sonin.mn
Монголын Үндэсний Сагсан бөмбөгийн Холбоо /МҮСБХ/-ноос гаргасан “Спортын төв ордон заал өгөхгүй байгаа учраас лигийн тэмцээн явуулах боломжгүй” гэсэн мэдээллийн мөрөөр Биеийн тамир Спортын газраас  үгүйсгэсэн тайлбар хийв.
 
Мөн үеэр МҮСБХ-ны менежер С.Тулга хэвлэлийнхэнд мөн мэдээлэл  өгсөн юм.
 
Спортын төв ордон/СТО/-ы менежер Г.Нямдорж“МҮСБХ-г шахаж, гадуурхсан зүйлгүй. Есдүгээр сард “Монголын сагсан бөмбөгийн холбооны “Чингис хаан” тэмцээн хуваарийн дагуу есдүгээр сарын 7-16-ны өдрүүдэд болсон. Дараа нь есдүгээр сарын 16-21-ны өдрүүдэд МҮСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга  Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл хийх хүсэлт ирүүлсэний дагуу заал өгсөн.  Нийслэл ганцхан Спортын төв ордонтой учраас олон байгууллагууд манайд ханддаг. Одоогийн байдлаар 20 гаруй байгууллагаас хүсэлт ирсэн байгаа учир гэрээ хийж чадахгүй байна” гэлээ.
 
Харин МҮСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга ийнхүү ярилаа.
 
 
 “Манай холбоо жил бүрийн 11 дүгээр сард Сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Өнгөрөгч оны 12 дугаар сард бид энэхүү тэмцээнийг зохион байгуулах хүсэлтээ БТСГ-ын бичиг хэрэгт хүрүүлсэн. Гэвч одоо хүртэл хариу өгөхгүй, гэрээ хийхгүй байна. Одоо Спортын төв ордонд зөвхөн 21 аймгийн лигийн тэмцээн л явагдаж байна. Асуудлаа шийдүүлэх гэж бид олон удаа хандсан ч тус газрын дарга Ц.Шаравжамц, Г.Нямдорж нар хүлээн авч уулзахгүй байсаар өдий хүрлээ.
 
Бид сүүлийн дөрвөн жилийн туршид 200 гаруй сая төгрөгийг Спортын Төв Ордонд төлсөн. Улсад жилд 40 сая төгрөгийн татвар төлдөг. Энэ газрын өмнөх дарга нартай он дуустал гэрээ хийсэн  ч лигийн тэмцээн зохион байгуулах заал өгөхгүй байгааг гайхаж байна. Спортын төв ордны заалыг сагсчид  даваа, лхагва, баасан гарагийн орой 18.00-22.00 цагийн хооронд ашигладаг. Ойлголцоод шийдэл хүрэх гэсэн болов ч одоо хүртэл дарга нар нь олдохгүй байна” хэмээв.
 
М.Аминаа
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг