sonin.mn
ЮЖНОСАХАЛИНСК. /TASS/. Азийн Олимпийн зөвлөлийн Ерөнхийлөгч шейх Аль-Фахад Аль-Сабах “Азийн хүүхдүүд” өвлийн спортын анхны тоглолтыг Сахалинд зохион явуулахаар шийдвэрлэснийг зарлалаа. Энэ тухай Сахалин мужийн Спорт, залуучуудын бодлогын яамны хэвлэл  мэдээллийн алба мэдээллээ.
 
“Өвлийн тоглолтыг баримжаалан тооцоолсноор 2019 оны 2 дугаар сарын 15-наас 28-ны өдрүүдэд явуулахаар төлөвлөж байна” гэж уг мэдээлэлд дурджээ.
“Азийн хүүхдүүд” тоглолтын түүхэн шинэ үе рүү алхан орж байгаа болохоор та бүхэнд асар их хариуцлага ногдож байна. Тэмцээн явуулахад зориулан спортын объектуудыг Сахалинд олноор нь сүндэрлүүлэн босгож байгаа тухай би дуулсан. Би өөрийн биеэр Сахалин мужид очиж та нарын хийж буй зүйлүүдийг үзэж харах болно” гэж шейх амласан байна.
 
Сахалин мужийн Спорт, залуучуудын бодлогын яамны сайд Антон Зайцев "2019 онд олон орны элч төлөөлөгчид, тамирчдыг хүлээн авахад бүх юм бэлэн болсон байх болно" гэж Азийн Олимпийн зөвлөлийн тэргүүнд батлан хэлжээ. “Азийн хүүхдүүд” өвлийн тоглолтод дэлхийн 35 орны тамирчид оролцох юм.
 
Үүнээс өмнө Сахалин мужийнхан өвлийн тоглолтыг явуулахад зориулан Өмнөд Сахалинск хот дахь спортын 10 байгууламжийг санал болгож байгаа тухай мэдээлж байсан билээ. Тухайлбал, "Горный воздух" спорт жуулчлалын цогцолбор, цана, трамплины цогцолбор, мөсөн гулгуурын хоёр ордон зэрэг объектууд байгаа аж.
 
Тэмцээн эхлэх өдрөөс өмнө биатлоны төв, дахин нэг мөсөн гулгуурын ордон, тамирчид байрлах орон сууцны цогцолборыг ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ. 
 
О.Барс
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг