sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн холын зайн гүйлтийн уламжлалт 6 ба 10 өдрийн “Self-transcendence” USA open тэмцээн энэ сарын 17-28-нд Нью-Йорк хотноо боллоо.
 
Тус тэмцээнд дэлхийн 24 орны 70 гүйгч оролцсоноос Монгол Улсаас гурав дахь удаа 10 өдрийн төрөлд гурав, зургаан өдрийн төрөлд хоёр тамирчин гүйсэн юм. Тусгайлан бэлдэж хэмжсэн 1.6 км-ын зам дээр 10 өдрийн турш тамирчид байгаль цаг уурын 0-15 хэм хэлбэлзэлтэй хэдэн өдөр дараалсан бороотой нөхцөлд өдөр шөнөгүй гүйж, тэсвэр хатуужлаа сорив.
 
Тэмцээн зохион байгуулагчдын зүгээс тамирчдын тойргийг тоолох шүүгчдийн баг, гүйгчид богино хугацаанд унтаж амрах, хэрэгцээт хүнс тэжээлээ нөхөн сэлбэх, эмнэлгийн түргэн тусламж, биеийн байдлаа тогтмол хянуулах бариа засал-эмчийн баг, 24 цагийн туршид хоол, хүнсээр тасралтгүй хангах баг, амраах, үйлчилгээний баг гээд гүйлтийг саадгүй явуулах бүхий л нөхцлийг хангажээ.
 
Тус тэмцээний 10 өдрийн төрөлд Монголын гүйгч Б.Буджаргал /эрэгтэй/ 739 мил буюу 1189.3 км,  Украйны Наталъя Хлюшчук /эмэгтэй/ 578 мил буюу 930.8 км-р тус тус эхний байрт орлоо. Зургаан өдрийн төрөлд Финландын Ашприханал Алто /эрэгтэй/ 441 мил буюу 709.7 км, Шинэ Зеландын Сузан Маршал /эмэгтэй/ 408 мил буюу 656 км-ээр тус тус тэргүүн байрыг эзлэв.
 
Манай тамирчдаас Д. Баярсайхан /эмэгтэй 10 өдөр/ 685.6 км-ээр 8 дугаар байрт, Аванаяаха Цэндээ /эмэгтэй 10 өдөр/ 436.1 км, Ж.Одгийв /эрэгтэй 6 өдөр/ 455.4 км, Л. Сумъяа /эмэгтэй 6 өдөр/ 246.2 км тус тус гүйж бариандаа орлоо. Тэмцээний хамгийн ахмад буюу 73 настай ОХУ- ын эмэгтэй гүйгч Пратишрути 6 өдрийн турш 370.1 км гүйсэн байна.
 
Тэмцээнд хамгийн хол гүйсэн манай тамирчин Б.Буджаргалын туулсан 1189.3 км зай Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн Өлгий хот хүртэлх замын урттай тэнцэх юм. Энэ зайг тэрээр 10 өдрийн турш буюу 240 цагийн дотор туулж барианд орсноор өөрийн өмнөх амжилтыг энэ жил 218.9 км-ээр ахиулжээ. Тэргүүн байрын шагналын цомыг түүнд Монголоос НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн орлогч, Элчин сайд хатагтай А.Гуамарал гардуулсан байна.
 
Тус тэмцээнийг нэрт тамирчин Шри Чинмой 1995 онд анх санаачилсан бөгөөд өдгөө 10 өдрийн гүйлт нь 22 дахь жилдээ, 6 өдрийн гүйлтийг 20 дахь жилдээ зохион байгуулжээ.
 
Ж.Болор
Эх сурвалж : Монцамэ агентлаг