээр объектуудад улсаас мөнгө зарцуулсаар байгаа” гэж дээрх агентлагийн дарга Паулу Марсиу ярьсныг “Globo” сонинд иш татан бичжээ.
 
Рио-2016-ийн төсөвт тусгасан бусад гол зардал бол хотын дэд бүтцийг байгуулах зардал /26,74 тэрбум реал/ болон “Рио-2016”-тэмцээн зохион байгуулах хорооны төсөв /9,2 тэрбум реал/ юм. Ийм байдлаар Олимпын тоглолтын нийт зардал 43,2 тэрбум реал /13,2 тэрбум доллар/-т хүрсэн нь 2009 онд төлөвлөж байснаас /28,8 тэрбум реал буюу 8,78 тэрбум доллар/ хол давжээ. Үүгээр ч зогсохгүй дээрх тайланд дурдсан зардал цаашид ч нэмэгдэж магадгүй гэнэ. Учир нь “Рио-2016” тоглолтыг зохион байгуулах хорооны төсөвт 132 сая реал /40,2 сая доллар/-ын өр үүсээд байгаа ба энэ мөнгийг хэн төлөх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
 
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг