sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол улсын аварга шалгаруулах кикбоксын 18 дахь удаагийн тэмцээн дөрөвдүгээр сарын 21-23 нд Улаанбаатар хотноо амжилттай болж шилдгүүдээ тодруулав.
 
Ширүүн өрсөлдөөний эцэст Дархан-Уул аймгийн С.Амгаланжаргал дасгалжуулагчтай "Энэрэл" цогцолборын А-1 клубын тамирчид шилдгээр тодорч анх удаа улсын аваргын тэмцээнд багаараа тэргүүлж оны шилдэг багийн цомын эзэд болов. Нийт 23 байгууллага, клубын 140 тамирчид 18 жинд хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.
 
 
 
Энэ жилийн тэмцээнд залуу тамирчдын ур чадвар эрс дээшилсэн бөгөөд ялангуяа эмэгтэй кикбоксдын тоо эрс нэмэгджээ. Мөн хөдөө орон нутагт энэ спорт хүрээгээ тэлж тогтворжиж байгааг шууд харагдаж байв.
Тус тэмцээнээс шалгарсан тамирчдаар шигшээ баг бүрдүүлж Азийн олимпийн зөвлөлөөс ирэх есдүгээр сард Туркменистан улсад болох Азийн танхимийн болон тулааны спортын V наадамд медалийн төлөө өрсөлдөхөөр холбооноос төлөвлөжээ.
Багийн дүнгээр тэргүүн байрт “А-1” клуб, хоёрдугаар байрт Г.Ганзориг дасгалжуулагчтай “Ихэр бээлий” клуб, гуравдугаар байрт М.Эрдэнэтуяа дасгалжуулагчтай Хөвсгөл аймгийн кикбоксын холбоо тус тус шалгарсан юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж : Монцамэ агентлаг