sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн зүүн бүсийн эрэгтэй волейболчдын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-25-нд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа дахь спортын ордонд болно.
 
Азийн Зүүн бүсийн волейболын холбоо /АЗБВХ/-ноос уламжлал болгон зохион байгуулдаг уг тэмцээн 1998 оноос зохиож эхэлсэн бөгөөд Монголд дөрөв дэх удаагаа зохион байгуулж байна. Тэмцээн ирэх бямба гарагийн 13 цагаас “B” хэсгийн Хонконг болон БНАСАУ-ын шигшээ багуудын тоглолтоор эхлэх юм. Манай улсын шигшээ баг эхний тоглолтоо 19 цагаас БНСУ-ын шигшээ багийн эсрэг хийнэ.
 
Энэхүү тэмцээнээс Монголын эмэгтэй шигшээ баг 2000 онд мөнгө, 2008 онд хүрэл медаль хүртсэн түүхтэй. Харин эрэгтэй шигшээ баг 2015 оны тэмцээнд IV байранд шалгарсан бөгөөд энэ жил нутагтаа медалийн тавцанд хүрэх зорилготой бэлтгэл сургуулилтаа базааж байна.
 
 
 
 
АЗБДХ-ноос 2012 оноос тус тэмцээний эмэгтэй, эрэгтэй төрлийг тусад нь явуулж байхаар шийдвэрлэсний дагуу тус тэмцээн 2012 онд БНХАУ, 2014 онд Хятадын Хонконг-д /эмэгтэйчүүд/, 2013 онд Тайваньд, 2015 онд Монголд, 2016 онд Хятад улсад тус тус зохион байгуулж байв.
 
Тус тэмцээнийг “ETV HD” телевиз Монгол орон даяар шууд дамжуулан хүргэх юм. Энэ удаагийн тэмцээний А хэсэгт: Монгол, БНХАУ, БНСУ, Макао, В хэсэгт: Япон, Хонконг, Тайвань, БНАСАУ тус тус тоглоно.
 
Тэмцээний хуваарийг танилцуулж байна.
 
V.20 /Бямба гараг/ Хонконг vs БНАСАУ /B хэсэг/, Япон vs Тайвань /B хэсэг/, Макао vs БНХАУ /A хэсэг/, Монгол vs БНСУ /А хэсэг/
 
V.21 (Ням гариг) Япон vs Хонконг, Тайвань vs БНАСАУ, 16 цагт Нээлтийн үйл ажиллагаа болно. Монгол vs Макао, БНСУ vs БНХАУ
 
Д.Өлзий
Эх сурвалж: Монцамэ агентлаг