sonin.mn
МОСКВА./TASS/. “Кливленд” багийн шилдэг тоглогчдын нэг болох Леброн Жеймс Үндэсний сагсан бөмбөгийн лигийн Бүх оддын тоглолтод оролцох Зүүн конференцийн багийн гарааны тавд багтжээ.
 
Ингэснээр тэрбээр оддын тоглолтод 13 дахь удаагаа дараалан оролцохоос гадна Зүүн конференцийн багийн гарааны тавд 10 дахь удаагаа дараалан багтсан нь энэ юм.  
 
Жеймсээс гадна гарааны тавын бүрэлдэхүүнд Кайри Ирвинг /Кливленд/, Демар Дерозан /Торонто/, Жимми Батлер /Чикаго/, Яннис Адетокунбо /Милуоки/ нар орсон байна.
 
Харин Баруун конференцийн багийн гарааны тавыг Кевин Дюрант /Голден Стэйт/, Жеймс Харден /Хьюстон/, Стефен Карри /Голден Стэйт/, Кауай Леонард /Сан-Антонио/, Энтони Дэвис /Нью-Орлеан/ нар бүрдүүлж байгаа ажээ.
 
Баруун конференцийн багийн гарааны тавд энэ улиралд гялалзсан тоглолт үзүүлж буй Рассел Уэстбрүк /Оклахома/ багтсангүй. Тэрбээр нэг тоглолтод дунджаар 30,6 оноо авч, 10,6 удаа самбараас бөмбөг авч, 10,4 оновчтой дамжуулалт хийсэн билээ.
 
Баруун болон Зүүн конференцийн багуудын гарааны таван тоглогчийг шалгаруулахдаа нийгмийн сүлжээнүүдээр дамжуулан хөгжөөн дэмжигчдээс авсан санал асуулгын дүнд үндэслэжээ.
 
Бүх оддын тоглолт 2 дугаар сарын 19-нд Нью-Орлеанд болно.
 
Б.Адъяахүү
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг