sonin.mn

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Ерөнхий Боловсролын Сургуулийн төгсөгчид өчигдөр Ерөнхий Эрдмийн Шалгалт өгөхөөр явж байгаад авто тээврийн осолд харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. Ослын улмаас жолооч болон гурван хүүхэд амь насаа алдсан бөгөөд эдгээр гурван хүүхдийн хоёр нь Дорноговь аймгийн идэрчүүдийн шигшээ багт тоглодог хөлбөмбөгчин хүүхдүүд байсан юм.

Эдгээр өдрүүдэд “Өсвөрийн УАШТ”-нд өрсөлдөж байгаа Дорноговь аймгийн 13 хүртэлх насны хөвгүүд өнөөдөр “Бешикташ” клубтэй хийсэн тоглолтынхоо өмнө нэг минутын чимээгүй зогсолт хийж эмгэнэл илэрхийллээ. Ч.Батзангиа дасгалжуулагчтай Дорноговь аймгийн баг хэдий сэтгэл санааны хувьд хүнд байдалтай талбайд гарсан ч тэнгэрт хальсан шигшээ багийн тоглогчдодоо хүндэтгэл үзүүлэн тоглож, 3:0-ээр хожсоноор УАШТ-ий хэсгээс гарсан. Дөнгөж 18 насандаа орчлонгийн мөнх бусыг үзүүлсэн хоёр хөлбөмбөгчин энэ зун “Үндэсний цом” тэмцээнд оролцохоор зэхэж байсан ч мөрөөдлөө биелүүлж чадалгүй хорвоог орхилоо. Уг харамсалтай үйл явдалд МХБХ нийт хөлбөмбөгчид, сонирхогчдынхоо өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.