sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Волейболын Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний даваа гарагийн сүүлийн тоглолт Монгол, БНСУ-ын шигшээ багуудын хооронд болж, 2:3 гэсэн оноогоор манай баг хожигдсоноор хэсгээсээ хоёроор гарлаа.
 
Буянт-Ухаа спорт цогцолборт өнгөрсөн бямба гарагт эхэлсэн тус тэмцээний хагас шигшээд Япон улсын багтай Монголын баг тоглох юм.
 
Манай волейболчид “А” хэсэгт БНСУ, Макаогийн багтай учраа таарсан. Монголын тамирчид хэсгийн эхний тоглолтоо өчигдөр Макаогийн волейболчидтой хийн, 3:0-ээр хожсон. БНСУ-тай хийсэн эхний тоглолтод манай шигшээ багийнхан 25:19-өөр илүүрхэж, үзэгч олныг баясгав.
 
Харин хоёрдугаар үеийн тоглолт тун ширүүн болж, 24 онооноос эхэлж нэг нэгээр тэнцэж явсаар Монголын шигшээ баг 28:30 харьцаагаар БНСУ-ын багт хожигдов. Гуравдугаар үеийн тоглолт ч өгөөтэй, аваатай явсаар 21:25 харьцаагаар ялагдлаа. Дөрөвдүгээр үеийн тоглолт ч өрсөлдөөнтэй болж, Э.Алтангэрэлийн довтолгоо 25 дахь оноог авснаар манай баг 25:22-оор тоглолтын харьцааг тэнцүүлж чадсан. 
 
Харин шийдвэрлэх тавдугаар үед 9:15 харьцаагаар БНСУ-ын багт хожигдлоо. Улаанбаатар хотноо дөрөв дэх удаагаа зохиож буй тус тэмцээнд Монгол, БНСУ, Макао, Япон, Хонконг, Тайвань, БНАСАУ гэсэн долоон баг өрсөлдөж байна.
 
Дашрамд сонирхуулахад, 1998 оноос хойш зохион байгуулж байгаа уг тэмцээнээс Монголын эмэгтэй волейболчид 2000 онд мөнгө, 2008 онд хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүд хоёр жилийн өмнө V байрт шалгарч байв. Зүүн Азийн АШТ-ий шигшээ тоглолтууд 23-нд болно. 
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг