sonin.mn
Нэг.Оршил
 
Айлчлан ирсэн Тахиа жилийн шинийн дөрвөн буюу “…зорьсон үйл түргэн бүтэх” нигууртай 2017 оны гуравдугаар сарын хоёрны өдөр Монгол орны хойморт орших Их Саяаны нуруу, Бүрэнхан уулын ноён оргил Мөнхсарьдагыг зорин Улаанбаатараас хөдлөв. Аялал, авиралт III.02-III.07-нд үргэлжиллээ.Манай улсын уулчид энэхүү оргилд анхлан 1998 оны арваннэгдүгээр сарын сүүлч арванхоёрдугаар сарын эхээр амжилттай авирч гарсан түүхтэй билээ.
Багийн бүрэлдэхүүнд:
 
Ахлагч МУГТ,ОУХМ,Монгол улсын анхны “Seven summitter” хатагтай Б.Гангаамаа,
Ц.Бямбацоож “Геотрас”ХХК-ийн Ерөнхий захирал,сагсан бөмбөг,хүндийг өргөлт,авто спортын тамирчин,Монголын дөрвөн дугуйт мотоциклчдын холбоо/МДДМХ/-ны тэргүүн,
 
З.Бодьхүү Бодибилдингийн тамирчин,Уулын спортын II зэрэгтэй ,
Б.Одмандах “Хайрхан аялагч” клуб, Уулын спортын I зэрэгтэй тамирчин,
Х.Батсайхан Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор”уулын клуб, Уулын спортын I зэрэгтэй тамирчин,
А.Батсүх Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” уулын клуб, Монголын Уулчдын Үндэсний Холбоо/МУҮХ/-ны Удирдах зөвлөлийн гишүүн,
П.Ням-Очир Хөвсгөл аймаг дахь “Алтан говь” аялал,жуулчлалын компанийн жолооч,
Н.Ганболд УБ, жолооч нар оров.
 
Хоёр.Монгол орны болон дэлхийн газрын зургаас төрсөн бодол
 
Монголын газрын зураг
 
Өдгөөгөөс 19 жилийн өмнөх авиралтын санаачлагч нь уулчин Б.Гангаамаа байв. Эрдэнэт хотод уулчин н.Ганболд хэмээх эрхэм ажиллаж амьдардаг.Түүнд Монгол орны болон бусад олон төрлийн газрын зургийн баялаг цуглуулаг байж.Нэгэн удаа түүнтэй ярилцаж байх үест Бүрэнхан уулын тухай зурагт заан түүх, газар зүйн онцлог зэргийн талаар санал солилцоод ноён оргил нь болох Мөнхсарьдагт авирах санаа анх төржээ.Сэтгэл санааг нь ихэд татсан тул зориг шулуудаж авиралтын бэлтгэлээ базааж эхэллээ.Эрдэнэт хотын захиргааны тухайн үеийн удирдлагуудад зорилгоо танилцуулж хөөцөлдсөнөөр 150 /нэг зуун тавин /мянган төгрөгийн санхүүжилт босголоо. Хожим энэ мөнгө яаж ч хэмнээд авиралтын зардалд хүрэлцээгүй хэдий ч сайн сайхан үйлсийн эхлэлийг тавьж чадсан юм. Дараа нь багийн бүрэлдэхүүн мэдээж чухал байв. Уулчдын анхны багт хатагтай Б.Гангаамаатай хамт Г.Өсөхбаяр,М.Баярням нар хамтрахаар тохиролцсон байна. Хүндхэн хэрнээ хөгжилтэй гэмээр дурсамжаар дүүрэн энэхүү аялал,авиралт эхлэх болоход Г.Өсөхбаяр өөрийн төрсөн дүү Г.Жангарыг нэмж оролцуулсан аж. Г.Жангар маань тухайн үед жаахан хүүхдээрээ шахуу байсан тул насандаа ихэд ахадсан ажил үүрэг гүйцэтгэж оролцсон гэдэг.
 
Бэлтгэл ажил гэж чухам юу вэ? гэдгийг манай уулчид сайн мэдэх хэдий ч тухайн үед жишээ нь: Эрдэнэт хотоос Улаанбаатар хотод суугаа багийн нөхөдтэйгөө зөвхөн утсаар холбогдохын тулд холбооны газарт очин захиалга өгч, ярилцах цагаа урьдчилж авдаг байсан үе. Монголчууд үүнийг “цахилгаан бичих” гэж ярьдаг байсан даа. Хөвсгөл аймагт хүрэлцэн ирсний дараа бол харилцаа холбоо барих нь улам сонирхолтой болно. Хөвсгөл аймгийн Засаг дарга руу Ханх сумаас утасны дамар эргүүлж байгаад үгээ олон дахин давтаж чангахан ярих хэрэг гардаг байж.”Кинонд Х.Чойбалсан жанжины ширээн дээр байдаг эргүүлж ярьдаг утас шиг” гэж Б.Гангаамаа их л хөгжилтэй ярьж байлаа.Одоо цагт бол үүнийг ойлгохоосоо ойлгохгүй хүмүүс олон болсон биз ээ.
 
М.Баярням эрхэм тухайн үед “Монгол телевиз”-д алба ажил эрхэлдэг байсан бөгөөд Б.Гангаамаа Улаанбаатарт зорьж очоод ажлынх нь цайны газарт Г.Өсөхбаярын хамт гурвуулаа авиралтын нарийн ширийнийг хэлэлцэж байжээ. Цахилгаан бичиж, цайны газар уулзах гэдэг энэ буюу. Анхны авиралтын түүх, дурсамжаас үзэхэд авиралтынхаас гадна аялалын зам чамгүй хүнд байсан нь мэдрэгддэг.
 
Эрдэнэт-Мөрөн-Хатгал-Ханх-Баянголын ам гэсэн маршрутаар зорчсон байна. Ингэхдээ Хатгал-Ханхын чиглэлд “Сантын зам”-аар буюу Хөвсгөл нуурын зүүн эргийн шороон замаар туулжээ.Намрын сүүлч өвлийн эхэн сар байсан тул нуур бүрэн хөлдөөгүй, сүрлэг чимээ анир гарган мөс түрж дуугардаг байсан нь багийн гишүүдийн сэтгэлд тод үлдсэн аж.
 
Уулчдыг очсон газар бүрт халуун дотно хүлээн авч чадах чинээгээрээ тусалж дэмжиж байсан нь анзаарагддаг. Хөвсгөл аймаг , Хатгал, Ханх сумын захиргаа, Хилийн цэргийн салбар, нутгийн оршин суугчид гэх мэт тэдний тус дэм их ажээ.
 
Замын унаа тэрэг эвдэрч удаан сааатах,засварлахад нь өөрсдийн биеэр оролцож тос,бензинтэй холилдох, өлсөж цангах,даарах, мөнгөгүйдэх гээд олон бэрхшээлийг даван туулсаар Ханх сумаас 18-20 орчим км-т орших Баянголын ам өгсөөд ойд дүнзэн байшин сууцтай нутгийн цөөн айлд хүрч авиралтаа эхлүүлжээ. Нутгийхны хэлдэгээр “эвлүүлээд явабал” энд машинаар ирнэ. Ханх суманд байрлах Хилийн цэргийн ангийн гурван дугуйтай хоёр мотоциклд хуваагдаж суун дөхжээ.Тус анги салбарын бүрэлдэхүүн жагсан рапорт өгч, үг хэлж , үдэж өгч байж.Бас урт антентай холбооны хэрэгсэл үүргэвчиндээ авч гарчээ. Дээд өвөлжөө хэмээх энэ газраас цааш унаа тэрэг явах боломжгүй. Өвөлжөөний айлууд ихэд сониучирхан ,үдэш орой нэгнийдээ цуглан яриа хөөрөө дэлгэн суух дуртай байсан гэдэг. 
 
Авиралтын замд хоёр кэмп/бааз/ байгуулсан бөгөөд сүүлийн кэмп бидний тооцоолсноор 2950/д.т.д/ метр орчимд байгуулсан байна. Салхи ихтэй газар байсан нь санаанд нь тод үлджээ.
 
Тухайн үед уулчдын ашиглаж байсан хувцас, майхан, бүх багаж хэрэгсэл одоотой харьцуулашгүй байсан нь тодорхой билээ.Маргааш нь эртлэн авиралтаа эхлүүлж улмаар Мөнхсарьдаг оргилд амжилттай гарчээ. Буцаж Дээд өвөлжөөнд ирж тэндээсээ Ханх сумын төв хүртэл шороон замаар /20 гаруй км/ ачаагаа үүрэн явган алхаж ирсэн байна. Авиралтын дараа гээд бодохоор хүнд зам туулж байжээ. Мунхаг миний бодоход Дээд өвөлжөөнөөс оргилд хүрэх замаас хол зайтай санагдсан. Багийн гишүүн Г.Өсөхбаяр тухайн жилдээ буюу 1998 онд “Ганга сан”-гаас эрхлэн олгодог “Шилдэг уулчин” шагналын эзнээр тодорч байжээ.Өөр олон амжилтууд нь нэмж үнэлэгдэн ийнхүү шалгарсан нь мэдээж буй за.
 
Дэлхийн газрын зураг
 
 
Авиралт өндөрлөсний дараа уулчдын баг Ханх суманд бараг долоо хоног унаа хүлээн саатсан байна.Учир нь дээр хэлсэнчлэн “Сантын зам”-ыг туулах унаа хүлээсэн хэрэг.Сумын дарга ажлаар аймаг орсон байсан тул буцаж ирэхийг нь хүлээлээ.Тэдний байрлаж байсан байр/буудал/-ны ширээн дээр дэлхийн жижигхэн бөмбөрцөг/глобус ред./ байх. Уулчин Б.Гангаамаа түүнийг эргүүлж тойруулан харж суух зуураа “Белуха” гэж тэмдэглэсэн уулыг нөхдийн хамт тогтоон харж байлаа… Хожим Белухад 2002 онд нөхдийн хамт, 2016 онд Монголын 19/арван есөн/ уулчинтай баг ахлан хийсэн түүний авиралтууд эндээс эхлэлтэй… Өөр олон олон уул хайрханыг сэтгэлдээ хадгалж суусан биз ээ.
Симуковын ногоон зураг
 
Бүрэнхан ууланд хүндэтгэл үзүүлэхээр зорих багийн бүрэлдэхүүнд орсон тухайгаа дуулгавал Засгийн газрын гишүүн,Барилга,хот байгуулалтын сайд,мэргэжил нэгт анд Ц.Мөнхбаяр маань надад амжилт ерөөн сар шинэ тохиохын өмнөхөн нэгэн газрын зураг бэлэглэсэн юм. 
 
Энэ бол Симуковын ногоон зураг байлаа.Монголч эрдэмтэн,газарзүйч,археологич А.Д.Симуков БНМАУ-ын газрын зургийг 1934 онд зохиосон нь өдийн хүртэл Симуковын ногоон зураг хэмээн нэрлэгдэж ирсэн түүхтэй.Энэхүү зургийн эх нь ГЗБГЗЗГ-ын төрийн архивт хадгалагдаж байна.
Монголын болон дэлхийн газрын зураг дээр Бүрэнхан уул өөрийгөө бат нот илтгэн хоймор нутагт минь заларч байна. Хүндэтгэл үзүүлэх нь юутай аз завшаан.
 
Гурав. Мөнхсарьдаг 2017 авиралт
 
Энэ удаагийн аялал,авиралтын зорилго уншигч эрхэм авхай танд бага боловч ил болсон болов уу хэмээн найдна.
 
Их хайрханд багийн ахлагч маань энэ удаад МУГТ,ОУХМ,Монгол улсын анхны “Seven summitter” –ын хувиар бидэнтэй хамт хүндэтгэл үзүүллээ. 
Хөвсгөл далай ээжийн гоёмсог мөсөн зам/138 км орчим/-аар Хатгалаас Ханх сум хүрлээ. Хөх сувд 2017 Мөсний наадамын нээлтэнд оролцоод цааш замд гарсан. Хүслийн арал,Модон хүйс зэрэг арлуудаар түр саатан Ханхад очсон юм. Авиралтын тухайд тэртээх 19 жилийн өмнөх зам мөрөө сэргээн Ханхаас Баянголын ам / мөсөн замаар/ Дээд өвөлжөө хүрч өндөрийн кэмп байгуулахаар төлөвлөж ачаагаа үүрцгээн 2950/д.т.д/ метрт кэмпээ байгуулж хоноглосон юм.
 
Өмнө нь 1998 онд ирж буудалласан газарт тун ойртож дөхсөн гэсэн. Дашрамд дурьдахад, аялагч,авирагч нар Бүрэнхан ууландаа өндөрийн кэмп байгуулан оргилд бараалхдаг байвал тун зүйтэй санагдсан.Ингэснээр хэрэв Та анхлан эсвэл туршлага багатай авирагч бол алхам тутумдаа шинэ зүйлийг сурч мэдэхээс гадна алив эрсдэлийг мэдэгдэхүйц бууруулж чадна.Бидэнтэй тааралдсан зарим уулчид ч энэ тухайд санал бодол нийлж байсныг дурьдая. Мөн авирч, бууж яваа авирагч нарын байр байдлаас ажиглагдсан юм шүү. 
 
Манай багийн авиралт амжилттай боллоо.Мэдлэг,туршлага , мэргэжлийн ур чадвар хэмээх зүйлс ямар их энгийнээр илэрдэг бас үнэ цэнэтэй болохыг бид алхам тутамдаа бие, сэтгэлээр мэдэрсэндээ. 
 
Энэ завшааныг ашиглан багийн ахлагч,гишүүддээ талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Дөрөв.Авиралтын үеийн хөгжилтэй хоромуудаас
 
*Баянголын амнаас дээш ачаагаа үүрэн өгсөх замд Б.Гангаамаа маань багийн гишүүдийн байр байдалыг нарийн ажиглаж явсан бололтой. 
Тэрбээр Х.Батсайхан/эм/-ы үүргэвчний байрлалыг засах зуур энгэрийн татуургыг холбох гэж таттал холбож хараахан чадсангүй. Цээжин дээр нь гараараа хөнгөхөн дарж уяаг татах зуур:
 
-Энд юу байгаа юм бэ?
 
-М..м.
 
 
**Оргилд гараад олон сайхан зураг авахуулцгаажээ.Ханхад ирж буудалласны дараахан багийн хамгийн ахмад гишүүн оргилын зурагнууд харж сууснаа нэгэн агшинг зааж өгүүлрүүн:
 
-Зураг дээр миний нүүрийг урд зогсох хүн халхалжээ.Гавьяат минь Та зураг авсан бололтой?.
-Тийм ээ. Уучлаарай. Гэхдээ өөр олон сайхан зураг тань гарчээ…
-Өсөх ирээдүйтэй, шинэ залуу тамирчны амжилтыг доош нь дараад л….
***Багийн ахлагч маань Хөвсгөл далай ээжийн үзэсгэлэнт мөсөн толиог харж өөрийн эрхгүй сэтгэл нь хөдөлж баясан бидэнд уран нугаралт хийж үзүүлсэн . Худлаа гэвэл “зураг” нь байгаа!.
 
Төгсгөлд нь
 
Аялал, авиралтанд тусалсан, арын албыг хичээл зүтгэл гарган гүйцэлдүүлсэн багийн гишүүн П.Ням-Очир, Н.Ганболд нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Түүнчлэн тохь тухтай байр сууцандаа биднийг байрлуулж тав тухаар хангасан Ханх дахь Хилийн салбарын офицер, О.Лхагвасүрэн, Эрдэнэт хот дахь “Шим мандал” цайны газрын хамт олонд талархлаа илэрхийлье.
--- о О о ---
 
 
Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор”уулын клуб,
Монголын Уулчдын Үндэсний Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн, А.Батсүх PhD
 
Улаанбаатар
2017.III.08