sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатарын талбайд тавдугаар сарын 20-ны 14 цагаас “Дугуйн парад” зохион байгуулна. 
 
Энэхүү “Дугуйн парад”-ын үйл ажиллагаанд “Залуу дугуйчин” клуб, “Оргил” дугуйн клуб, Олон улсын унадаг дугуйн аяллын холбоо зэрэг байгууллага оролцох бөгөөд хүссэн хүн бүрт нээлттэй. Хэрэв та дугуйгүй бол Сүхбаатарын талбайд дугуй түрээсийн үйлчилгээнүүд байх юм. 
 
МЗХ-оос санаачлан “Спирт үү, Спорт уу?” аяны хүрээнд 2013 оноос эхлэн “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Таван жилийн хугацаанд уг төслийг хэрэгжүүлснээр тодорхой үр дүн гарч байна. Тухайлбал унадаг дугуйн замтай болох асуудлыг шийдвэр гаргах түвшний хүмүүст хүргэж, энэ чиглэлийн ажлууд хэрэгжих болсон. Мөн унадаг дугуй унадаг залуусын тоо сүүлийн үед эрс өссөн нь төслийн үр дүн гэж болно. 
 
Энэ жилийн “Дугуйн парад”-ыг Нийслэлийн Захирагчийн ажлын алба, МЗХ хамтран “Автомашингүй өдөр”-өөр буюу тавдугаар 20-ны өдөр  зохион байгуулж байна. Парадын зорилго Улаанбаатарт унадаг дугуйн зам бий болгоход оршиж байгаа юм. Жил бүр унадаг дугуйгаар унадаг дугуйн дүрс, УДУ, ЗАМ, ХҮҮХЭД гэсэн үгнүүдийг бүтээж байсан бол энэ жил унадаг дугуйн замыг “НЭМЬЕ” гэсэн уриа үгийг бүтээх юм.
 
Өнгөрсөн жилүүдэд “Дугуйн парад”-д 1500 гаруй дугуйчин оролцож байв. Нийслэлийн иргэд гэр бүл, найз нөхөд, хосоороо, хамт олонд энэ өдөр унадаг дугуйгаар зугаалах боломж олгодог гэдгээрээ онцлогтой.
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг