sonin.mn
Монголын чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж аваргууд нь тодорлоо. Энэ удаагийн тэмцээн эрэгтэйчүүдийн 39, эмэгтэйчүүдийн 15 дахь удаагийнх байсан бөгөөд 300-гаад тамирчин өрсөлдсөн юм. Уг тэмцээний финалд шалгарсан тамирчид улсын шигшээд багтах болзолтой байсан.
 
Тийм болохоор тэмцээний өрсөлдөөн ширүүхэн байсан гэж болохоор байлаа. Харин зарим жинд гол өрсөлдөгч тодорхой шалтгааны улмаас энэ удаа тэмцээнд оролцсонгүй. Тэднийг үгүйлэм байв. Тухайлбал эрэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Э.Бэхбаяр, 97 кг-д сүүлийн жилүүдэд аварга болж байсан Д.Хүдэрбулга, 125 кг-д дархлагдсан мэт байсан Ж.Чулуунбат, эмэгтэйчүүдийн 69 кг-д бас олон удаа аваргын тавцанд зогссон О.Насанбурмаа, 78 кг-д гавьяат О.Бурмаа нар эзгүй нь зарим өрсөлдөгчид нь завшаан болох шиг санагдав. Бас хэн нэг тамирчин жин өгссөнөөр өөр нэгэнд боломж олдсон юм. Энэ жишээ эрэгтэйчүүдээс гавьяат тамирчин Г.Мандахнаран жин өгсөж 70 кг-д барилдсан болохоор Н.Лхамгармаа 65 кг-д торолгүй түрүүлэв. Тэр үнэхээр сайхан барилдаж ОУХМ Б.Батмагнай, аваргын төлөө өрсөлдөх бөх гэж яригдаж байсан Б.Номин нарыг ардаа орхиж түрүүлсэн юм.
 
Шилдгүүд хэзээ ч шилдэг байдаг гэсэн үг туйлын биш гэдгийг харуулсан  барилдаан нэг биш гарав. Тухайлбал, эмэгтэйчүүдийн 63 кг-д босоо гэгдэж байсан дэлхийн хошой аварга С.Батцэцэг финалын барилдаанд П.Орхонд юм болсонгүй бүр 10:2-оор ялагдав. Цаг цагаараа байдаггүй гэдэг шиг л юм болов. Гэхдээ П.Орхон сайн бөх. Японы алдарт бөх, олимпийн дөрвөн удаагийн аварга Каори Ичог дэлхийн чанартай тэмцээнд илүүрхэн ялж шуугиан тарьж байсныг спорт сонирхогчид андахгүй байх. Зарим жингийн гол өрсөлдөгчид эзгүйд алтан медаль зүүсэн бөх бас цөөнгүй байлаа. Эрэгтэйчүүдийн 57 кг-д Э.Бэхбаярын эзгүйд С.Батболд  нэг их хүчтэй өрсөлдөгчгүйгээр, 125 кг-ын жинд Ж.Чулуунбат оролцоогүйн учир Н.Золбоо, 97 кг-д Д.Хүдэрбулгын оронд А.Батзул түрүүлсэн бол эмэгтэйчүүдийн 69 кг-д О.Насанбурмааг эзгүйчилж Ш.Түмэнцэцэг, 75 кг-д О.Бурмаагийн оронд Б.Одончимэг нар аваргын тавцанд зогсов. Энэ тэмцээний аваргуудаас Б.Одончимэг 11, Д.Гомбодорж долоо дахиа гээд хамгийн олон удаа улсын аварга болсон нь содон юм. Бас нэг энд тэмдэглэхгүй орхиж боломгүй нэг барилдаан гавьяат тамирчин Г.Мандахнарангийнх. Хэдийгээр жин өгсөж барилдсан ч түүний барилдаан яг л хэвээр. Хурдтай бол хурдтай ёстой л босоо бөх гэдгээ харуулсаан.
 
 
Улсын аваргын тэмцээний өмнөхөн нэг хэсэгтээ хуралдаж чадахгүй байсан Чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөл хуралдаж удирдлагаа сонгосон явдал спортынхны анхааралд байлаа. Тус холбооны баталсан шинэ дүрмээр ерөнхийлөгч гэсэн зэрэглэлийг үгүй болгож холбоог удирдах зөвлөлийн даргад шилжүүлсэн байна. Тэгвэл удирдах зөвлөлийн даргаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг сонгожээ. Тэрбээр улсын аваргын тэмцээнийг нээж үг хэлэхдээ “Холбооны үйл ажиллагаагаа шинэчилж эв нэгдлийг эрхэмлэж ажиллана” гэж байлаа. Түүний хэлсэн үг хэрхэн биеллээ олохыг цаг хугацаа харуулах биз ээ. Одоогоор бол тус холбооныхны хагарал хэвээр байгаа нь тэмцээний явцад Ц.Цогтбаяр зэрэг зарим дасгалжуулагчдын хэлсэн үг, үйлдлээр харагдаж л байналээ.
 
Ямартай ч чөлөөтийн аваргууд тодорчихлоо. Улсын шигшээд ямар бөхчүүд орохыг хэлэхэд амархан боллоо. Харин цаг тулсан хэд хэдэн тэмцээн тамирчдыг хүлээж байна. Хамгийн эхнийх нь Иранд болох “Тахтийн цом”-ынх, удаахь нь Красноярскт болох Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээнүүдтэй зэрэгцээд Парисын гранпри, сарын сүүлчээр АНУ-ын алдарт бөх Дейв Шульцийн нэрэмжит тэмцээн болно. Дээрх дөрвөн тэмцээний сүүлчийн гуравт манай тамирчид оролцох ажээ. Урьдчилсан байдлаар эрэгтэй 25, эмэгтэй 15 тамирчин тэдгээр тэмцээнд явах тухай мэдээ байна.
 
 
ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД:
Эрэгтэй
57кг С.Батболд /“Сүлд”/
61кг Э.Ням-Очир /“Хилчин”/
65кг Н.Лхамгармаа /“Алдар”/
70кг Г.Мандахнаран /“Алдар”/
74кг Д.Гомбодорж /“Сүлд”/
86кг О.Үйтүмэн /“Алдар”/
97кг Ө.Батзул /“Хүч”/
125кг Н.Золбоо /“Хүч”/
 
Эмэгтэй
48кг Э.Нарангэрэл /“Хангарьд”/
53кг Д.Отгонцэцэг /“Мега-Стар”/
55кг Э.Даваачимэг /“Хилчин”/
58кг С.Цэрэнчимэд /“Алдар”/
60кг Б.Шоовдор /“Хилчин”/
63кг П.Орхон /“Алдар”/
69кг Ш.Түмэнцэцэг /“Хилчин”/
75кг Б.Одончимэг /“Алдар”/
 
 
Д.Надмид
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин