sonin.mn
МОСКВА. /TASS/. 2011 онд санхүүгийн “шударга тоглолт”-ын /fair-play/  системийг нэвтрүүлснээр Европын хөлбөмбөгийн клубүүдийн алдагдал 81 хувиар буурлаа гэж УЕФА-гийн санхүүгийн тайланд дурдсан байна.
 
Санхүүгийн "фэйр-плей"-г нэвтрүүлснээс хойш УЕФА-гийн тэмцээнүүдэд оролцох клубүүд нь бусад клубүүд, тоглогчид, нийгмийн даатгалын хугацаа хэтэрсэн өргүй гэдгээ батлах ёстой болсон юм. 
 
Харин 2013 оноос хойш бүх клуб алдагдалгүй гэдгээ нотлох шаардлагатай болжээ. Үүнийг хянах зорилгоор байгуулсан санхүүгийн хяналтын газар нь сүүлийн гурван улирлын цомын тэмцээнүүдэд оролцсон бүх клубын санхүүгийн үзүүлэлтийг жил бүр шалгаж байгаа юм. “Ерөнхийдөө Европын клубүүдийн үйл ажиллагаа санхүүгийн хувьд тогтворжлоо. “Фэйр-плей”-г нэвтрүүлсний дүнд 2011 онд 1,7 тэрбум еврод хүрээд байсан алдагдлын хэмжээ 2015 онд 300 сая евро болсон нь 81 хувиар буурсан үзүүлэлт юм. Нэг жилийн хугацаанд 45 сая еврогоос дээш хэмжээний алдагдалтай клубүүдийн тоо 11 байсан бол одоо 4 болж цөөрлөө” гэж УЕФА-гийн тайланд дурджээ.
 
Түүний сацуу, клубүүдийн орлого сүүлийн 20 жил дараалан өсч, Европын орнуудын дээд лигийн багуудын орлогын нийт хэмжээ 17 тэрбум еврод хүрсэн байна.  
Хэрвээ санхүүгийн “фэйр-плей”-г зөрчвөл тухайн клубыг Европын цомын тэмцээнүүдэд оролцуулахгүй юм. Жишээ нь, Москвагийн “Динамо” баг 2015-2016 оны улиралд Европын Лигт тоглож чадаагүй билээ.
 
Б.Адъяахүү
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг