sonin.mn
Казахстаны Алматы хотноо 2017 оны нэгдүгээр сарын 29-нөөс ирэх сарын 8-нд болох дэлхийн оюутны өвлийн спортын Универсиад XXYIII наадамд Монгол Улсаас оролцох багийн бүрэлдэхүүнд багтсан 10 тамирчны нэрс тодорлоо.
 
Тухайлбал, цанын эрэгтэйчүүдийн ангилалд Б.Ачбадрах, У.Батжаргал, Б.Ариунсанаа, эмэгтэйчүүдийн төрөлд Б.Дэлгэрмаа, Ч.Отгонцэцэг, А.Энхтуул нар эх орноо төлөөлөн “Алтау” спортын цогцолборт хурд, хүч, ур чадвараа сорино. Тэд "Скай" ресортод бэлтгэлээ базааж байна. Харин “Медео” цогцолборт болох тэшүүрийн эрэгтэйчүүдийн төрөлд М.Мөнх-Од, Я.Зоригтбаатар, Б.Тулга, эмэгтэйчүүдийн ангилалд А.Зул өрсөлдөхөөр боллоо.
 
 
Тус наадамд Монголын багийн ахлагчаар МОСХ-ны гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа, цанын дасгалжуулагчаар Ж.Халиунаа, тэшүүрийн дасгалжуулагчаар Ж.Долгорсүрэн нар оролцох юм. Монголын баг тамирчид өвлийн "Универсиад" наадамд анх 1991 оны Японы Саппоро хотноо оролцож байсан бол түүнээс хойш 11 дэх удаагийн өвлийн наадамдаа оролцох гэж байна.
 
Дэлхийн оюутны спортын өвлийн “Универсиад” 28 дугаар их наадам нь Олон улсын оюутны спортын холбоо (ОУОСХ), Казахстан улсын Засгийн газрын ивээл дор зохион байгуулах юм. Наадамд таван тивийн 59 орны 3000 гаруй тамирчид, төлөөлөгчид спортын 12 төрөлд оролцон, 10 өдрийн турш 86 багц медалийн төлөө хүч чадал, ур чадвараа сорин өрсөлдөнө. Их дээд сургуулийн өдрийн ангид суралцдаг, 17-28 насны оюутан тамирчид улс эх орноо төлөөлөн Универсиад наадамд оролцоно. Алматы хот нь 1921 оны хоёрдугаар сарын 5-нд энэ нэрээр нэрлэгдэж тэр жилдээ Казахстаны нийслэл хот болж 1997 оныг хүртэл нийслэл хот байсан юм. Алматы хотын нэр нь “алим” жимс гэсэн утгаар орчуулагддаг түүхтэй.
 
 
Алматы нь Казахстан улсын хамгийн их хүн амтай, эртний түүхэн хот бөгөөд эдийн засаг, шинжлэх ухаан, соёлын томоохон төв хот болон хөгжсөөр байна. 2016 онд Алматы хот үүсэн байгуулагдсаны түүхт 1000 жилийн ойг тус улс, хотын иргэд өргөн дэлгэр тэмдэглэсэн билээ.
 
Энэ хотод хэл ёс заншил, соёл, шашин шүтлэг зэргээрээ ялгаатай 100 гаруй үндэстний 1.7 сая хүн амьдардаг Казахстаны хамгийн цэвэр цэмцгэр, ногоон байгууламж ихтэй хотуудын нэг. Алматы хотод 9000 гаруй гадаадын компани үйл ажиллагаа явуулдаг байна. Тус хотод 31 музей, 29 театр, 2000 гаруй ресторан, 60 олон улсын зэрэглэлийн зочид буудалтай.
 
Цаг уурын хувьд дулаан ба жил бүрийн нэгдүгээр сард дунджаар -4 хэмээс -6 хэм хүйтэн байдаг. Тус хотод ЗХУ-ын үеэс алдартай өндөр уулсын дунд 1691 метрт орших мөсөн гулгуурын “Медео” цэнгэлдэх хүрээлэнг 1972 онд ашиглалтанд оруулсан ба тус хотод очсон хүн бүрийн очиж үзэх дуртай газрын нэг . Уг цогцолбор нь 10,0 кв.м хэмжээтэй том байгууламж бөгөөд жил бүрийн 10 сараас дараа жилийн таван сар хүртэл гулгаж болдог онцлогтой, Тяньшан уулсын хамгийн өндөрлөг хэсгийн дунд, байгалийн үзэсгэлэнт газарт оршдог юм. Алматы хотод 38 их, дээд сургуульд 137 мянган оюутан сурч байгаа юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг