sonin.mn
Монголын жүдо бөхийн холбооны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхлэв. Тэмцээнд хот, хөдөөгийн 40 гаруй спорт хороо, байгууллагын 300-гаад тамирчин оролцож байна.
 
Энэ удаагийн тэмцээний нэг онцлог нь Олон улсын жүдо бөхийн холбооноос батлан гаргасан шинэ дүрмээр болж байгаа явдал. Нөгөө гэвэл олон тамирчин жингээ сольж өрсөлдөж байгааг бас нэг онцлог гэж болохоор байна. Бас улсын аваргын тэмцээнийг шүүхээр гадаадаас олимпийн зэрэглэлтэй хоёр шүүгч иржээ.
 
Тэмцээний эхний өдөр жин бүрт өрсөлдөөн ширүүхэн болсны дотор эрэгтэйчүүдийн 60, 66 кг-д гал гарсан барилдаан олон гарч медальт байрт зогсож байна гэж төсөөлж байсан зарим бөхчүүд хасагдах шатанд ялагдал хүлээсэн юм. Тухайлбал, 60 кг-д зодоглосон дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Амартүвшин “Сүлд” спорт хорооны тамирчин Ж.Амарболдод ялагдаж байгаа харагдав.  66 кг-д түрүүлэх бөхийн нэг гэгдэж байсан ОУХМ Д.Төмөрхүлэг эрт үзэгчдийн суудалд шилжсэн байна. Улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль авсан тамирчид шигшээ багт багтах эрх авах юм билээ. Олимпийн аварга Н.Түвшинбаяр, олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Сумъяа, дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг нарын шилдгүүд оролцож байгаа тэмцээнийг үзүүштэй болгож байна.
 
Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр болох нээлтийн үеэр Монголын жүдогийн нэрт тамирчин олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир их спортоо орхиж буйгаа зарлан зодог тайлах ёслолоо хийх юм. Одоо 30 настай тэрбээр 2012 оны Лондоны олимпоос хүрэл, 2015 оны Астанад болсон дэлхийн аваргаас мөн хүрэл медаль хүртсэн юм. Мөн 2009 оны оюутны Универсиад наадмын хүрэл, Азийн аваргын мөнгө, хүрэл медальтай. Бас Олон улсын жүдо бөхийн холбооны хуваарьт багтдаг гранпри, их дуулга ангиллын тэмцээнүүдээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан шилдэг тамирчин юм.
 
Тэмцээний эхний хоёр өдөр бүх жингийн аваргуудыг тодруулах бол гурав дахь өдөр нь багийн аварга шалгаруулах барилдаан болно. Өчигдөр сонин шилжих мөчид шигшээ барилдаан дөнгөж эхэлж байлаа.
 
Д.Надмид
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин