sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо, хөлбөмбөгийн дасгалжуулагчдын хамгийн өндөр зэрэглэл болох “UEFA PRO” ангилалтай Ханс Майкл Вайссыг гадаадын мэргэжилтнүүдээс ур чадвар, Ази тивд ажилласан туршлагыг нь харгалзан сонгожээ.
 
Өчигдөр манай улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллах Герман улсын иргэн, хөлбөмбөгийн шилдэг мэргэжилтэн Ханс Майкл Вайсс МХБХ-той нэг жилийн гэрээ байгуулав. Майкл Вайсс 2010 онд дэлхийн чансааны 190-д бичигдэж байсан Филиппин улсын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж 2013 он гэхэд чансааны 127-д хүргэсэн амжилт үзүүлжээ. Тэрбээр Хятадын олимпийн шигшээ багийн туслах дасгалжуулагч, Бурунди улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Японы “J league”, Румын улсын 1 дүгээр лигийн багийн ахлах дасгалжуулагчаар тус тус ажилласан туршлагатай дасгалжуулагч юм.
 
Майкл Вайс манай бүх насны ангилал дахь шигшээ багуудын өмнө тулгамдсан асуудалд гарц олох зорилгоор дасгалжуулагчдын боловсролд онцгой анхаарч ажиллах бөгөөд шигшээ багийн дасгалжуулагчдын албыг удирдах юм.
 
Герман дасгалжуулагч Майкл Вайсс ирэх долдугаар сард Тайланд улсад болох Азийн 23 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатанд Монголын шигшээ багийг удирдан дасгалжуулна. Манай шигшээ уг тэмцээнд Тайланд, Индонез, Малайз улсын багуудтай долдугаар сарын 19, 21, 23-нд тус тус тоглох юм.
 
Д.Өлзий
 
Эх сурвалж : "Монцамэ" агентлаг