sonin.mn
НЬЮ-ЙОРК./TASS/. Америкийн нэрт сагсан бөмбөгчин асан Деннис Родман Умард Солонгост дахин очих бодолтой байгаа аж. Даваа гарагт CNN телевизийн мэдээлснээр, NBA-гийн од тэрбээр мягмар гарагт Пхеньянд ирэх бололтой. 
 
Д.Родманыг Бээжингийн нисэх онгоцны буудал дээр явж байхыг нь тус телевизийн нэг сурвалжлагч харсан ба тэрбээр сурвалжлагчийн асуултанд хариулахаас татгалзсан байна. Харин Умард Солонгосын нэрээ нууцалсан албаны хүн хэлэхдээ "Д.Родман мягмар гарагт Пхеньянд ирэх ёстой" гэжээ. Тамирчин ямар зорилгоор Пхеньянд ирж байгаа нь тодорхойгүй байгаа юм.
 
CNN телевизийн мэдээлснээр, өдгөө 56 настай Д.Родман Умард Солонгост өмнө нь дөрвөн ч удаа зочилж байсан ба Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай уулзсан цөөхөн америкчуудын нэг юм. Тэрбээр Ким Жөн Уныг өөрийн найз, тун сайн хүн гэж ярьдаг аж. Сагсан бөмбөгийн од тэрбээр Умард Солонгост хувиараа зочилж байгаа гэдгээ онцлон хэлжээ.
 
Хамгийн сүүлд Д.Родман Умард Солонгост 2014 оны 1 дүгээр сард зочилсон байна. Тэр үед Ким Жөн Уны төрсөн өдрийг тохиолдуулан Д.Родманы санаачилгаар Пхеньяны спортын ордонд NBA-гийн ахмад тамирчид БНАСАУ-ын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийсэн юм. Д.Родман Кенни Андерсон, Клиффорд Робинсон, Вин Бейкер, Крейг Хожес, Даг Кристи, Чарльз Смит зэрэг нэртэй тамирчдыг Пхеньянд дагуулан ирж байжээ. Д.Родман ярихдаа "Ким Жөн Ун бол ард түмэндээ сэтгэл зүрхээ зориулдаг жинхэнэ манлайлагч, ард түмэн ч түүнийг их хайрладаг юм байна” гэж байсан билээ.
 
Д.Родман нь NBA-гийн таван удаагийн аварга бөгөөд 2000 он хүртэл лигт тоглож байгаад 2006 онд зодог тайлжээ. 
 
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг